Монголд их хэмжээний мөнгө угаасан хэргийг анх удаа амжилттай илрүүллээ хэмээн хэдэн сарын өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олон нийтэд мэдэгдэж байлаа. Түүний онцолсон энэ хэрэг бол “МИАТ компанийнх” гэсэн тодотголтой. Тус компанийн үе үеийн гүйцэтгэх захирлууд “Дайны эрсдэлийн даатгал” гээчийг халхавч болгон төрийн мөнгийг халааслаж байсныг хууль хяналтынхан шалгасан. МИАТ бол төрийн өмчит хувьцаат компани учир өмнөх захирлуудынх нь ах дүү, найз нөхөдтэйгөө хуваан завшиж байсан мөнгийг төрийнх гэж тодотгож байгаа юм.

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн МИАТ-ийн мөнгийг угаасан хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Коммер, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнз” группийн захирал асан Ч.Суурьтогтох, нягтлан Н.Гантөмөр, Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг холбогдуулан шалгасан юм. Тэгвэл мөнгө угаах хэрэгт хэн ямар үүрэгтэй оролцов, гэмт хэргийн сэжигтнээр татсан хүмүүсээс хэн нь ямар гэм буруутайг шүүх дэнслэх хугацаа ч дөхлөө. Учир нь, цагдаагийнхан “боосон” хэргээ хянуулахаар сар гаруйн өмнө Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

Прокурор тэдэнд холбогдох хэргийг хянаж, яллах дүгнэлтээ үйлдээд Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр өчигдөр шилжүүлсэн байна. Ингэхдээ МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарт холбогдох хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон бол бусдад нь Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завших, мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн аж. Харин Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” компанийг үүсгэн байгуулсан Н.Галт нарт холбогдох хэр­гийг тусгаарласан учир цагдаа­гийнхан мөрдөн байцаалтаа үргэлжүүлж байгаа гэнэ.
МИАТ компани нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гадаадын “Вест вельф” компанитай Дайны эрсдэлийн даатгалын гэрээг 2007 онд байгуулсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Ингээд дээрх нэр бүхий хүмүүс даатгалын төлбөр гэж 2007-2010 онд 16 удаагийн үйлдлээр нийт зургаан сая 814 мянга 73 ам.доллар авч өөрсдийн үүсгэн байгуулсан компани болон төрөл садангийнхаа дансанд байршуулсан нь тогтоогдсон юм. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад 2.1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум төгрөг дансанд байршуулсан байсныг битүүмжилсэн байгаа. Тухайлбал, энэ хэрэгт яллагдагчаар татсан “Мон­голиан эйрлайнз” группийн за­хирал Ч.Хоролсүрэн гэхэд л эхнэрийнхээ холын хамаатан Архангай аймагт амьдардаг охины нэр дээр банкинд данс нээж таван тэрбум төгрөг хадгалсан нь баримтаар тогтоогджээ. Мөн тэрээр МИАТ компанийн Коммер, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байхдаа МИАТ болон “Korean Air Line” компанийн хооронд хууль бус гэрээ байгуулж, зорчигчдын ачааны нэг кг тутамд гурван ам.доллар төлүүлж байхаар тохиролцсон аж. Ингэхдээ гэрээндээ нэг кг ачааг таван ам.доллараар тооцож дундаас нь хоёр ам.доллар буюу нэг зорчигчийн үнэгүй тээвэрлэх 46 кг ачаанаас 92 ам.доллар нислэг тус бүрээс залилж байсан нь тогтоогдсон байна. МИАТ компанийн Бойнг-737-800, В-737-800 онгоц бизнес 12, энгийн 150 гээд нийт 162 суудалтай. Тэгэхээр нэг удаагийн нислэгээр дунджаар 150 хүн зорчино гэж үзвэл, тэдний ачааны төлбөрөөс 19 сая 320 мянган төгрөг луйвардаж байсан гэсэн үг. Мөн МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгээс ч дээрх байдлаар мөнгө унагаж байжээ. Тодруулбал, гэрээ байгуулахдаа зорчигчдын ачаанаас нэг кг тутамд дөрвөн евро төлүүлж байхаар тохиролцож, гэрээндээ нэг кг ачааг зургаан еврогоор тооцон дундаас нь хоёр евро буюу зорчигчийн үнэгүй тээвэрлэх 46 кг ачаанаас 92 евро нислэг тус бүрээс залилж байсан нь тогтоогдсон гэнэ. Нэг нислэгээр дунджаар 150 хүн зорчино гэж тооцоход, тэдний ачаанаас 25 сая 171 мянга 200 төгрөг завшиж байсан байх нь. Мэдээж, МИАТ компани жилд эдгээр чиглэл рүү хэчнээн нислэг үйлдэж, хэдэн хүн тээвэрлэснээр нь тооцвол хэдэн тэрбумаар тооцогдох дүн гарах нь тодорхой. Энэ мэтээр Ч.Хоролсүрэн гэхэд л МИАТ компанид 24 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тухай эх сурвалж хэлж байлаа. Удахгүй шүүгдэгчийн ширээний ард суух дээрх долоон хүнээс эдгээр хууль бус үйлдэлд хэн нь хэрхэн оролцож, хэдэн төгрөг халаасласнаа шүүх бүрэлдэхүүнд хандаж, “тайлагнах” юм.

Юутай ч, МИАТ компанийг ашиггүй ажиллаж байна гэчихээд олсон мөнгийг нь өөрсдөө хувьдаа завшдаг байсан увайгүй зарим албан тушаалтны хэрэг ингэж олонд ил боллоо. Харин хариуцлага гээч зүйлийг тэдний хажуугаар битгий л өнгөрүүлчихээсэй гэж ард түмэн найдаж сууна.     
 
Эх сурвалж: www.assa.mn