Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй шашин, үзэл суртлыг(!) бусад улс нийгэм, хүмүүс алсаас харж эсвэл холын сургийг нь дуулж сонссон байдаг. Тэгээд ер нь ийм юм байж болох байх гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн харийн шашин, үзэл сурталд хэт мухар сүсэглэж одоо бүр түүнийг өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авах болсон нь өнөөгийн манай нийгмийн гол төөрөгдөл, эмгэнэлүүдийн нэг юм. Ингэж харийн зориуд явуулгыг дотоод бодол сэтгэл, үйл хөдлөл, амьдралынхаа чиг баримжааг заагч болгох нь гүн гүнзгий хор уршигтай, эрт орой хэзээ нэгэн цагт ийм харанхуй бүдүүлэг, гэнэн зөрүүд байсныхаа горыг амссан түүх хүн төрөлхтний буурал түүхэнд цөөнгүй байдаг билээ.

 

Манайд өмнөх нийгмийн үед “шашин бол хар тамхи” гэдгийг ойлгуулж үүний цаад нарийн учрыг хэлэлцэн ярилцаж аливаа шашин, мухар сүсэгт сохроор итгэх нь алсдаа ямар ямар хор уршигтай байж болох тухай хойч үедээ сургаж захиж ирсэн билээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд монголын нийгэм шашны мухар сүсгээс ангид байсныхаа хүчинд орчин үеийн шинжлэх ухааныг танин мэдэж улс үндэстнийхээ хувьд урьд өмнөх түүхэндээ хүрч байгаагүй(!) олон том ололт амжилтуудад хүрсэн гэдэгтэй эрүүл ухаантай хэн ч маргахгүй биз ээ. Мэдээж хэрэг, өмнөх нийгэмд өөрт нь бас үл гүйцэлдэх үзэл хандлагууд байсаан, гэвч энэ нь тухайн үеийн удирдагчдын муйхар алдаанууд байсан ба нийгмийн олонхийн сайн сайхны төлөөh тэр үзэл санааны хүчинд бүтээсэн байсан нийгмийн тэр нөөц баялагуудын "үлдэгдлүүдийн" хүчинд бид өдий зэрэгтэй байгааг мартаж болохгүй юм.

Тэгвэл манайд хэзээ ч социалист үзэл баримтлалтай нийгэм оршин тогтнож байгаагүй гэж төсөөлөөд үзээрэй. Тийм улсуудыг та Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудаас хайвал тун түргэн олж харж тэндхийн ард түмнүүдийн үнэмлэхүй олонхийн одоогийн амьдралын түвшинтэй өнөөгийн энэ "өмнөх нийгмийн үлдэгдлийг" харьцуулж үээх боломж гарна гэж найдаж байна. Харин ингэхдээ Барууны орнуудын сүүлийн 30 гаруй жилийн өндөр хөгжил, тансаг хэрэглээтэй нийгмийн эдлэж хэрэглэж байгаа энэ их хөрөнгө баялагийг лав л ардчилал, зах зээлийн эдийн засаг тэнд байсны хүчинд бус шал өөр арга замуудаар олж авсан, авч байгааг ухаж олж мэдэж ойлгож ухаарсан байх, харин ядуу буурай, сул дорой болсон улсуудын олонх нь "барууны маягийн ардчилал, чөлөөт зах зээл"-д орсноос хойш тэнд ийм байдал газар сайгүй хавтгай нүүрлэх болсныг бас олж харж ойлгож байх ёстой.

Харин өнөөгийн манай "ардчилсан" гэх нийгэмд хуучин шарын шашин эргэн ирж, мөн гадаадын элдэв шашны урсгалууд чөлөөтэй нэвчиж, дээр нь “үл үзэгдэгч гараар удирдуулдаг чөлөөт зах зээлийн эдийн засаг” гэгч орчин үеийн нэгэн төрлийн “шашин”-ы мухар сүсэг газар авсаар байна. Энэ нь нэг талаас манай нийгэмд шинжлэх ухааны мэдлэг, боловсролын түвшин, чанар унасны, нөгөө талаас өнгөрсөн 20 гаруй жилийн турш үргэлжилсэн улстөр-эдийн засаг, нийгмийн маш уршигтай, гадна талаас зааварлаж удирдаж хийсэн “хувьсгал"-ын үр дагавруудад хүн ардын маань нэг хэсэг туйлдан цөхөрч тэдний нэг хэсгийн хувьд энэ харанхуй бүдүүлэг байдал нь сэтгэлийн тайтгарал, цорын ганц найдлага нь болж хоцорсон бололтой. Гэвч энэ бол манай улс нийгмийн цаашдын уруудал доройтол, хэрэв цаашилбал сүйрэл мөхлийн дохио буюу одоо харанга дэлдэх цаг болсонг харуулж байна... Шашин, элдэв харийн үзэл суртал, мухар сүсэг бол ард түмнийг жинхэнэ мансууруулагч нь юм.

