1. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал манай улсад зохион байгуулагдснаар нийслэл маань өнгө төрхөө өөрчилж, өвлийн өтгөн утаа, шороо тоосноосоо хальт хульт хагацав. Сэтгэл байвал чаддагийн жишээ боллоо.

2. Энэ үеэр нийслэлд багтдаггүй их машины тэн хагас нь “хураагдаж” хотын хөдөлгөөн сийрэгхэн бөглөрөө түгжрээгүй ёстой л нар гарсан өдрүүд болов.

3. Инээж буй хүний дүр төрх бүхий баг л өмсөхгүй бол хэр барагтай инээдэггүй манай улстөрч эрчүүд энэ өдрүүдэд нүүр дүүрэн инээмсэглэж өнгөрүүллээ.

4. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын “Монгол төрийн гал голомтыг сахих” өргөөнд Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават “нэвтэрч” тэр бүү хэл эмэгтэй хүний бараа харуулах ёсгүй хаалттай бүсэд нэвтэрч гал голомтыг нь “бузарлачихлаа”. Харин энэ санааг анх гаргасан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нүүр дүүрэн баясал тодруулан харж зогсох юм.

5. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Тай хатагтайг онцлов. Тэрбээр Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, манай хурлын хүндэт зочин, эрхэмсэг хатагтай Инглак Шинэватра. Таныг манай ард түмэн Тайланд улсад сүүлийн жаранд тодорсон хамгийн залуу, бас анхны эмэгтэй Ерөнхий сайд гэдгээр сайн мэднэ. Монгол Улс олон алдарт охид, ээжүүд, төр нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдээрээ бахархдаг. Манай залуу үе, олон охид эмэгтэйчүүд Таныг хараад маш их итгэл, урам зориг авч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” гэв.

6. Байгалийн баялагаараа олон улсын анхаарлын төвд орсон манай улсын эрх баригчид нүүрэндээ инээмсэглэлтэй, нүдэндээ баярын очтой залуус гэдгээ харуулав.

7. Ардчилал хөгжсөн Монгол Улс арабынханд үлгэр жишээ орон болно гэсэн нь хамгийн онцолмоор үг байлаа.

                   1. Нобелийн шагналт, сэтгүүлч, улстөрч, хүний эрхийн төлөө тэмцэгч, Йемений иргэн, хатагтай Таваккол Карман Йемений           залуучуудыг Монголд ардчилал хэрхэн хөгжсөн, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, илт тод байдлаар харилцан туршлага судлуулах хүсэлтэй байгаа гэв. Монгол улсаас хэвлэл мэдээллийн эрх чөлөөг судлуулах асуудлыг хөндөж байгаа нь манай эрх баригчдын “шоу”-тай холбоотой.

                   2. Нобелийн энх тайвны шагнал хүртсэн эрхэмсэг хатагтай Тавакул Карманыг Арабын хаврын сэтгэл нь, оюун санаа нь гэж нэрлэж болох юм. Сэтгүүлч, улс төрч, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч энэ эмэгтэй Йемен улсад 2005 онд бусад 7-н эмэгтэй сэтгүүлчийн хамт “Гинжнээсээ салсан эмэгтэй сэтгүүлчид” гэдэг бүлгэм байгуулж, зөвхөн улсдаа төдийгүй тэр бүс нутагт эрх чөлөөт сэтгэлгээний түүчээ нь болсон гэдгийг Ерөнхийлөгч онцлов.

8. Латви Улсын Гадаад хэргийн яамны Парламентын нарийн бичгийн дарга Викторс Макаровс Ардчиллын замаар 20 гаруй жил замнаж байгаа Монголд хүрэлцэн ирж, ардчилсан хувьсгалын ололт амжилтыг нь хэлэлцэн, туршлага хуваалцаж байгаадаа баяртай байна гэв. Байдаг л, хэлдэг л үг.

9. Ерөнхийлөгч хамаг бүхнээ хамж шимэн ярив. Монгол Улс 1990 оны хавар ардчилсан хувьсгалаа цонхны нэг ч шил хагaлалгүйгээр, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр тайван замаар хийж чадсан. Энэ нь үнэн. Гэхдээ ардчилал ардчиллын замаар яваагүй жаахан хазайснаа “нуучихлаа”.

10. Алт шиг үг. Иргэд нь эрхгүй бол ямар ч алтан бороо хүний амьдралд наалдахгүй. Хүний юм хүнд наалддаггүй гэж монголчууд ярьдаг юм.

11. Авлигын хохирогч нь ард түмэн, хожигч нь авлигажсан эрх мэдэлтнүүд болж байна. Авлига, муу мөнгө, түүнийг дагасан сүлжээ хүчтэй байна. Авлига ардчилалд итгэх иргэдийн итгэлийг эвдэж байна. Эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан бол авлига, муу засаглал гэдгийг хүн бүхэн мэднэ гэдгийг ч бас хэлсэн.

12. Энэ үгийг Ерөнхийлөгч хэнд зориулав. Хувийн эрх ашгаа нийтийнхээс дээгүүр тавьдаг, хувийн сэтгэл хөдлөлөө төрийн бодлого гэж үздэг улс төрчид байсаар л байна.

13. Сайхан үг. Монголд ардчилсан хувьсгал өрнөж байхад дунд сургуульд сурч байсан хүүхдүүд өнөөдөр дунджаар 30 нас хүрч, ачаа үүрэх чадалтай болжээ.

14. !!! Хүнийг алж биш гэмийг олж шийтгэх нь зөв. Энд төр алдах эрхгүй. Хүнээс үүсэлтэй төр хүний амийг хөнөөх эрхгүй!!!

15. Ерөнийлөгч ингэж хэлэв. Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүн бүр эрх чөлөөтэй амьдрах хувь тавилантай. Эрх чөлөөг зарим үед нухчин дардагч эрх чөлөө эргээд л сэргэдэг. Эрхээ эдэлж байгаа хүн бүтээлч байдаг. Иймээс эрх чөлөө хөгжил дэвшилд хөтөлдөг. Би хувьдаа эрх чөлөөт иргэдийнхээ чөлөөт сонголтоор ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчилж байгаадаа туйлын их бахархаж явдаг. Монгол бол өдөр бүр сайн мэдээ сонсож болох орон. Эрх чөлөөт хүмүүс гайхамшгийг бүтээдэг. Ерөнхийлөгчийн энэ үг амьдралд хэр нийцэж байна.

16. Ойлгомжгүй үг. Найман зууны тэртээ морьтойгоо гарсан Монгол цэрэг энэ өдрүүдэд эх орондоо буцаж ирсэн бол юу гэж бодох байсан бол?

17. Хүнсний нэн яаралтай тусламж хэрэгтэй Хойд Солонгосын иргэд, гэр бүл, хүүхдүүдийг хараад бидний сэтгэл өвдөж байна гэв. Харин өнөө маргаашаа арайхийн өнгөрүүлж буй хөх толбот монгол үрсээ өрөвдөхгүй байна гэж үү.

18. Энэ дэлхийд хүн бүр эрх чөлөөтэй, энх амгалан амьдрах боломжтой. Тийм эрхтэй. Тэр сайн цагийг тоссон бидний үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

Эх сурвалж: Зиндаа.мн