Алтан сарнайт далбаанд нь ардчиллын салхи сэвэлзэж, Ардын намын шижигнэсэн залуус луухгаруудаа ялан дийлж аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж чадлаа хэмээн хоёр өдөр шуугилаа, цаагуур чинь. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж чадсан Ардын намын залуус МАК-ийн Н.Номтойбаяр, Нийслэлийн Д.Амарбаясгалан, “Үнэн” сонины Ж.Мөнхбат, Отгонбилэг агсаны хүү Содбилэг, Оюуны Ундраагийн Амарсайхан, Ховдын Д.Бямбацогт, Генсек Д.Занданшатар, Дарханы Ж.Сүхбаатар, Янгуугийн Содбаатар, Пиарчин Дэмбэрэл, Дундговийн Амарсанаа, НАМЗХ-ын Л.Оюун-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Симба Бат-Энх, Их засагийн Н.Учрал, Ардын мэдээгийн Б.Цогтгэрэл, өндөр Шараваа, жигүүрийн Батсүмбэрэл, Аюурсайхан, Ганхуяг, эсэргүү төлөөлөгч Ганбаатар, ТВ5-ийн Ганбаяр, Суман гүнийн Сүхбаатар, Орон сууцны санхүүжилтын корпорацийн Алдаржавхлан, Оюутны холбооны генсек Гантулга гэх ардчиллын салхи сэвэлзүүлсэн залуус юм гэнэ.
 
Харин Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Т.Бадамжунай гээд энэ намыг өөрийнхөө өмч хөрөнгө, хувийн “албатаа” гэж боддог хэдхэн тооны олигархиуд энэ удаад хамраараа газар хатгаж Ө.Энхтүвшинтэйгээ хамт “мартагдсан дууль” боллоо хэмээн тун ч бахтай нь аргагүй тавлан бичиглэжээ, нэгэн нийтлэлч. Үнэхээр залуус нь ингэж зүтгээд алтан сарнайт далбаандаа ардчиллыг авч ирсэн бол баярлахаас яахав. Гэвч хамаг муу муухайгаа үргэлж дотроо хадгалж ирсэн Ардын намынхан дотор асуудал арай л өөр яваад байгаа гэх. 

Үнэн хэрэгтэй бол хэл амтай хардалт, маргаантай энэхүү бага хуралд Б.Бат-Эрдэнэний нэр цойлж гарч ирэхэд хамгийн чу­хал үүрэг гүйцэтгэсэн хоёр хүн бол У.Хүрэлсүх, М.Энхболд нар байсан гэх “бор шувуу” бага ху­рал эхлэхтэй зэрэгцэн ни­сэл­дэв. У.Хүрэлсүхийн гэх 50 хүн ши­нээр бага хурлын гишүүнээр бүртгүүлж, энэ асуудлаас болж маргаан дэгдсэн гэх яриа ч хүчтэй гарлаа. Б.Бат-Эрдэний төлөө санал өгөх үүрэг хүлээсэн бага хурлын гишүүд нь ажлаа сайн хийж чадлаа гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байна. У.Хүрэлсүх МАН-ын нэрийг сольж намаа сон­гуулиар ялагдуулсаны дараа­хан УИХ-ын гишүүнээс сайн ду­­раараа татгалзсан. Түүнийг ирэх сонгуульд хүч үзэхээр бэлт­гэ­­лээ базааж эхэллээ хэмээн хар­даж байсан ч өөрөө биш өөрийн­хөө “морь” болох Б.Бат-Эрдэнэ авар­гын бэлтгэлийг дал­даас ба­­зааж суужээ. М.Энхболд, У.Хү­­рэл­сү­хийн фракци бол Ардын намд нэлээд жин дарах фракциуд. Тиймдээ ч Н.Энхбаярт наалдаж, Ардын на­мын хувь заяаг атгачихаад бай­гаа Ө.Энхтүвшиний өм­нөөс бэлтгэсэн хүн нь ялалт бай­гуулж чадлаа. Тэд ч баяртай бай­гаа нь мэдээж. Одоо айдгаа авд­ран­даа хийчихсэн учраас на­мын гишүүдийн дэмжлэг, нэр цэвэр гэх сурталчилгааг хангалттай цацаж, М.Энхболд, У.Хүрэл­сүхийн “сойсон” морь гараанд га­рахад бэлэн болжээ.

