Үг, үйлдэл нь төлөвшөөгүй Ерөнхий сайдаас ичиж үхэх нь. Үндсэн хууль зөрчсөн энэ тэр гэж элдэв зүйл шалтаг, шалтгаан тоочихын ч хэрэг алга. Гишүүдийн асуултад хариулсан тэнэг үгнүүд нь түүнийг огцруулахад хангалттай үндэслэл, нотолгоо болно. Төрийн өндөр дээд албан тушаалтны амнаас гарч байгаа авиа бүр хариуцлагатай байх учиртай биз дээ. Монгол моодонд орж, дэлхий нийтийн анхаарлын төвд онилогдоод байгаа энэ үед гүйцэтгэх Засаглалын тэргүүн ээрч муурсан, бултаж, бөөрөнхийлсөн, дээр нь ичиж үхмээр үг хэллэгтэй хариултуудыг байнгын ажиллагаатай парламентын танхимын индер дээрээс өгч суугааг юу гэж тайлбарлах уу. Үг хэлэх бүрт нь өмнөөс нь ичиж, улайснаа хэрхэн учирлах вэ.
“Надаас асуулт асуух АМЬТАН байна уу”, “Алийн болгон “БААС”-ыг чинь цэвэрлэж явах юм бэ”, “Та нар яасан их хууль сахидаг юм. Би тэр хуулийг чинь мэдэх ч үгүй” гэнэ үү. Энэ одоо юу вэ. Тэгвэл хууль мэддэггүй хүнээр Засгийн газрыг тодорхойлуулах хэрэг байгаа юм уу. Мань хүн ч гэсэн ухамсраараа суудлаа тавьж өгөөд хуулийн мэдлэгээ дээшлүүлсэн дээр биш үү. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэж үг байдгийг Н.Алтанхуягийн ой ухаанд нь шингэтэл ойлгуулах хэрэгтэй юм байна, хөөе. Аав, ээж нь бага залууд нь хэлж, ойлгуулаагүй үгийг ах намынхнаар чичлүүлээд ч ухаарахгүй шинжтэй, энэ нөхөр. Тийм болоод л элэг хөшиж, ичиж үхмээр хариултуудыг хээвнэг хэлж байгаа байх нь.
Уг нь мань хүнийг багш байсан гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Ардчиллын эхний жилүүдэд Монголд олон нам байгуулагдах цаг үеийн шаардлагаар МСДН-ыг МУИС-ийн хэсэг багш нар нийлж байгуулан, Н.Алтанхуяг нарийн бичгийн дарга нь болж байв. Ингэж соц нийгмийн үед бол сайндаа л доктор хамгаалж, насаараа багшийн ажлаа хийх байсан жирийн нэг биофизикийн багш улс төрд оржээ. Улмаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Ардчилсан холбоо эвслийн үед Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдаар ажиллав. 2000 оны сүүлээр таван нам нэгдэж АН-ыг байгуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн учир Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Мөн 2004 онд Сангийн сайдаар ажиллаж байлаа. 2008 онд АН сонгуульд Ц.Элбэгдорж даргатай орж ялагдав. Улмаар долдугаар сарын 1-ний хэрэгт буруутай учир түр ч атугай зайлсхийх, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх холын бодлоор намын даргын суудлаа өгсөн нь Н.Алтанхуягт боломж олгож, орыг нь залгасан юм. Намын дарга болмогцоо МАН-тай хамтарч Засаг байгуулахаар гэрээ мутарлаж, Тэргүүн Шадар сайдын сэнтийд заларсан намтартай.
2012 оны сонгуулиар АН “бяцхан” олонх болж дүрэм ёсоор АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудалд тухлав. Мэргэжил, мэдлэг талаасаа харвал биофизикийн багшид ахадсан албан тушаал болсон талаар хүний, өөрийн намынхан тухайн үедээ жиргэж байлаа. Гэвч дүрэм бол дүрэм хэмээн тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл хачир дээрээ Н.Алтанхуяг энэ суудалд тохирохгүй гэдгээ өнгөрсөн найман сарын хугацаанд хангалттай бататгав бололтой. Үндсэн хуулийг зөрчсөн тухай шийдвэрийг Цэц гаргаагүй ч гаргасан шийдвэрээ өөрийн гараар цуцалж, энэ бүхнээ хүлээн зөвшөөрсөн хэмээн МАН-ынхан тайлбарлаж буй. Гэтэл Н.Алтанхуяг сайд “Надад хууль зөрчсөн асуудал байхгүй” гэдгээ мэдэгдэж, өөрийг нь буруутгах гэсэн хэн нэгний явуулга хэмээн учирлах нь тэр. Тухайлбал, тэрбээр “Тагнуулын ерөнхий газрын дэд даргын томилгооны тухайд ганц агентлагийн дэд дарга томилчих эрхгүй Ерөнхий сайдын хэрэг байна уу гэж харагдаж байгаа. Ер нь Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн болгож харагдуулах гээд байгааг чинь би мэдэж байна. Хэн ийм зүйл захиалаад хийлгээд байгааг ч мэдэж байгаа шүү” гэх нь тэр. Түүний хэлж байгаагаас харвал ТЕГ-ын удирдлага МАН-ыг хөлсөлсөн бололтой юм. Улмаар захиалгыг нь ах намынхан төрийн өндөр дээд хэмжээнд биелүүлж байгаа юм даг уу даа.