Хар тамхи хэрэглэсний дараа хордож мансуурсан хүн хэсэгхэн хугацаанд түүний эргэн тойронд байгаа бодит байдлыг мэдрэх, анзаарахаа больж толгой дотор нь бий болсон хуурамч үүлэн дундаа хөвж байдаг ба хэсэгхэн хугацааны дараа энэ мансуурлаасаа гардаг ч аймшигтай донтолын намагт улам гүнзгий шигдэж энэ хар тамхиа дахин дахин хэрэглэсээр удалгүй нэгмөсөн харанхуй мансууралдаа мөнх нойрсдог билээ. Харин аливаа шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхины байнгын хүчтэй тун юм! 

Карл Маркс “Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлдээ шашны хор уршгийг өөр үгээр зүйрлэн хэлэхдээ ард түмний хар тамхи гэдэг үгийг ашигласан нь хожим их өргөн тархсан байна.

Харин Марксаас өмнө энэ “ард түмний хар тамхи” гэдэг хэллэгийг маркиз де Сад өөрийн “Джюльетта”(1797) романдаа анх ашигласан гэж тооцдог. Садын энэ романы гол дүр энэ эмэгтэй Фердинанд хаанд хандаж эрх баригч цөөнхийн бүлэглэл ард түмнээ хөөрхийлөлтэй амьдрал, аж байдлынхаа цаад гол шалтгаануудыг орж харах вий гэж үүнээс холдуулахын тулд худал хуурмаг зүйл ярьж амлаж элдэв бохир заль мэх хэрэглэж байгааг нь шүүмжилж хэлэхдээ “хар тамхи” гэдэг энэ зүйрлэлийг ашигласан байдаг:

“Хэдийгээр Байгаль дэлхий ард түмэнд чинь асар их баялагийг өгсөн боловч тэд аймшигтай ядуу дорой амьдарцгааж байна. Гэвч тэд залхуугаасаа биш ээ, харин та нарын явуулж байгаа бодлогоос чинь ийм болчихоод байна, энэ та нарын энэ бодлого чинь хүмүүсийг баглан хүлж тэднийг энэ нөөц баялагтаа хүрэх замыг нь хааж боогдуулж байна. Ийм учраас тэднийг энэ гай зовлонгоос нь ангижруулах эм байхгүй байгаа бөгөөд улстөрийн тогтолцоо чинь иргэний засгийн газраас ч доор байна, учир нь улс түмнийхээ сул дорой энэ байдлаас та нар улам их баяжиж хүч тэнхээ орж байна. Фердинанд! Та нар Үнэнээс, миний энэ таны нүүрэн дээр хэлж байгаа яг энэ үнэнийг хүмүүс мэдчихвий гэж айж байгаа, иймээс та нар өөрийн улсаас мэдлэг боловсролыг, авьяас чадварыг шахан зайлуулж байгаа. Та нар ухаант хүмүүний саруул сэтгэлгээнээс айн болгоомжилж байгаа, иймээс харанхуй бүдүүлэг энэ байдлыг бүх талаар хөхүүлэн дэмжиж байна.

Та нарын учруулсан гай зовлонг донтож мансуурсан юм шиг мэдрэхгүй [олж харахгүй сэхээрч ухаарахгүй] байлгахын тулд та нар ард түмнээ энэ хар тамхиар угжиж байна. Яагаад гэвэл та нарын хаанчилж байгаа энэ газар эх оронд минь хэрэгтэй агуу их хүмүүсийг гаргаж ирэх боломжууд байхгүй болсон байна, одоо жинхэнэ мэдлэг боловсрол хэнд ч хэрэггүй мэт болсон байгаа ба чухам ийм учраас мэргэн ухаанд алдар нэр ч, ашиг тус ч байхгүй учир хэн ч тийшээ тэмүүлдэггүй болчихоод байна”.

