Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ардчилсан Ерөнхийлөгч аль талын хүн бэ гэх асуулт урган гарч, гишүүдийн хэлэлцүүлгийн нэг сэдэв болох шахав. Өмнөх жилүүдэд өсөлттэй явж байсан эдийн засгийн өсөлт буурсан талаар хаврын чуулганы нээлтийн үеэр Төрийн тэргүүн тодотгосон билээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах нэг үндэслэл нь хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийг бууруулсан явдал.

Тиймээс ах намын гишүүд “Танай Ерөнхийлөгч чинь тэгж хэлсэн юм шүү” хэмээн тодотгож, Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс ишлэл татаж байв. Энэ бүхнийг сонсч суусан Н.Алтанхуяг “Угаасаа л манай л Ерөнхийлөгч шүү дээ. Тийм байхад танай л гэж тодотгоод байх юм” хэмээн мушилзаж, Ардын намынхан манай Ерөнхийлөгчийг өмчилж авах гээд байна уу хэмээн даапалангуй бувтнаж суулаа.

 

new.mn