
Өдөр, шөнө шиг ялгаатай монгол хүний үнэ цэнэ

Хамгийн сүүлд нөхөр Ш.Ганбатыгаа живж байгааг харсан хатан зоригт монгол бүсгүй “Хань минь зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүддээ амьд үлдэх ёстой шүү. Миний хань чадна аа. Зүтгээд байгаарай” гэж хашхирсаар бараа тасарсан гэдэг.

Тэр үед Н.Саранчимэг бүсгүй, найман сартай Г.Шинэбаяр хүү хоёрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 32 аврагчийг гурван завьтай гаргаж 14 хоног хайгаад ололгүй бууцгаасан гунигт түүх бий. Тэгвэл 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны бямба гарагийн үдээс хойш шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эхнэр, хүү, эхнэрийн хамаатан садан, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Г.Дэнзэн, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа, АН дахь “Алтангадас” фракцын залуучууд, олон улсын “JCI” байгууллагынхан, Төв, Хэнтий аймгийн дарга нарын зэрэг 70 гаруй хүний нүсэр бүрэлдэхүүнтэйгээр Бурханхалдун уулыг зорьсон байдаг.
Аялагч Г.Бадамсамбуугийн санаачилсан гэх энэ нүсэр аялалын зорилго нь ердөө л АН байгуулагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Бурханхалдуны орой дээр гарч хийморь лүндаагаа сэргээх, сүүлд нь Ерөнхий сайдын мэдэгдсэнээр “Монгол түмний заяа буянг даатгах”-д оршиж байжээ.
Дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагт 2361.5 метрийн өндөртэй Бурханхалдуны орой дээр гарчихаад бууж яваад цасан шуурганд төөрч сансарын холбоогоор Улаанбаатар руу мэдэгдсэн байдаг.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан авран хайх нүсэр ажиллагаа эхэлж, Шадар сайд Д.Тэрбишдагва Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг хөлөглөн гарсан бол, ОБЕГ-ын 16 албан хаагч, Аврах гал унтраах 64 дүгээр ангийн 23 албан хаагч, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 46 албан хаагч гээд томоохон бүрэлдэхүүн Ерөнхий сайдын “аялал”-ын багийг хайж эхэлжээ.
Гэвч Ерөнхий сайдтай цуг аялагчдын дунд “Аdidas” брэндийн албан ёсны борлуулагч “ВТF” компанийн захирал Л.Огторгуй гэх залуу байршил тогтоогчтой явсны хүчинд өөрсдөө уулнаас бууж аюулгүй газар очоод байжээ.
Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хурандаа Г.Чулуунбаатараар ахлуулсан эрлийн хэсэг Ерөнхий сайдын аялалын багийнхныг олоход ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хацар жаахан хайрагдснаас өөр хохирол амссан хүн байгаагүй гэнэ. Ингээд Бурханхалдуны аялагчдыг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эмчлэхээр 30 ор бэлдээд байсан ч нэг ч хүн очоогүй ажээ. Ерөнхий сайдын ойр дотныхныг Шадар сайд нисдэг тэргээр хот руу аван ниссэнээр энэ адал явдалт түүхэн аялал өндөрлөсөн түүхтэй.
Сүүлд мэргэжлийн хүмүүс тооцоо хийж үзээд Бурханхалдуны алдарт аялагчдыг эрж олох, хот руу авч ирэх, нисдэг тэргийн түлш шатахуун зэрэгт улсын төсвөөс 90 сая төгрөг зарцуулсан байдаг.
Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхий сайд болон эхнэр, хүүхэд, ойр тойрных нь эсэн мэнд олдсон нь яах аргагүй баярлууштай сайхан үйл явдал билээ. Бид чинь гурван сая хүрэхгүй цөөхүүлээ тул нэг ч гэсэн Монгол хүний алтан амь хамгийн эрхэм дээд үнэ цэнтэй эрдэнэ.
Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн нутаг Орхон, Сэлэнгийн бэлчирт хүйтэн мөсөн дээр, халуунаараа царцсан хатан зоригт Монгол эх, наймхан сартай энхрийхэн хүү хоёрын төлөө монголын төр нисдэг тэргээ яагаад илгээгээгүй юм бол гэхээс гол харлах юм.
Аль эсвэл жирийн иргэний алтан амийг нисдэг тэргээр аварч болохгүй гэсэн хууль, дүрэм байдаг юм болов уу. Үгүй бол хоёрхон хүний амийг аврахын төлөө 90 саяыг зарлагадаж болохгүй гэсэн харам хатуу төсөв мөнгө байдаг хэрэг үү. Уг нь Ерөнхий сайд нь ч Сэлэнгийн эх хүү хоёр ч аль аль нь бид бүхний мах цусны тасархай, хөх толбот Монгол хүн билээ.
Д.Түвшин
Эх сурвалж: