Залуусын косметикийн брэнд болох NYX Cosmetics-ийг үүсгэн байгуулагч Toni Ko 13 насандаа ээж аавыгаа дагаж Солонгосоос Америк руу цагаачилжээ. Ямар ч англи хэл мэдэхгүй жаахан охин хамгийн түрүүнд эрчимтэйгээр хэл сурч эхэлсэн байна. Брэндийн гоо сайхны барааг хүн бүхэн худалдаж авч чадахгүй байгааг анзаарсан 25 настай сэргэлэн бүсгүй масст зориулсан өөрийн гоо сайхны компаниа эхлүүлжээ. NYX хамгийн анх ганцхан нүдний харандаа үйлдвэрлэж эхэлсэн ч зөвхөн энэ бүтээгдэхүүнээрээ эхний жилдээ 2 сая долларын ашигтай ажилжээ. Одоо 42 нас хүрсэн Toni Ko компаниа L'Oreal косметийин акулд 500 сая долларт зарахаар болсон байна.
Косметиктай хамгийн анх хэрхэн танилцаж байв?
Toni Ko: Косметик миний амьдралд үргэлж маш том байр суурь эзэлсээр ирсэн. Дунд сургуульд байхад ээж маань намайг нүүрээ будахыг зөвшөөрдөггүй байлаа. Тэглээ гээд намайг зогсоож чадаагүй л дээ. Өглөө болгон сургуульдаа явахдаа нүүрний будаг нууж авч гараад нүүрээ будчихаад харин орой гэртээ ирэхдээ савантай усаар будгаа арилгачихаад л юу ч болоогүй юм шиг орж ирдэг байлаа.
Ямар ч эмэгтэй хүн сормуусаа будаад, уруулаа өнгөлчхөд л шал өөр харагддаг. Сайхан харагдаж байгаадаа итгэж байгаа эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй эмэгтэй хүнд хийж бүтээхгүй зүйл гэж үгүй. Нүүрний будгийг дутуу үнэлж үнэхээр болохгүй. Хүнийг аз жаргалтай болгодог гайхалтай эм л гэсэн үг.
Косметийин бизнесийг яаж сурсан бэ?
TK: Аав ээж хоёр маань косметкийн бараа зардаг жижиг дэлгүүр ажиллуулдаг байлаа. Тиймээс би ээж аав хоёроосоо бүгдийг сурсан. Ээж маань надад багаас минь хүний хөлс хөдөлмөр амжилт хоёр яг тэнцүү юм шүү гэж зааж сургасан. Мөн аливаад үнэн сэтгэлээсээ хандаж сурахыг, өөрөөрөө, өөрийнхөө эрхэлдэг зүйлээр үргэлж бахархах үзлийг надад шингээсэн.
Таныг дэлгүүртээ ажиллуулдаг байсан уу?
TK: Мэдээж. Манай ээж их чанга хүн л дээ. Сургуулиа тараад ирэнгүүт л орой болгон дэлгүүртээ дуудаж ажиллуулдаг байлаа. Амралтын өдрүүдээр, зуны амралтаараа би хэзээ ч амарч үзээгүй. 23 нас хүрээд хамгийн анх зун амарч үзэж байсан.
Бизнес эрхлэх санаа яаж төрөв?
TK: Би өөрийгөө хүний дор ажиллаж чадахгүй хүн гэдгээ аль эртнээс мэдэж байсан. Намайг ажилд газар удалгүй халах нь ойлгомжтой тийм л зөрүүд, өөрийнхөөрөө ажилтан байх байлаа. Хэнээр ч юугаа ч заалгах хүсэлгүй маань өөрөө өөрийнхөө босс байх л зам л үлдсэн байлаа. Тэгээд хамгийн сайн мэддэг салбар болох косметийин салбарт юу дутагдаад байгааг анзаарч эхэлсэн. Ихэнх хүмүүс брэнд гоо сайхны барааг худалдаж авч чадахгүй ч үргэлж сайн чанартай барааг хайж байдгийг ойлгосон. Ингэж л NYX Cosmetics төрсөн юм даа.
Бизнес эрхлэгч байхын хэцүү тал нь юу вэ?
TK: Жижиг ч бай том ч бай ямар ч бизнест өөрийн гэсэн сорилт толгой өвтгөсөн асуудлууд гэж байна. Бэрхшээлийг давж гарах цорын ганц арга бол асуудалд шаналж цаг, энергээ үрэлгүй харин шийдлийг нь, гарцыг нь олох юм. Бууж өгнө гэдэг ойлголт надад байсангүй, учир нь бүтэлгүйтлийг би гарц гэж хардаггүй.
MC: Яаж яваад L'Oreal-д компаниа худалдахаар болчихов?
Компаниа L'Oreal-д худалдана гэдэг миний бүх мөрөөдөл биелсэн гэсэн үг.L'Oreal дэлхийн хамгийн том косметикийн компани. Би энэ компанийн бизнесийн бүтэц, ёс суртахуун ажилчиддаа хандаж байгаа байдлыг үнэхээр хүндэлдэг. Ийм том, чанартай компани NYX Cosmetics-ийг өргөж авсанд маш баяртай байгаа.
Өөрийн бизнесийг эрхлэхийг хүсдэг бүсгүйчүүдэд зориулж юу хэлэх вэ?
TK: Надад тэдэнд хэлэх зөндөө л зөвлөгөө байна. Гэхдээ хамгийн чухал нь гэвэл өөрийн зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүл. Чиний зорилгоос илүү чухал зүйл байх ёсгүй. Хөдөлмөр бүх юмны түлхүүр гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Бизнесийнхээ эхний шатанд мөнгөндөө маш арвич хямгач байгаарай. Эцэст нь хэлэхэд компаныхаа хувьцааг хэдэн тийш нь тараагаад хэрэггүй, аль болох өөрөө ихэнхийг нь эзэмшихийг хичээ! Учир нь анх компанийн хувьцаа ямар ч үнэ цэнэгүй байдаг ч гэлээ эцэст нь маш үнэтэй чулуу болсон байдаг.
Косметикийн ертөнцийн дараагийн том тэсрэлт юу вэ?
TK: Ямар ч бизнес тойргоор эргэлддэг, косметикийн ертөнцөд ч ялгаагүй. Яг одоо хурц тод өнгө трэнд байгаа ч удахгүй бүдэг, нүцгэн, завсрын өнгөнүүд эргэж ирнэ. 90 ээд оны эхэн үед ямар ч өнгөгүй уруул өнгөлөгч л зарагддаг байв. Одоо яг тэр трэнд эргэн ирэх цаг нь болж байгааг би мэдэрч байна.