Гучаад насны бүсгүйчүүд ер нь амьдралд хөлөө олчихсон байдаг. Тэд ажил албандаа байр сууриа эзэлчихсэн, гадаад төрх бие хаандаа анхаарал тавьж тордож чаддаг болсон тул сайхан харагдаж, бие даагаад өөрийн хүссэнээ биелүүлэх, хэрэглэх чадвартай биеэ даасан хувь хүн болж хувирсан байдаг. Эмэгтэйчүүд ямар насандаа хамгийн үзэсгэлэн төгөлдөр болдог юм бол гэдгийг тогтоохоор Их Британийн QVC сэтгүүлээс хоёр мянга гаруй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд асуулга явуулжээ.
Асуулгад оролцогсодын нэрлэсэн дундаж нас нь хамгийн залуу бүсгүйчүүд байсангүй. Эмэгтэй хүний хамгийн сэтгэл татам үзэсгэлэн төгөлдөр үе нь 31 насандаа гэж эл асуулгаар тодорсон байна. Нас тогтсоноор гоо үзэмж дээшилдэг гэж асуулгад оролцогсодын гуравны хоёр нь хариулсан байв. Өсвөр насны зан ааш, элдэв асуудлаас чөлөөлөгдөж, өөртөө итгэлтэй болдог гэж асуулгад оролцогсдын талаас илүү хувь нь үзсэн байна. Өөрт нь ямар макияж илүү зохимжтой болохыг нас ахих тусмаа бүр илүү сайн ойлгодог болдог гэж Их Британийн эмэгтэйчүүдийн 55% нь үзсэн байв.
Харин өөртөө итгэлтэй, чинээлэг, сайхан эдгээр бүсгүйчүүдийн нилээдэд нь нэг ижил зовлон байдаг нь тэд хувийн амьдралаа бүрэн зохиож чадаагүй байдаг явдал юм. Уг нь залуухан, сайхан, амжилттай яваа, ухаалаг бүсгүйчүүдийн араас гүйх шүтэн бишрэгчид олон л баймаар. Гэтэл өөрт нь таарч тэнцэх эрийг орчин тойрноосоо олж чадахгүй байдгаас тэд ганцаардмал байх нь олонтаа. Өрсөлдөх чадвар нь тун өндөр байдаг тул чухам 30 хүрэх насандаа л эмэгтэйчүүд хувийн амьдралаа зохиогоод авах хэрэгтэй гэж зарим мэргэжилтнүүд үздэг байна.
Ажил төрөл нь урагштай яваа бүсгүйчүүдэд байдаг нийтлэг нэг зүйл бол өөрсдөөс нь үгүй ядаж л дутуугүй амжилттай яваа эрчүүдийг хайж, өөрөөр хэлбэл цалин орлого, нийгэмд эзлэх байр суурь гээд аль ч талаараа дөнгүүр хүнийг хүлээж байдаг. Харин тэдний үе насны эрчүүд арай залуу бүсгүйчүүд уруу гүйгээд, жаахан ахимагууд нь аль хэдийн эзнээ олчихсон байдаг нь гачлантай. Бас нэгэн хүндрэлтэй зүйл байдаг нь ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд цаг бол алт байдаг болохоор тэр бүрий цаг гаргаад хайртай хүнтэйгээ хамт байгаад байж завддаггүй. Мэдээж энэ нь тэр бүр эрчүүдэд таашаагдахгүй. Тэдний тавих хэт өндөр шаардлагад тэнцэх “идеал” эр тэр бүр олдоод байхгүйгээс гадна за нэг тийм эр тааралдлаа гэхэд түүнийг “өөрийн болгож авах” гэж идэвхитэй үйлдэл хийдэггүй. Халуухан хайр дурлалын түүх ч тэдэнд бий, зарим нэг нь бас салж нийлээд амжсан нь ч байгаа, хувь хүн болгонд л өөрийн асуудал байгаа. Харин амьжиргаандаа нэг их санаа зовохооргүй болоод авсан, нүүрэнд нь үрчлээ суух маягтай болоод ирсэн, хань ижилтэй болох талаар бодож эхэлсэн талаараа л тэд адил.
Биологийн цагийг зогсоож болдоггүй, иймээс оройтоогүй дээрээ ханиа олж хүүхдийн зулай үнэрлэх цаг нь болсон гэдгээ ойлгохын зэрэгцээ “ачаа хармаар байна шүү” гэх ээж аавын сануулга, “алийн болгон ганцаараа явах гэсэн юм” гэсэн найз нарын ятгалга нэмэгддэг. “Архи тамхи хэрэглэдэггүй” , “хүүхдэд хайртай”, “төлөв төвшин зан ааштай”, “халамжтай”, “ухаалаг, соёлтой”, “боловсролтой”, “ажил төрөлтэй” зэрэг шаардлагууд танилцах заруудад бичигддэг бол харин эдгээр бүсгүйчүүд “нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн”, “мэдрэмжтэй хувцасладаг”, “боловсрол өндөртэй”, “ашиг орлого сайтай” гэхээс өгсүүлээд “сексдээ сайн” хүртэл уртын урт жагсаалт гаргана. Ийм мундаг эрээ олж авах гэж нэг их хүчин чармайлт гаргахгүй, магадгүй эрсдэлтэй алхам хийж хожим амаа барихаас болгоомжилцгоодог биз.
Юу ч хийхгүй байхад зүгээр юм бий болчихно гэж байхгүй, дурлаж, уулзаж учирч ер нь бөгс өндийхгүйгээр бүтэхгүй гэдгийг уг нь тун сайн мэддэг улс. Мөнгө төгрөгтэй, царай зүс сайтайдаа эрдээд эрчүүдийг бээлий шигээ солих сонирхолтой бүсгүйчүүд хааяа тохиолдоно. Цаг хугацаа бүсгүйчүүдийн эсрэг ажилладаг гэж онолдох нэгэн ч байдаг. Өөрөөр хэлбэл эрчүүд нас ахилаа ч сонголт нь ихсээд байдаг бол хүүхнүүдэд энэ нь эсрэгээрээ байх нь их. “Алдрай бага насандаа ажраа нь үгүй явлаа” гэж ардын дуунд гардагчлан гэр бүл, үр хүүхдийн талаар залуу бүсгүйчүүд нэг их бодолгүй явах нь бий. Гэвч эрт орой нэг л өдөр “одоо яах вэ?” гэсэн асуултын өмнө зогсож байх нь хорвоогийн жам.