Монголын төр сүүлийн үед ширээ тойрч суугаад, дундаа ганц шил “цагаан долгор” тавьчихсан халамцуу царайтай зальжин санаатай эрсийн дүр төрхийг эрхгүй санагдуулах болов. Төрийн жолоог атгаж буй эрх баригчдын суудлаа авч үлдэж, алдаагаа хаацайлах гэсэн алхам эцэстээ уран үг,  улайм цайм  шоу руу хөтөлж эхэллээ.

Ерөнхий сайдын төрсөн дүүгийн охин “явдаг”

17 тэрбумын тендерт 23 настай Г.Уянга хэмээх “жаахан охин”-ы компани ялалт байгуулсан хэргийг сөхөөд үзтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Наранцэцэгийн охин байж таарч. Үүнийг нь гаргаж тавих гэтэл богинохон хугацааны дотор Г.Уянга нь тэр даруйдаа нэрээ сольж Ч.Уянга болон хувирч, Ерөнхий сайдын хамаатан биш болоод, “холдоод” явчихлаа.

Өнөөх Г.Уянга нь ЗГХЭГ-ийн дэд дарга Г.Дэнзэний гэргий болоод цаашдаа төр дэх ураг садны удмын бичиг уртаас урт хөврөөд явчихваа. Төр үнэндээ нэг иймэрхүү л болж.

Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал тавихад Н.Алтанхуяг ихэд инээмсэглэж “Бид та нартай дөрвөн жил хамтран ажиллаад л ирсэн. Гэтэл та нар биднийг наймхан сар ажил хийхээд битгий ингээд бай л даа” хэмээн их л найрсаг, найзархуу инээмсэглэн өгүүлсэн нь урд хөршийн ганзагын наймаачдын урдаа барьдаг аргыг эрхгүй санагдуулав.

Харин төрсөн дүүгийнх нь охины компани тендерт ялсан талаар өгүүлэхдээ Ерөнхий сайд их хачин үгс хэрэглэсэн. Хачин ч гэж дээ, гудамжны бүдүүлэг хэллэгийг УИХ-ын танхимын индэр дээрээс хээв нэг хэлээд, мушилзан зогсов. Аргаа барсан хүний арга л гэж энийг хэлдэг байх даа. Тэрээр төрсөн дүүгийнхээ охины талаар “Хэнтэй явдагийг нь сайн мэдэхгүй байсан. Жилийн өмнөөс явж эхэлсэн юм билээ” гэх мэтчилэн ярьж гарсан. Ерөнхий сайдын хувьд бол энэ үг амнаас амархан урсаад гарчихдаг “дархан үгс” нь бололтой. Харин зарим иргэдийн хувьд гэртээ ч хэлэхээс цээрлэдэг бүдүүлэг хэллэгт тооцогддог.

Иймэрхүү үгсээр наргиа болгож, сөрөг хүчнийхээ мөрийг алгадахыг тэрээр хүсчээ. Үүгээрээ л яг ганц шил юм “зохицуулах” гээд суугаа халамцуу эрчүүдийн үлгэрийг эрхгүй санагдуулав. Ямартай ч Ерөнхий сайдын маань хэлснээр түүний төрсөн дүүгийн охин “явдаг” юм байна гэж ард иргэд ойлгоод үлдлээ. Харин Н.Алтанхуяг энэ үгийнхээ дараагаар Сайдын сэнтийдээ суусаар үлдэв.

С.Баярцогт “дарга” гэсэн үгсээ тануулж, ихэд хохиров

Буруу замаар мөнгө олчихоод түүнийгээ угаах гэж ядсан олигархиудын хадгаламж гэгддэг оффшорын бүс дэх банкинд хадгалж байсан С.Баярцогтын 1 сая ам.долларын олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлж гаргаж ирснээр, түүний нүүрийг түлчих шиг л болсон. Гэхдээ Оюутолгойд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж их хүчин “чармайлт” гаргасан гишүүн хэрэг явдал нэгэнт баригдах шатандаа орсон тул өөрөө эхэлж улайх шилдэг аргыг хэрэглээд амжлаа.

Тэрээр УИХ-ын даргын буудлаа өгөөд оронд нь олон жилийн турш хөрөнгө оруулгын мэдүүлгээсээ нууц дансаа нууж, татвараас олон жилийн турш зайлсхийснээ цайруулаад авлаа.

УИХ-ын дэд даргын албан тушаал гэдэг ийм л үнэ цэнэтэй зүйл байдаг аж. Тэгэхээр энэ албан тушаал руу хүмүүс тэмүүлэлгүй яахав. Хэрэг хийчихээд, булхай нь илэрчихвэл даргын албан тушаалаасаа буугаад УИХ-ын гишүүнээрээ үлдчихнэ. Яахав, энд тэнд зугаалж, илүүтэй цэцэрхэх боломжоо л хаалгаад үлдэх нь энэ.

Үүнээс хойш С.Баярцогт УИХ-ын дэд дарга биш харин зүгээр л УИХ-ын гишүүн болсон. Тиймээс тэр их хохирсон байгаа биз.

Монголын төрд өнөөдөр иймэрхүү л үйл явдал өрнөж, энэхүү үйл явдлыг бид алмайран ширтсээр суух ажгуу. Ингэж суух зуур эдийн засгийн мэргэжилтнүүд ирэх зун Монгол улс элгээрээ ч мөлхөж магадгүйг сануулаад байна. Уран үгс хэлж, ураг саднаа тэтгэж, даргын суудлаа хураалгаж, дансаа нууж явсаар байтал улс орон минь сөгдлөө. Үгээр тоглосон улстөрчдийн үйл балгийг улс орон, ард иргэд л үүрнэ дээ.

 

                                                                                                                                                                                           Р.Гэгээ 

                                                                                                                                                                                            www.new.mn