Гэвч хэзээ болсон билээ гээд санах гэхээр бодитой хэлчих зүйл олдохгүй. Тайлбарлаж чадахгүй нь хяслантай.
Зөвхөн маньд ийм зүйл тохиолддог юм болов уу гэсэн чинь үгүй юм аа. Бусад хүмүүст бас тэгж санагддаг аж.
Тэр ч бүү хэл нэг хэсэг хүмүүс энэ бүхнийг зүй тогтолд оруулчихсан урьд нас, сүнс, сүүдэр гэх мэт зүйлийг үүгээр дамжуулан тайлбарлах гэж оролдож байхад, өөр нэг нөхдүүд бүр шинжлэх ухаанлаг байдлаар нотлох гэж үзсэн байна.
Гейзенберг гэгч эрдэмтний физикийн онолын санааг “баяжуулчихсан” долгионы шинж чанар, сэтгэлгээний давтамжийн онол гэх зүйлийг “нээчихсэн яваа” хүмүүс ч байдаг аж. Тэд аливаа зүйл дахин давтагдах боломж нь бараг 60 хувьтай тэнцдэг гэж таамагласан байна гээд бодчих.
Тэнэг ч юм шиг эсхүл мааз ч юм шиг ийм тайлбаруудаас түр холдоод ер нь түүхэнд тохиолдсон давтамжуудын талаар дэвшүүлсэн саналуудтай танилцах гээд үзье л дээ.
Хамгийн ойроос эрдэмтэн Гумилёв Монголчуудын өсөлт, хөгжил, уруудал доройтол нь 500 орчим жилээр дахин давтагддаг тухай ярьж байхад, Изриальд болж байгаа бүхэн мөн л тодорхой жилийн давтамжтай, тэр бүү хэл лидерүүд нь гурав гурваараа ижил хувь заяатай гэх мэтээр нотлох маягаар бичсэн зүйлийг ч уншиж явлаа.
Энэ бүх нуршуу зүйл бичсний учир нь аливаа зүйл түүхэн хөгжлийнхөө явцад хэдийд ч юм дахин давтагддаг байж болох юм гэсэн таамаг маягийн зүйл дэвшүүлчихээд үндсэн ажилдаа орох гэж мунгинаж байгаа хэрэг л дээ.
Ингээд түүхэнд болж өнгөрсөн эерэг сайхан үйл явдлаас суралцаж, ухаарч авах, сөрөг муу үр дагавартай зүйлээс зайлсхийж, дахин давтахгүй байвал бага алдаж их хожно гэсэн ерөнхий тайлбар хийчихээд үндсэн яриандаа орох уу.
Гэрийн эзэн Оргон бол Тартюффын хийж буй үйлдэл, уран сайхан ярианд нь хууртан, үнэнийг олж харах сөхөөгүй болсон нэгэн. Тэрээр түүнийг шударга, цэцний туйл хэмээн онцгойлон хүндэлдэг аж.
Харин олон хүн түүнтэй санал нийлэхгүйгээр үл барам өнгөн дээрээ гоё ярьж, гэгээнтэн дүр эсгэх Тартюффыг хууран мэхлэгч гэдгийг нь гадарлаж эхэлдэг. Гэрийн эзэгтэй Элмира ч адил.
Харамсалтай нь түүнийг жирийн нэгэн бус жинхэнэ залилагч гэдгийг Оргонд ойлгуулах гэсэн оролдлого бүр хад мөргөн унах авай.
Жан Батист Поклень буюу Мольер хэмээх утга зохиолын нэрээрээ алдаршсан Францын суут зохиолчийн “Хууран мэхлэгч Тартюфф ” хэмээх инээдмийн жүжиг ингэж өрнөдөг юм.
Тартюфф шудрага ёсыг байнга ярина. Харин яриад байгаа шудрага ёсоо зөвхөн өөртөө ашигтайгаар тогтоох нь харамсмаар.
Хийж байгаа бүхнээ олны тусын тулд шүү гэж байнга онцолно. Гэтэл олны тусын тулд хийсэн өнөөх үйлдэл өс хонзонгоо тайлах санаархал байсан нь удахгүй илэрнэ …
Гэрийнхэн бүгдээрээ Тартюффыг хууран мэхлэгч гэдэгт баттай итгэж байхад харалган гэрийн эзэн Оргон л түүний уран цэцэн үгэнд автсан янзаараа.
Гэрийн эзэн бүр шудрага сэтгэлээ илтгэх гэж түүнтэй өөрийн охиноо хүртэл гэрлүүлнэ гэж шийддэг.
Энэ үед залилагчтай суухаар болоод байгаа хөөрхий охиныг өрөвдсөн хойд эх Элмира хууран мэхлэгчийг урхинд оруулахаар шийднэ.
Ингэж жүжиг өрнөл хэсэгтээ орно доо.
Үзэсгэлэнт Элмира түүнд нууцхан уулзах санал хүргүүлнэ. Хүсэлтийг хүлээн авсан Тартуфф ээж охин хоёрыг хамтад нь эзэмдэх сайхан боломж гэж хүлээж авалгүй дээ.
Нууцхан уулзалтын үеэр Элмираг эзэмдэх хүсэлдээ авсан Тартюфф ..Зүрх сэтгэл минь танд нэгэнт татагджээ… гэж “хошгоруул”-даг.
