Баялгийн хараал хэмээх нэр томьёо одоогоос 30 жилийн тэртээгээс сонсогдох болсон. Энэ хугацаанд хэдий газрын тосны үнэ, байгалийн нөөцийн үнэ 50 дахин өссөн ч жирийн иргэдэд наалдах юм нь бараг өссөнгүй. Учир нь ихэнх байгалийн нөөцтэй орнууд баялгаа хэрхэн зохицуулж ирснийг нь харвал гунигтай, гутранги байдал ажиглагддаг. Жишээ нь Папуа Шинэ Гвинэй улс, Индонез, Бирм, Африкийн орнууд гээд үргэлжлэх болно. Үүнд Монгол Улс маань бүү багтаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ. Мэдээж хөрөнгө оруулагч нар бүгдийг сайн мэдэх тул аман дээрээ гоё сайнхан хөгжил, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн гэх мэт жирийн иргэдэд наалдацгүй, худлаа зүйлс ярьж харин цаанаа хөх инээд нь хүрч байгалийн баялагтай ядуу буурай орнуудыг улам бүр ядууруулж гарахаа бодон сууж байгаа. Иймд байгалийн нөөцтэй орнуудад нийтлэг ажиглагддаг дараах байдлуудыг цухас дурьдмаар байна.


Сул дорой эдийн засгийн өсөлт


Ихэнх судалгаанаас харахад байгалийн нөөцгүй орнууд байгалийн нөөцтэй орнуудаас хавьгүй өндөр эдийн засгийн үзүүлэлттэй байдаг байна. Тэдгээр улсын нэг хүнд оногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн өндөр байж улмаар иргэдийн амьжиргаа, орлого байгалийн нөөцтэй орны иргэдээс өндөр байгаа нь тогтоогдсон. Жишээ нь 1960 - 1990 оны явцад байгалийн нөөцгүй орнуудын эдийн засгийн хөгжил байгалийн нөөцтэй орнуудаас даруй 2 -3 дахин их байна. Хамгийн сонирхолтой нь 1970 оноос газрын тосны үнэ нэг баррел нь 3 ам. доллараас 30 ам. доллар болж өсөхөд энэхүү эдийн засгийн өсөлтийн ялгаа байгалийн нөөцтэй болон нөөцгүй орны хооронд улам бүр ихэссэн байдаг. Тэгэхээр Монголчууд бид зэсийн үнэ дэлхийн хэмжээнд өссөн нь шууд утгаараа манай эдийн засагт сайнаар нөлөөлж ард түмний амьдрал дээшилнэ гэж харж хүлээх нь утга авцалдаагүй болж байна. Үүнийг дэлхийн хэмжээнд сүүлийн 30 жилийн үүх түүх тодоор харуулж байна.

Хүний хөгжлийн доройтол


Байгалийн баялагтай орнуудын түүхээс хархад тэд баялгаас орж ирэх орлогыг хүний хөгжилд зарцуулах байдал нь их сул дорой байдаг байна. Түүний тод жишээг бид өнөөдөр Монголдоо амсаад явж байна. Жишээ нь нийт экспортынх нь 30 гаран хувийг газрын тос эзэлдэг байгалийн баялагтай 48 орны талаас дээш хувь нь 2002 оны Нэгдсэн Үндэстний Хүний Хөгжлийн Индексээр сүүлийн 3-т бичигдэж байсан. Энэ юу өгүүлнэ вэ? Нэг бол бэлэн биш байхдаа байгалийн нөөцөө ашиглаж байна, нэг бол авлига их байна гэсэн үг үү? Хүний хөгжлийг авч үзэхдээ тухайн орны ядуурал, боловсрол, эрүүл мэнд, иргэдийн чанартай амьжиргаа зэргийг чухалчилдаг. Гэтэл энэ бүгдийг өнөөгийн Монголын нөхцөлд хэрхэн чанаржуулж, сайжруулж байгааг жирийн иргэд бидний амьдралд тэр болгон харагдахгүй, мэдрэгдэхгүй байна. Жишээ нь стратегийн чухал орд болох Таван Толгой, Оюу Толгойгоос орж ирэх орлогыг залуучуудын боловсрол, эрүүл мэндэд хэрхэн зарцуулах, хойч ирээдүйгээ хэрхэн хөгжүүлэх асуудал өнөөдөр яригдахгүй хаягдсаар байна. Бидэнд энэ асуудалру орох ч боломжийг Оюу Толгой өгөхгүй, өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтын зардал мэтээр биднийг хуурч, бухимдуулж хамаг цагийг минь үрж байна. Ганцхан өсөн нэмэгдсэн зардлыг ярьж зохицуулах гэж бүхэл бүтэн 3 сарыг ардаа өнгөрөөсөн ч шийдэлд хүрээгүй байгаа нь цаашид дахиад хэдэн сар үргэлжлэх, ер нь шийдэлд хүрэх эсэх нь бүрхэг болж улмаар бүх ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хор уршигтай үйлдэл болохоор харагдаж байна. Үүнийг салбар хариуцсан сайд нар тунгааж нэг үзэх нь зүйтэй.
Хүний хөгжлийн индексээр Норвеги болон Канад улс эхний 3-т багтаж байгааг хөрөнгө оруулагч нар жишээгээр дурьдаж бидэнд сайхан үлгэр ярьж өгч болох юм. Гэтэл эдгээр орнууд нь байгалийн нөөцөө ашиглаж эхлэхээс олон жилийн өмнө хөгжилд хүрсэн байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв Монгол Улс аль хэдий нь хөгжсөн орны жагсаалтад зүй ёсоор багтаж байсан бол сая нэг Оюу Толгой болон Таван Толгойгоо олборлож болох байлаа. Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр бид өнөөдөр байгалийн нөөцөө ашиглахад бэлэн биш байна. Өнөөдөр бүгдийг түр хаагаад хүний хөгжил болон бусад салбарын хөгжилдөө анхаарвал эргээд 30 жилийн дараа Оюу Толгой орд нь дор хаяж 7 дахин өндөр үнэлэмжтэй болж Монголчууд бид хэрхэн шударга, сайн итгэлцлийн зарчим дээр тулгуурлаж Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулах, түүнийгээ хянах, уул уурхайн орлогыг хөгжилд, хүндээ хэрхэн наах гээд олон чухал асуудлыг зөв зохистой шийдвэрлэж чадах хэмжээнд хүрсэн байх болно.
Английн ОксФам байгууллагын хийсэн судалгаагаар байгалийн нөөцтэй орнуудын ядуурал буурах биш харин ч эсрэгээрээ ихэсдэг хэмээжээ. Түүнчлэн хамгийн ноцтой нь уул уурхайн экспортын орлого дээр тулгуурласан эдийн засагтай орны нялхсын эндэгдэл болон хүүхэд багачуудын тэжээлийн дутагдал, тураал зэрэг нь ихэсэж, улмаар сургуульд хамрагдах байдал буурдаг байна.


