УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар “Огцруулах шаардлагагүй” гэж үзсэн билээ. Энэ шийдвэрийг гаргахын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар тус бүр бүлэг бүрийг төлөөлөн бэлтгэсэн санал дүгнэлтийг танилцуулсан юм. Ардчилсан намын бүлгийн хувьд Засгийн газрын тэргүүнийг огцруулах нийгэм, эдийн засгийн алдаа гараагүй гэж дүгнэв. Энэ тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэнээс ямар Засгийн газрыг хүлээж авсан, энэ улс орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөө аль улс төрийн хүчин хэдий хугацаанд юу хийсэн, юу хийж байгаа, юу хийх ёстой гэдгийг тодорхойлов.
Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар “Чингис бонд”-ыг босгосноор үндэсний гадаад валютын нөөц хоёр дахин нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгааг бий болгосон байна. Газрын тосоо экспортолж, боловсруулалт хийн, “Монгол-93” маркийн үндэсний шатахууны брэнд бий болгосон нь шатахууны хараат байдлаас гарах анхны чухал алхам болжээ.

Мөн “Сум”, “Гудамж”, Авто зам, Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг хангасны дээр олон жил саатсан Хөшигтийн хөндийд барих шинэ онгоцны буудлын ажлыг эхлүүлэхэд бэлэн болгосон гэхчлэн найман сарын хугацаанд олон ажлыг амжуулж болохыг тодорхой баримтуудаар дүгнэсэн юм.

Харин МАН-ынхны санал дүгнэлтэд ирээдүй рүүгээ харсан, томоохон бүтээн байгуулалт болон авлига хээл хахуултай тэмцэх санаа тусгагдаагүйгээс гадна өнгөрсөн хугацаанд юу хийснээ тайлагнаагүй. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн цагаасаа хойш өөрсдөдөө ч итгэл алдраа юу гэмээр харагдах болсон Ардын намынхнан олонхдоо ташуур болохын оронд чөдөр болж байна гэж дүгнэхээс аргагүйд хүргэж байгаа юм.

Багагүй хугацаанд хэл ам, маргааны бай болсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч мөн энэ тухай МАН-ын гишүүдэд хандаж “Харанхуй гэж зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаагаад өгөөч. Маргааш мартагдаж болзошгүй, нөгөөдөр бүр арилж ч магадгүй тийм шинэчлэлийг бид өнөөдөр л хийх ёстой, Хугацаа алдаж огтхон ч болохгүй” хэмээн эрс шийдэмгүй хэлсэн юм.

 

                                                                                                                                                                                                       Р.Гэгээ

                                                                                                                                                                                                 www.new.mn