Төрсөн газар: Говь-Алтай аймгийн Цээл сум

Багын мөрөөдөл: “Гоё” эгч нар шиг сайхан бүсгүй болох Ажил, бүтээл: Улсдаа 40 гаруй жил зүтгэж, одоо Улсын Ерөнхий Прокурорын газар хяналтын прокуророор ажиллаж байна. 1970-аад оноос уран бүтээл туурвиж, “Галын бурхан”, “Халх голын залуу нас”, “Засагт хааны гоо марал” гэсэн яруу найргийн номоо хэвлүүлсэн. Монголын Сэтгүүлч­дийн Холбоо, Монголын Зохиолч­дын Эвлэлийн гишүүн болж, хэд хэдэн сонин сэтгүүлийн шагнал авсан

Бахархал: Хүн болж төрсөндөө, бүр эх хүн болсондоо бахархдаг

Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсэж байна вэ, яагаад?

  - Төрийн бодлого цэгцтэй, алс хараатай байж, иргэн бүртээ үйлчилдэг, нэг ч ядуу, өлсгөлөн иргэнгүй болохын төлөө зүтгэе. “Төр амгалан бол улс амгалан” гэдэг үг байдаг даа.

Биширдэг түүхэн хүн тань?

 - Монгол хүн бүр л Чингис хаанаараа бахархдаг. Би түүнээс өмнөх анхны монгол удмын аймгууд Эргүнэ-кунгээс эхлээд Нирун, Дарлиган зэрэг аймгуудын өвөг дээдсээ биширч, задарсан үсээ нууж, саадаг нум агсаж тэмцэж явсан Мандухай сэцэн хатнаар бахархдаг. Ер нь хаадын хатан гэдэг ямар нэгэн хэмжээгээр төрийн хэрэгт оролцож л явсан.

Уншсан номуудаасаа гурвыг магтвал…

 - Б.Лхагвасүрэнгийн яруу найргийн 3 боть, Ш.Дулмаагийн “Алтанд дарагдсан амь”, П.Батхуягийн “Хүрэл зүрх” өгүүллэгийн ном.

Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?

 - Миний бага ангийн багш Аюушжав гэж сайхан эмэгтэй байсан. Багш шигээ л болохыг хүсдэг байв. Багш маань дугуй улаан малгайтай гоё харагддаг болохоор дуурайгаад, 15 төгрөгийн үнэтэй улаан малгай ээжээрээ авахуулж байлаа.

Өөрийнхөө юунд дургүй вэ?

 - Миний бүх зүйл бурханаас л заяасан болохоор өөртөө дургүйцэх зүйл байдаггүй.

Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?

 - Надад бусдаас онцгойроод байх зүйл байдаггүй.

Таныг чухам юу урагшлуулж байдаг вэ?

 - Бүхнийг сайн сайхнаар бодож явах нь өөдрөг бодол санаа юм. Түүнийг өдөөгч сэтгэлийн гал цог гэж байх ёстой. Би түүнийгээ ямар ч үед унтраахгүй, бадрааж явахыг хүсдэг.

Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?

 - Монгол улсынхаа хууль, эрх зүйг хөгжүүлж хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хатуу шударга үйлсийг бичилцэж яваа минь.

Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?

 - Сэтгэл оюундаа бодож, хуримт­луулсан зүйлээ тунгаан байж, анир чимээгүй орчинд өөрийнхөө дуртай зүйлийг бичиж суухдаа, зөвхөн би л орчлон дээр жаргалтай мэт бодогддог.

Ямар дуу дуулах дуртай вэ?

 - Ардын дуунуудыг аялах сайхан. Уртын дууг бол зөвхөн сэтгэлээрээ бүр зүрхэндээ аялахгүйгээр дуулдаг.

Амьдралд сургамжтай үг хэлээч...

 - “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан үгийг ямагт бодож явдаг.

Чармайлт гэж юу вэ?

 - Чармайлт гэдэг хийх ёстой зүйлээсээ илүү гарч, хийж бүтээхийн төлөөх тэр хүний зорилго тэмүүлэл юм даа.

Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл…

 - Монгол эх орноосоо өөр 2 дахь сонголт надад байхгүй.

Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл...

 - Мөнхтариа гэдэг хүн хаана ч очсон тэр л хэвээрээ байх учраас хэнтэй ч солигдоод нэмэргүй л дээ.

Таны хамгийн сайн хийж чадах хоол?

 - Бууз. Бас мах чанасан шөлөн дээрээ зэрлэг сонгино хөшиглөсөн гурилтай хоол хийх үнэхээр сайхан.

Хэзээ хийсэн, ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?

 - Наймаа хийдэггүй.

Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг...

 - МҮОНТВ-н ”Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр UBS ТВ-н “Кофе юу цай юу”. 25-р суваг ТВ-н “Би.

Зохиолч, яруу найрагчдын ухаарал хайрласан шүлэг, бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?

 - С.Эрдэнэ, Ж.Лхагва, С.Пүрэв, С.Лочин, Д.Норов, Б.Догмид нарын үргэлжилсэн үгийн зохиолууд, Расул Гамзатовын “Миний Дагестан” мөн ч агуу шүү.

Та ямар нэгэн юмнаас залхаж байна уу. Тийм бол юунаас?

 - Сонгууль болох сургаар бие биенээ магтаж, хөөргөж элдэв дээдээр сурталчилж байгаа нь үнэхээр залхаадаг.

Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?

 - Хүн бүр л муугаар хэлүүлэх дургүй байдаг. Би ч гэсэн тийм. Гэхдээ хуульч бидний хувьд сайн гэж хэлүүлэхээсээ муу хэлүүлэх нь амархан байдаг болохоор хувь хүн талаасаа албан ажилдаа маш хариуцлагатай байх нь чухал гэдгийг баримталдаг.

Таалагддаг жүжигчин (гадаад байсан ч болно)

 - Ардын жүжигчин Цэвээнжав /Бумаа/, Гэндэн /Болд/ нарын бүтээсэн дүрийг үнэхээр үзээд үзээд ханадаггүй

Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ ?

 - Би хөгжим сонсох их дуртай. “Морин хуур”-ын чуулгын тоглолтыг үзээд, уул талдаа очоод зогсож байх шиг санагддаг. Бас сонгодог хөгжим сонсох сайхан. Сүүлийн үед тоглосон драмын жүжгүүдийг бүгдийг нь үзсэн.

Мөрөөдлийн тань машин?

 - Бензин тос хэрэглэдэггүй, бас хэзээ ч осол гаргадаггүй машин байвал сайхан даа.

Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ?

 - Би ээжийгээ л мөнхийн усаар шагнах байсан.

Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?

 - Монгол хоол цайгаараа дайлаад, үндэсний хувцсаа өмсөж, худам монгол бичгээрээ эх орноо магтаж бичээд, орчуулагчид нь өгнө дөө..