Шашинг хар тамхитай зүйрлэх нь Марксаас ч өмнө байсан байна. Энэ үг хэллэгийг мөн маркиз де Садтай бараг зэрэгцэн немцийн яруу найрагч Новалис “Цэцгийн тоосонцор”(1798) нэртэй жигүүрт үг хэллэгүүдийн цомирлогтоо бас хэрэглэсэн байдаг ажээ:

“Та нарын энэ шашин [шүтэх эрх чөлөө] гээч бол яг хар тамхи шиг үйлчилж байна: шашин гай зовлонгийнхоо үр үндэсийг таслан хаях хүч чадлыг өгдөггүй харин ч өөртөө уургалан авч энэ гай зовлонгийн зөвхөн өвдөлтийг нь л түр намжааж байдаг”.

Карл Маркс 1843 онд бичсэн “Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлийн өмнөх үгэндээ:

“Шашин бол мөлжлөг дарлалтай эвлэрсэн сул дорой амьтны хувьд санаа алдалт нь, зүрхгүй аймхай хулчгар байдлынх нь зүрх нь, яг үүнтэй адилхан чин сэтгэлгүй дорой байдлынх нь сүнс нь юм. Шашин бол ард түмний хар тамхи юм” гэж бичсэн байдаг.

Ленин “Социализм ба шашин” нийтлэлдээ Марксын энэ үгийг яг давтан хэлсэн байдаг:

"Шашин бол амьдралын хэрэгцээ шаардлага ба ганцаардлаасаа болж бусдын халаасыг түнтийлгэхээр мөнхөд ажиллаж байх шахаанд орсон тэр олон хүмүүсийн дотоод сэтгэлийг нь бас дарлан боолчлох нэг хэлбэр юм. Байгальтай хийх тэмцэлдээ зэрлэг хүмүүсийн мэдлэгийн хүч нь хүрэхгүй байх нь бурхад, чөтгөрүүд болон ид шид гэх мэт зүйлүүдэд л найдах итгэлийг бий болгодогтой нэгэн адил дарлан мөлжигчидтэй хийх тэмцэлд мөлжигдөж байгаа анги давхаргууд юу ч хийж чадахгүй байгаа энэ байдал нь хойд насандаа сайхан амьдрах гэх мэтийн [хоосон] найдварыг гарцаагүй төрүүлж байдаг... Шашин бол ард түмний хар тамхи. Шашин бол капиталын боолуудын өөрсдийн хүн дүр төрхөө, хүнийхээ хувьд ямар нэг хэмжээний нэр төртэй амьдралыг шаардах эрхээ живүүлж байдаг сэтгэл санааны хямдхан муу нэрмэл [архи] юм".

Хүүхэд залуус хойч үеэ ядуу буурай Төвдийн шарын шашин, сүүлийн жилүүдэд гэнэн эрх баригчдын гайгаар гаднаас шинээр орж ирсэн гадаадын элдэв шашны урсгалуудаас аварч ингэснээрээ тэднийхээ ирээдүйн амьдрал хувь тавиланг, улс үндэстнийхээ хойч ирээдүйг аврах хэрэгтэй цаг аль эрт болжээ. Яланугуяа орчин үеийн хамгийн уршигтай нэгэн төрлийн мухар сүсэг болох “Үл үзэгдэх гарын зохицуулалттай ардчилсан зах зээлийн шашин”-г үнэмшиж түүгээр үзэл баримтлалаа, чиг баримжаагаа, цөөн хэсэг нь эрх мэдлийн бамбайгаа хийж яваа цагт бидэнд юу ч тус болохгүй, биднийг нийтлэг харанхуй ирээдүй тосож байгаа гэдгийг аль болох олон хүмүүс ойлгож ухаарч байж л бид өнөөгийн энэ балчиг намгаас гарах боломжтой юм. Хэрэв энэ намгаас сугаран гарч чадвал бидний хамтын зам мөр өмнө маань улам тод зурайн харагдах болноо.

Бид ухаалаг, тэнгэрлэг эртний агуу ард түмэн гэдгээ дахин батлах цаг ирээд байна.

 

                                                                                                                                                                               www.ubman.mn