62794a korean girls in national dress 079192  x800

Ихэнх хөгжингүй орнууд хүн ам зүйн асуудалтай тулгараад байгаа.

Энэ нь зөвхөн хүн амын хөгшрөлттэй холбоотой бус. Мөн төрөлт буурах, эмэгтэйчүүд гэрлэх хүсэлгүй болж байгаатай холбоотой гэнэ.

Ийм асуудал Өмнөд Солонгост тулгараад байна.

2013 онд Өмнөд Солонгосын төрөлтийн хэмжээ хамгийн доод хэмжээндээ хүрч 1,000 хүн тутамд 8.6 төрөлт ноогдож байсан нь дэлхийд хоёрт орох тааруу үзүүлэлт байлаа.

Засгийн газрын явуулсан судалгаагаар 9-24 насны эмэгтэйчүүдийн 45.6 хувь нь “гэрлэлт бол амьдралдаа хийх ёстой зүйл” гэж үзсэн байна. Тэгэхэд эрчүүдийн хувьд энэ үзэл 62.9 хувьтай байжээ.

Үүнээс гадна дундаж Өмнөд Солонгос эмэгтэй амьдралынхаа туршид 1.187 хүүхэд төрүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь дэлхийд тавдугаарт орох муу үзүүлэлт юм.

2014 оны засгийн газрын судалгаагаар хэрвээ нэг эхэд 1.19 хүүхэд ноогдох замаар амьдрал үргэлжилбэл Өмнөд Солонгос үндэстэн 2750 онд устаж үгүй болно гэжээ.

Үүнд Хойд Солонгостой нэгдэх, эсвэл их хэмжээний цагаачид тус улсад орж ирэх хувилбарыг тооцоогүй юм.

Энэ тооцоогоор өнөөдрийн Өмнөд Солонгосын 50.2 сая хүн ам энэ зууны сүүл гэхэд 20 сая болж буурна. Хоёр дахь том хот Бусан нь 2413 онд алга болж нийслэл Сөүл хот 2505 онд хүнгүй болох гэнэ.

Гэхдээ энэ бол хүн амын өсөлтөд эерэг болон сөрөгөөр нөлөөлөх олон гадаад хүчин зүйлийг тооцоогүй судалгаа юм.

Хүн амын өсөлтөнд нөлөөлж болох хамгийн том хүчин зүйл бол “холимог үндэсний гэр бүл” буюу хосуудын нэг нь Солонгос (голдуу эцэг нь), нөгөө нь өөр үндэстэн (ихэвчлэн Хятад, Вьетнам, Филиппин) байх боломж.

Тоо баримтаас үзвэл цагаач эхийн төрөлтийн тоо Солонгос эхийнхээс илүү өндөр үзүүлэлттэй байна.

Сургуулийн насны хүүхдүүдийн дунд “холимог цустай” хүүхдийн тоо 2006-2014 онд долоо дахин өсчээ.

Бас Өмнөд Солонгосын “холимог үндэстний гэр бүлийн” тоо 2013-2014 онд 21 хувь өссөн байна.

Ийм гэр бүлүүдийг Korean + Asian = Kosian гэж нэрлэдэг нэр томьёо хүртэл бий болжээ.

Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос гаднаас ажиллах хүч авах хэмжээ улам бүр нэмэгдэхээр байгаа. 2014 онд гарсан Солонгосын Эдийн засгийн Судалгааны Хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2060 онд Өмнөд Солонгост 15 сая цагаач ажиллах хүч хэрэгцээтэй болох гэнэ.

Өөр нэг сонирхолтой баримт гэвэл Өмнөд Солонгосчуудын “цэвэр Солонгос цустай” байхыг эрхэмлэх үзэл 2005 онд 80 хувьтай байсан бол 2013 онд 65.8 хувьд хүрч унажээ.

Ийнхүү Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэг Өмнөд Солонгос нэг бол үндэстнээрээ устах, үгүй бол цусаа сэлбэж үлдэх замын уулзвар дээр иржээ.

Эх сурвалж: ikon.mn