Сүүлийн үед надаас нэг бодол огтхон ч салахаа болилоо. Уншиж бодох тутам нэг л асуудал сэтгэл зовоож, айдас түгшүүр нэмэх болов. Энэ нь Монгол эх орон минь цаашид яах бол, монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил чухам хаашаа яаж яваад байна вэ? Гэсэн асуудал юм. Монгол  улс ардчилал, шинэчлэл гэдгийг хийж, зах зээлийн эдийн засагт  шилжихдээ том гэгч  алдсан нь хэн бүхэнд эл тод болсон зүйл. Харин энэ алдаагаа засаж чадах болов уу гэдэг нь хамгийн гол асуудал болоод байна.

Дэлхийн олон улс орон зах зээлийн жамаар хөгжихдөө олон ч алдаж, хямралд гүн автаж эдийн засаг нь нурах, нурахгүйдээ тулж байсан зовлонт ээдрээт замаар хөгжиж иржээ. Бид тэдний туршлагыг нь судлахгүйгээр зүгээр энэ зовлон үзсэн замаар яг эхнээс нь яваад байх шиг.  Нэгэнт бусад улс орон туулаад өнгөрсөн энэ замаар яг тэр ёсоор нь явах шаардлага чухам бидэнд байна уу. Мэдээж үгүй, бусдаас туршлага авч хөгжлийн замаа дөтлөх нь улс эх орноо боддог хүн бүр, улс төрийн хүчин бүр тооцоолж байх ёстой зүйл. Гэтэл бидний байгаа байдал одоо ямар хэмжээнд байна вэ?

Монгол орны эдийн засгийн хөгжил нь бүтээлч үйл ажиллагаагүй, зөвхөн ашиг хөөцөлдсөн үйлчилгээний, ченжийн тогтолцоог хөгжүүлсэн зах зээлийн онолоор яваад удлаа. Өнөөдөр монголд хамгийн амархан ашиг олдог салбар нь үйлчилгээний салбар болж бүгд түүн рүү хошууран гүйлдэж байна. Эдгээр үйлчилгээний салбар нь баялгийг бүтээгч, үйлдвэрлэгч нараас илүү их ашиг олдог гаж  тогтолцоог улам дэвэргэж, дэлгэрүүлэн хөгжүүлж байна. Жишээ авья. Өндөг үйлдвэрлэдэг тахианы аж ахуй анхны хөрөнгө оруулалт ихтэй ихээхэн ажил, эрсдэл туулж байж өндөг үйлдвэрлэнэ. Гэтэл өндөг борлуулдаг захын дэлгүүр өндөг зараад үйлдвэрлэгчээс илүү ашиг олно. Хагарсан өндөг байвал буцааж борлуулалтын хорогдол хийнэ. Тэрэнд түрээсийн байр байхад л хангалттай. Энэ нь зах зээлийн шудрага хувиарлалт уу. Үүнээс болж хөрөнгө оруулагчид  өндөгний үйлдвэрлэл  эрхлэхээ больж өөр салбар луу орно, эсвэл  дампуурна.

Бусад үйлчилгээний салбарч мөн ялгаагүй ихээр хөгжиж ихээхэн ашиг олж байна. Таваг хоол нь төлөгний үнэтэй болсон байна. Бизнест үйлчилдэг санхүүгийн байгууллага ч мөн ихээхэн ашиг олж байна. Банк, санхүүгийн үйлчилгээ, Аудит, үнэлгээ, даатгал, санхүү, хуулийн фирм, өмгөөлөгч,  кино театр, худалдаа, шоу, баар, хоолны газар гээд ашиг ихтэй бизнесүүд бүгд үйлчилгээний салбар. Төрд  үйлчилдэг үйлчилгээний байгууллага нэмэгдээд байна. Үүнийг уншигч та ч гэсэн өөрт тохиолдсон үйлчилгээний салбарын үний өсөлтийн талаар бодоорой.

Энэ нь хэт хөгжвөл хямралд тун амархан ордог. 2008 оны дэлхийн хямрал ашиг их олдог банкнаас эх үүсвэртэй байв. Манайд энэ хямралын шинж тэмдэг илрэх болов. Жишээ авья. Саяхан жолоочийн даатгалын  тухай хууль гарлаа. Жолооч бусдын машиныг мөргөвөл түүнийг нь даатгалын байгууллага төлөх систем үйлчилж эхлэв. Урьд нь үүнийг засахад ихээхэн түвэгтэй байсан бол одоо даатгалын байгууллагад хандаад л болоо. Зах зээлд оролцогчид үүнийг дор нь хүлээн авч үйлчилгээний хөлс өсөв. Сэлбэг зардаг дэлгүүрийн борлуулалт ч ихсэв. Борлуулалт ихсэхийн хэрээр ашгийн түвшин ихсэх нь мэдээж, гэтэл зах зээлд оролцогчид ашигт улам шунан үнээ нэмж эхлэв. Сэлбэгийн үнэ өсөж, засварын газрын үнэ үйлчилгээний хөлс нэмэгдэв. Үүнийг дагаад даатгалын байгууллагаас олгодог мөнгө нэмэгдэх зэргээр гинжин урвал ажиллаж эхлэв. Үүнийг зогсоох төр засгийн бодлого байна уу. Зах зээлийн зохицуулах систем байна уу, уучлаарай хаана ч байхгүй. Чөлөөт зах зээл мэднэ л гэсэн ганц дүрэм үйлчилж байна.

Бүх юмыг чөлөөт зах зээлд даатгасан зах зээлийн үл үзэгдэгч гар зохицуулдаг гэдэг онолтой байж байна. Гэтэл дэлхий даяар энэ онол буруу гэдгийг аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн байдгийг мэдэх хүн ч алга бололтой..
Монголд санхүүгийн хямрал болход тун ойрхон байна эдийн засаг ганцхан уул уурхайгаас хамаараад голланд өвчинд хэдийнээ нэрвэгдсэн байдаг. Одоо яах вэ? Засаг төр барилцаж байгаа их хуралд суудалтай улс төрийн намууд эдийн засгийн хөгжлийн чиг бодлогоо яаралтай өөрчлөөч. 1,5 тэр бум ам.доллороор тэртэй тэргүй мөнгөөр хахаж байгаа голланд өвчинд нэрвэгдсэн уул уурхайгаа бүү тэтгээч.

Зах зээлийн шинэ бүтцийг яаралтай бий болгооч. Бусдын зовлон үзэж туулсан замаар бүү ард түмнээ явуулаач. Эдийн засагт өгөөжтэй оюуны бүтээл шингэсэн, өндөр үр ашигтай салбарыг яаралтай бий болгооч, тэдгээрийг дэмжин гаргаач. Учир нь энэ салбарыг төрөөс дэмжихгүй бол хөгждөггүй гэдгийг олон орны туршлага харуулчихсан. Америкийн Силконы хөндийг төрөөс нь дэмжиж байж босгосон бус уу. Орос улс энэ байдлыг маш сайн ойлгосон учраас шинэ технологи бий болгох салбараа дэмжихээ зарлаж хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Үүнээс дүгнэлт хийхэд Монгол улс эдийн засгийн бүтээлч шинэ салбар үйлдвэрийг яаралтай бий болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Засгийн газар үүнд анхаарлаа хандуулах цаг нь хэдийнээ болжээ. Шинэ засгийн газар шинжлэх ухаан  дагнасан хотуудыг хурдан байгуулаач. Цаана чинь ард түмэн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг хүсэж байна шүү дээ.
 
 
 
Эх сурвалж: Сонин.мн