Гэсэн ч тэ­дэнд ганцхан айдас байгаа. Тэр нь мэдээж Н.Энхбаяр. Шорон­гийн эмнэлэгийн умгар өрөөнөөс хоёр намын хувь заяагаар “наа­даж” суугаа Н.Энхбаяр ирэх өдрүүдэд ямар нүүдэл хийх нь Ардын намынханд тун со­нир­холтой хүлээлт үүс­гэ­сэн асуу­дал болчихоод бай­на.  Н.Энх­­­баяр хэзээнээс л Ө.Энх­түв­­­шинг дэмжиж байсан. Ха­рин Ө.Энх­­­түвшин намын залуус­таа ялагдчихсан учраас Н.Энх­баяр өөр гарц эрэлхийлэх нь то­дор­хой. Б.Бат-Эрдэнэ танай на­маас нэр дэвшсэн тохиолдолд эвсч, хам­тарч сонгуульд орох боломж­гүй гэдгийг Н.Энхбаяр нэг биш удаа хэлж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үеэр МАХН руу явна гэж яригдаж байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд Б.Бат-Эрдэнэ гишүүн байсан ч Сү.Батболдтой наймаалцаж той­рог аваад Н.Энх­баярыг жийж орхисон учраас тэр юм. Н.Энх­баярын намд Б.Бат-Эр­дэнэ ги­шүүн орж ирэх нь маш их хэ­рэг­тэй байсан ч, тойргоор Н.Энх­баярыг сольчихсон хүнтэй өнөө­дөр нэгдэх тухай яриад, дэм­жээд явна гэдэг утгагүй хэ­рэг гэж үзсэн хэрэг л дээ. 

Мөн араас нь М.Энхболд, Н.Энхболд гээд аль нэг фракцийг дэмждэг баз­даг нөхдүүдэд итгэхгүй гэсэн бай­гаа юм. Тиймдээ ч М.Энхболд Н.Энхбаяр ба Ө.Энхтүвшингийн эсрэг намын гишүүдээ хөдөлгөж дөнгөжээ. МАН-ынхан МАХН бол аль ч сонгуулийн үед санал хувааж байсан гэдгийг хүлээн зөв­шөөрдөг. Тэгэхээр МАХН-ын хийх нүүдлээс МАН-ын нэр дэв­шигчийн хувь заяа ихээхэн шалт­гаалах болчихоод байна. Н.Энхбаяр ба түүний нөхөд дан­гаараа орох эс бөгөөс АН-ыг дэм­жих шийдвэр гаргалаа гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн ямар ч өндөр рейтингтэй байгаад ч нэмэр болохгүй. МАХН, МАН гэсэн хоёр намын санал нэгдэж байж л АН-ын нэр дэвшигчийг уна­гана уу гэхээс МАН дан­гаараа ардчиллын салхи сэвэл­зүү­лэх залууст итгээд нэмэргүй. Учир нь Ардын намын нэгэн гол багана байсан ахмад, дунд үеийнхэн Н.Энхбаярыг “баас­тай бурхан” мэт шүтсээр бай­гаа учраас тэр юм. МАН-ын айдас одоо Н.Энхбаяр болжээ. Н.Энх­баяр ямар шийдвэр гаргах бол гэдгийг бүх улс төрийн хү­чин хүлээж, тагнаж, тандаж, тал засахыг хичээж байна. Н.Энх­­баяр шийдвэрээ энэ до­лоо хоногийн сүүлээр гаргах учир­тай

Б.Өнөртогтох

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

Монголын мэдээ

www.zone.mn