Дээр нь хэлсэн үгэндээ хүрдэггүй, эр хүний жудаггүй нэгэн гэж Н.Алтанхуягийг амтай болгон шүүмжил байна. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүй, орон тоог нэг ч хүнээр нэмэхгүй гэдгээ хар толгойгоороо андгайлан байж хэлсэн санагдана. Гэтэл төрийн албаны захиргааны орон тоо 810 хүнээр нэмэгдэж, цалингийн зардал 200 тэрбум төгрөгөөр өссөн талаар чуулганы хуралдааны үеэр сөхөгдөв. Мэдээж, Н.Алтанхуяг энэ бүхнийг арай өөр байдлаар тайлбарлах гэж чармайв.
Нөгөөтэйгүүр, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ард түмний амьдрал улам доройтож байгаа, ямар нэгэн ахиц дэвшил гарсангүй гэдэг санааг МАН-аас тавиад буй юм. Хариуд нь Н.Алтанхуяг шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгаснаа тодотгож, ойрын хугацаанд литр тутамдаа 50-60 төгрөгөөр хямдрах боломжийг эрэлхийлж байгаа тухай дуулгав. Үүнийгээ сайхан мэдээ хэмээн тодотгож, ард түмэнд дуулгаж байгаадаа талархсан. Үнэн хэрэгтээ үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нефть импортлогчидтой бөөн юм болж байж 100 төгрөгөөр нэмсэн байсныг нь 50 төгрөгөөр л буулгасан. Улмаар дараагийн удаа өнөөх үлдэгдэл 50 төгрөгөө буулгах гэж байгаа бололтой юм.
Тэнэг хүнтэй харьцаж байгаа мэт өөрөөсөө бусдыг үл тоомсорлож байдаг Н.Алтанхуягаас ард түмэн залхаж байна. Тэгээд бас махны үнийг системтэй арга хэмжээ авч буулгах тухай хальт цухалзуулав. Х.Баттулга сайдаасаа шипи авч, индер дээрээс мессежийг нь уншихдаа ингэж хэлсэн юм. Сонгууль бүрийн өмнө шатахууны үнэ нэмэгдэж, махны үнэ даган баясдаг бичигдээгүй хууль Монгол Улсад хэрэгжих болсоор хэдэн арван жилийг үдэж байна. Өдгөө ч хаврын цагт махны үнэ хаданд авирчихаад ард иргэдийг чирэгдүүлж буй. Уг нь ч махны үнийг атгаж суугаа Н.Алтанхуягт үнийг нь буулгах юухан байх билээ. Ёстой л хэлээд байгаа шигээ сэтгэл зүрхээ зориулаад ажиллавал уу. Махны бизнесмэн Засгийн газрын тэргүүн боллоо гээд ашиг шимийг нь хүртэж байгаа юм даанч алга. Харин ч эсрэгээрээ махны үнэ тэнгэр өөд тэмүүлж байхаас үзэхэд бизнесээ нэлээд өргөжүүлээд авах шинжтэй гээч. Энэ бүхнийг Ерөнхий сайд Монгол хүн баярлахаар өөрчлөлтүүд гарлаа гэж тайлбарлах л байх.
Ийм хариуцлаггүй, бөөрөнхий, хэлсэн үгнээсээ хэдэн асуултын дараа буцдаг, ганц ч асуултад дорвитой хариулт өгч чаддаггүй хүнээр Засгаа удирдуулж байгаад гутарч байна. Монгол Улсын нүүр царай ийм ч болох гэж дээ гэх халаглал өөрийн эрхгүй төрөх юм. Ганц энэ удаад ч биш өмнө нь гадны сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ирээдүй нь гэрэлтсэн орны удирдлага шиг ярьж байснаа гэнэт "Чингис хаан одоогийн нийслэлийг сонгох байсан" гэж ирээд бөө удган маягийн дүрд хувирч, тэнд байсан олныг алмайруулж орхисон. Улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүн арай ч ийм юм яриад найзан дундаа маазраад явж болохгүй л байлтай.
Гэтэл өнгөрсөн долоон хоногийн хувьд Н.Алтанхуягийг ямар тэнэг хүн бэ гэдгийг ард түмэн харж, бас мэдэж авлаа. Тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг өөрөөсөө бусдыг үл тоомсорлосон түүний хариултууд үнэн хэрэгтээ өөрийгөө ч доромжлох шиг. Хөх инээд хүрмээр хариулт өгчихөөд хээв нэг гүрийж суух. Хэлсэн үгийг нь баримтжуулсан камерийн бичлэгийг удахгүй цацах гэнэ лээ. Тэр үед “тэнэг” Ерөнхий сайдаас болж Монгол Улс шившигт орох нь. Хэлсэн үгнийх нь төлөө Ёс зүйн хариуцлага хүлээлгэж, хар толгойтой нь ярьсан ч багадах үйлдлийг тэр хангалттай гаргасан биш үү.
Д.ДОРЖ
Эх сурвалж: New.mn