Муу засаглал


Байгалийн нөөцтэй орнуудын эдийн засгийн хөгжил дорой байхаас гадна сайн засаглал гэгч нь үгүй болдог нь олон улсын туршлагаас харагдаж байна. Тэгэхээр Рио Тинтогийн бидэнд хэлээд байгаа ДНБ-ий 30%ийг бүрдүүлнэ гээд байгааг Монголын эдийн засагчид тооцож батлах нь чухал. Олон Улсын Валютын Сан "Сайн Засаглалыг" томьёолохдоо "олон нийтийн нөөц баялгийг үр дүнтэйгээр, ил тодоор зохицуулахыг хэлнэ" хэмээжээ. Харин Дэлхийн Банк Сайн Засаглалыг томьёолохдоо "Иргэд сонгуульд оролцох, хэвлэлийн эрх чөлөөт байдал, төр засгийн тогтвортой байдал, хэрэгжүүлж болохуйц Гэрээ" гэх мэтээр тодорхойлжээ. Гэтэл судалгаагаар байгалийн баялагтай ихэнх орнууд Дэлхийн банкны засаглалын индексийн доод хавиар шамбааралдан жагсдаг байна. Эндээс бид өнөөдөр байгалийн нөөцөө буруу зөв олборлож байгаа Монгол Улс ч гэсэн хаахна жагсаж байхыг харж болж байна. Тэгэхээр эртхэн дээр нь алдаагаа засаж, бодит нөхцөл байдлыг ухамсарлаж байгалийн нөөцөө ингэж гадныхны үгэнд итгэн замбараагүй олборлохоо зогсоох нь зүйтэй. Мөн нилээд хэдэн судалгаагаар Оюу Толгой шиг зардал ихтэй төсөл нь авлига, хээль хахуулийг ихэсгэдэг гэжээ.


Зөрчилдөөн ба хүний эрх


Муу засаглалтай байхаас гадна байгалийн баялагтай орнууд ширүүхэн дайн, тулаантай тулгарч байдаг. Ихэнх судалгаанаас үзвэл энэ нь иргэний дайныг өдөөсөн байдаг байна. Түүнчлэн дайн, зөрчилдөөн их гардагаас улбаалан байгалийн нөөцтэй орнууд нийгэм, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхийн оронд цэрэг хүчний байгууллагад хөрнгө оруулалт хийх замаар хүний хөгжилд бага анхаарах хэрэгцээтэй болдог. Бирм, Судан болон Нигерт эдгээр асуудлууд хурцаар тавигддаг байна. Монголын нөхцөлд хөрөнгө оруулагч нар хүний эрхийг дээд зэрэгт зөрчиж, орон нутгийн иргэдийг хохироох, Монгол ажилтнаа хохироох, төрийн эрх бүхий байгууллагуудыг уландаа гишгэх, Монгол Улсын хууль тогтоомжыг үл дагах, шударга бусаар үйл ажиллагаагаа эрхлэх гэх мэт олон зөрчлүүдийг гаргасаар байна.
Энэ бүхнийг эргэж харж ухаарах цаг нь болсон.
 

www. Aravt.mn