Хүссэн зүйлээ хэлүүлж хуурамч эр гэдгийг нь нотолсон Элмира нөхөртөө үнэнийг хэлнэ гэж сүрдүүлнэ. Охиноо аврах гэж тэр шүү дээ.
Тартюфф хүнд байдалд орлоо.
Харамсалтай нь гэнэхэн жаал хүү Дамис энэ явдлыг хөндлөнгөөс харчихаад эцэгтээ түрүүлж хэлснээр үхтлээ айж, юу зохиож ярихаа шийдэж чадахгүй байсан мэхлэгчид шинэ боломж гараад ирэх тэр ээ.
Элмираг “хошгоруулсан” –аа зальжинаар нуух шинэ арга бодож олно оо өнөөх чинь.
Асуудалд орсон тэр аврал эрж уйлан ээждээ очих хүүхэд шиг Оргон дээр очиж жүжиглэж чадсанаар новшийн арьсаа хамгаалчихдаг.
“Хөгийн гар” харалган гэрийн эзний “буян”-аар баатраар тодорлоо.
Энэ хэвээр үргэлжилбэл амьдрал ёстой хог болох байлаа. Хардалт, ховлолт газар авч хүн хүндээ үл итгэнэ.
Шударага хүмүүсийн ачаар нуугдаж байсан үнэн илэрлээ.
Оодорч байсан хууран мэхлэгч Тартюфф гарах гарцгүй болно.
Аврал эрж, энд тэндэхийн нэр алдартай хүмүүсээр өөрийгөө магтуулахыг оролдлоо. Зарим нэгнийг айлгах гэж, бүр ядахдаа уяраах гэж оролдоно.
Гэвч цаг цагаараа биш ажээ. Тэр яагаад ч нэмэргүй болжээ.
Гоё яриа, гэгээнтэн дүрд хэн ч итгэхээ больжээ. Тартюффыг шүтэн биширдэг байсан харалган Оргон хүртэл түүнийг “эгнэгт жийнэ”.
Сургамжтай хэрнээ инээдмийн жүжиг ингэж төгсдөг билээ.
Бичсэн жүжиг нь өнөөг хүртэл хүн төрлөхтнийг сэнхрүүлж байгаа ноён Мольерт гурван зуун 4 жилийн дараа Монголын жирийн иргэнээс гүн талархал илэрхийлмээр.
Шудрага ёсыг өөртөө ашигтайгаар тогтоох, хийж байгаагаар сайрхах, гэмтнийг тодруулж, Дамисыг гэрээс нь хөөлгөж чадсан зэрэг нь Монголд өрнөсөн зарим нэг үйл явдалтай төстэй эсэхийг уншигч Та л тунгаана биз.
Элдэв дээдийн засвар хийсэнгүй. Мольерын жүжигт өгүүлсэн агуулгаар нь л сийрүүлсэн минь энэ.
Ер нь уншаарай гэж зөвлөе. Уншсан хүмүүсийг эргээд нэг эргэцүүлээрэй гэж хүсье.
Мольерыг ивээж байсан Францын XIV Луй энэ жүжгийг хааж байсан гэхээр зохиогч санааг нь зүгээр гэнэтхэн бодож олоогүй юм шиг байна лээ.
Мольер цаг хугацаагаар үнэн илэрдэг тухай үзлээ энэ жүжгээр далд утгаар илэрхийлсэн юм.
Тэрээр Тартюффыг илчилсэнээр хэд хэдэн санааг онцгойлон гаргаж хүн төрлөхтөнд сануулсан.
Энэ нь хэдэн жилийн хойноос харахад өнөөдрийн зүйлс эсрэгээрээ харагддаг, олби огтоно мэт Тартюфф үнэндээ зальжингаас илүү хортой нэгэн байсан тухай, олноороо нийлж үнэнийг тогтоодог болохоос, хүний тогтоосон “үнэн”-ийг олноороо даган баясдаггүй тухай санаанууд…
Бүгдээрээ л өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ.
Харин Мольерын сануулгыг хүмүүс хэрхэн хүлээн авч, Тартюффыг илчлэхийг цаг хугацаа л харуулна даа.
Өө нээрээ удалгүй АНУ-ийн нөлөө бүхий эрхэм манай нэг хүнийг “авралын элч” мэт ярьж, ухуулах ажиллагаа явуулахаар айлчилна байх даа гэсэн өөрийн таамаглалыг дэвшүүлж байгаагаа хэлмээр байна.
Жон Керри, Билл Клинтон за тэгээд хэн ч байж магад. Тэд бүгдээрээ Америкдаа хайртай. Харин Монголд хайртай эсэхийг нь мэдэхгүй.
Эцэст нь хамаг дэлхийн энх тайвны Нобельтнууд Монголын ардчиллыг харахаар сэтгэл шулуудаад өөрийн хүсэлтээр ирсэн байгаасай л гэж найднам.
Тэдгээр Нобельтнүүдийн бидэнд захиж үлдээсэн зүйлийг нь одоогоор сайн судлаж амжаагүй л байна. Удахгүй захиасыг нь судлаад санаагаа хуваалцана гэж бодож байгаа.
Дам сонсох нь ээ дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас ч илүү хор хөнөөлтэй байдаг юм шүү гэж тусгайлан захисан гэнэ лээ дээ.
Монголчууд бидэнд…
Улс төр судлаач О.Алтансүх
ugluu.mn