Ийм яриа гадуур их түгж байна. Учир нь МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Тавантолгойн тендертэй холбогдсон асуудлаар шалгуулахаар АТГ-т хандаад удаагүй байгаа. АТГ-ынхан асуудлыг хуулийн дагуу шалгаад хариуг нь өгөх ёстой. Хуулийн дагуу гэдэг нь 19 хоног бөгөөд тэр нь ирэх долоо хоногт дуусах юм.
Тиймээс АТГ-ыг шударга ажилладаг эсэхийг харахыг хүсч байгаа тухай энэхүү мессежийг МАН-ын зүгээс зориуд тарааж байж болно. Эсвэл Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад олон телевиз шууд дамжуулсан.
Тиймээс Н.Алтанхуягийг Тавантолгойн тендерт ах дүү, хамаатан саднаа оролцуулж ялалт байгуулсан тухай хангалттай нотолгоог ард түмэн авсан учраас асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сонирхон хүлээж байх талтай.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбатын мэдээлснээр бол уг асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж холбогдох байгууллагынхан үзэж байгаа бололтой. Учир нь Э.Амарбат дарга өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө “Ерөнхий сайдыг буруутгаад байгаа үндэслэлийг харахад гэмт хэргийн шинжтэй гэсэн үг үү?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “тийм” хэмээх хариулт өгсөн юм.
Уг нь сүүлийн жилүүдэд ард түмэн АТГ-ыг шударга ажилладаг гэж үнэлэх болсон. Бас авлигалын шинжтэй томоохон дуулиант хэргүүдийг илэрүүлсэн нь ингэж үнэлэхэд нөлөөлсөн нь гарцаагүй. Олон түмний дундах энэхүү үнэлэмж хүндэтгэлийг баталгаажуулах эсвэл үгүй болгоход Н.Алтанхуягийн хамаатандаа авч өгсөн гэх тендерийн хэрэг нөлөөлж магадгүй юм. Тэгээд ч энэ хэргийг ард түмэн сонирхохоос гадна хүчтэй сөрөг хүчин шахаж шаардаж байгаа нь асуудлын хүрээг өргөжүүлэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын бага хурлын үеэр Н.Алтанхуягийн тендерийн асуудлыг сөхөж удирдлагуудаа хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй байна хэмээн олон гишүүд нь шүүмжилсэн юм.
МАН-ынханы тайлбараар бол бараг л хэрэг үүсгэхэд бэлэн хэмжээний материал өгсөн гээд байгаа. Мэдээж тэдний хэлснээр хэрэг үүсгэнэ гэж юу байхав. Гэхдээ л ямар ч хүн ойлгох хэмжээний ноцтой материалыг МАН-ынхан гартаа оруулсан байдаг. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн охин 23 настай Г.Уянга гэгч нь анх “Говь повер” хэмээх kомпанийг нэг сая төгрөгөөр худалдаж аваад маргааш нь тэрбум төгрөгийн дүрэмийн сантай болгосон байдаг. Тэгээд долоо хоногийн дараа “Эрдэнэс-Тавантолгойн” 17 тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулсан юм. Ноцтой нь Г.Уянга бүсгүй Н.Алтанхуягийн зөвлөхөөр олон жил ажилласан одоо ЗГХЭГ-ийн дэд дарга бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХХK-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч гэгдэж байгаа юм. Мөн энэ компанийг тендерт шалгаруулахын тулд “Эрдэнэс-Тавантолгой” ХХK-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь тендерийн хугацааг долоо хоногоор сунгасан нь тогтоогдсон. Бас сөрөг хүчнийг мэдээлэл хүсэхэд Н.Алтанхуягийн дүү Г.Уянгыг өөр Ч.Уянга хэмээх нэртэй хүнээр сольсон байсан нь илэрч бөөн дуулиан болсон. Ийм хуурамч мэдээллийг УБЕГ-ынхан сөрөг хүчнийхэнд өгсөн нь асуудлыг бүр ч хүндрүүлсэн. Төрийн байгууллага улс төрийн хамгийн том сөрөг хүчинд ямар зорилгоор хуурамч мэдээлэл бүрдүүлж өгсөн нь ч анхаарал татдаг.
Энэ бүхний учрыг олохын тулд юуны өмнө 17 тэрбумын тендерт ялалт байгуулсан 23 настай жинхэнэ Г.Уянгаас эхлээд хуурамч Ч.Уянга, “Эрдэнэс-Тавантолгой” ХХK-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн, “Эрдэнэс-Тавантолгойн” ХХK-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, УБЕГ-ын удирдлага гээд олон хүнээс мэдүүлэг авах нь гарцаагүй.
Ийнхүү асуудлыг хөндсөн сөрөг хүчин хугацаандаа хариу өгөхийг тэсч ядан хүлээж дараагийнхаа арга хэмжээг төлөвлөж буй бол ард түмэн АТГ-ыг аль хир шударга шийдвэр гаргах бол хэмээн ярилцсаар байна.
24tsag.mn