Улс төрийн намуудын амин сүнс нь гишүүд биш харин улс төрийн онол. Улс төрийн онолгүй нам гэвэл амин сүнсгүй намтай адил. Амин сүнсгүй гэдэг эцсийн зорилго дээдэлдэг идеолог үгүй гэсэн ойлголт. Улс төрийн намуудын хийх улс төр өөрөө “авангард” байх чухал. Улс төр, хэвлэл мэдээлэл, их дээд сургуулиуд болон шашинууд гэсэн гол сэдвүүдээр авангард улстөр явуулах цаг иржээ. Улстөрийн намууд утопгүй тул хэт ялзарсан. Тиймээс улс төр ялзраагүй харин намууд ялзарсан.
 
Тодорхой зорилготой эцсийн хүсэлтэй байх юманд хүргэнэ. Тиймээс хэн юунд хүрэхийг хүснэ вэ тийм хүнд зорилго бий. Хэн аливаа ажлыг саатуулахыг хүснэ вэ тийм хүн шалтаг хайна. Улс төрийн утопистуудыг солиотой, эсвэл гадны юм хуулсан, түүхээ мэдэхгүй гэж улс төрийг боомилох хүмүүс дэндүү олон. Ингэж статус кво буюу одоогийн нөхцөл байдал гэсэн ойлголтыг үгүй хийдэг. Социализм ч гэсэн эхлээд утоп байсан сүүлдээ биелэгдсэн. Либерализм ч гэсэн утоп байсан ч бас л биелэгдсэн. Өнөөдөр социализм ч бас либерализм хоёулаа бүтэлгүйтэж байна. Хоёулаа асуудалд орж хэрхэн хямралаас гарах гарцаа хайж буй.
 
Либерализмыг философич Локэ, Монтеску болон Милл нар анхнаасаа хоёр тодорхойлолтоор тодорхойлсон. Үүнд: төр иргэний эрхийг хамгаалах мөн эрх мэдлээ хуулиар хязгаарлах. Энэ хоёр алдагджээ. Улс төрийг шинээр тодорхойлох бас шинээр ойлгох цаг иржээ. Улс төр гэдэг зүгээр л өөрийнхөөрөө үзээд алд эсвэл азаа үз гэсэн ойлголт биш. Улс төрд ороод аяндаа сурна гэсэн ойлголт ч биш. Улс төр олон зуун жил явагдсан оюуны том том бүтээлүүдээс үүсэлтэй. Тэр бүтээлүүдтэй улс төрч хүн танилцаж улс төрийн ойлголттой болох өнөөдөрийн улс төрийн намуудын үүрэг гэмээр. Улс төрийн намуудын ярих шинэ утоп бол барууны болон зүүний намууд дүр төрхөө илчилж ардчилсан парламент үүсэх тэр түүхэн нөхцлийг бүрдүүлэх.
 
Парламент ардчилсан зарчмаараа ажиллана гэдэг улс орны улс төрийн үйл амьдралыг маш тодорхой бас эрчимтэй болгож өгдөг. Яагаад гэвэл төр барьж буй хүчин болон сөрөг хүчин хоёр маш тодорхой тул улс төр мелэнхойлог биш харин идэвхитэй явагддаг. Барууны намын онцлог юу вэ мөн зүүний намын зорилго юу вэ энэ тухай маш тодорхой улс төр хийгдэх цаг болжээ. Үүний тулд бас шинэ намын хууль хийгдэж намуудын улс төрийн гэрээ хийгдэх учиртай.
 
Барууны нам: Төрийн үйл хэргийг анхнаасаа ноёд, баяд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хийж ирсэн нь түүхийн баримт. Аж үйлдвэр хөгжиж ажилчин анги гарч ирсэнээр Европын улс орнуудын нийгмийн бүтцэд тэсрэлт явагдаж хүн амын дийлэнх хувь нь дундаж давхрага болж ирсэнээр өөрсдийгөө улстөрийн үйл ажиллагаагаар эрхээ хамгаалуулах шаардлага гарсан. Хөдөлмөрчин, тариачин, гар урчууд гэх мэт нийгмийн дундаж болон доод давхаргын эрх ашгийг төлөөлсөн улстөрийн намууд үүсэж анхудаагаа парламентад суудал эзэлсэнээр парламент зүүн ба баруун гэсэн намуудын үүсэл эхэлжээ. Барууны нам анхнаасаа л нийгэмд болон төрд тийм ч хурдан огцом өөрчлөлтүүдийг хийхгүй шүү л гэсэн байр суурийг барьсан. Барууны намын онцлог гэвэл хүнийг биш эдийн засгийг чухалчилдаг. Социализм эхлэхийн өмнө монгол хүмүүсийн хувьд улстөрийн нам болох гэсэн оролдлогууд хар шар феодал. Сүм хийдээс гаралтай гэхдээ лам гэхээсээ илүү хөрөнгө мөнгөтэй сүм хийдийн бизнесмэнүүд улстөрд оролцсон. Энэ шар феодал буюу сүм хийдийн хөрөнгөтнүүд Түвдүүдтэй нилээд ойр байсан болов уу.
 
Ноёд нэртэй хар феодалууд манжуудтай ойр тул ерөнхийдөө үлдсэн бүх эд хөрөнгийг эзэмшицгээжээ. Мэдээж ноёдууд бас л улстөрд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс анхны нам гэж яригддаг бүлэг хар болон шар феодалууд анхандаа феодалын намын төрхтэй тул барууны нам гэж нэрлэж болохоор. Тэр үед зүүний нам гарч ирэх ямар ч түүхэн нөхцөл өгөгдсөнгүй. Тиймээс баруун зүүн үүсэх намуудын шинэ утоп үгүйлэгдэнэ.
 
Зүүний нам: Барууны намын эсрэг нийгмийн ихэнхийг төлөөлсөн зүүний нам гэдэг маш их эрчтэй өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж урагшаа харсан тэмүүлэлтэйгээрээ ялгардаг. Тиймээс улст орны хөгжил дэвшлийг зүүний намтай холбон тайлбарладаг. Зүүний нам нэгэнт урагшаа тул прогрессив. Харин Барууны нам хуучинсаг тул консерватив. Нэгэнт феодалууд зонхилсон барууны нам хувьсгалын дараа устсан тул зөвхөн зүүний намыг байгуулах ажил эхэлсэн. Ихэнхидээ цэргийн хүмүүс зонхилсон болов уу. Яагаад гэвэл малчин монгол хүмүүс нийслэл Хүрээ орж ирж амжаагүй байсан цаг үе.
 
Хөдөөнөөс нийслэл Хүрээнд орж ирсэн хүмүүс социалист хөдөлмөрт оролцох боломж олдсон тул анхны социализмын төлөө буюу МАХН энэ л хүмүүсийг зохион байгуулж цааш бүтээн босголтын ажилд социалист иргэнийг бэлтгэх зорилготой байсан. Социализм нэгэнт монгол хүмүүсийн хувьд доод болон цөөн дундаж давхаргаас эхэлсэн тул тэд өөрсдөө улстөрийн нам үүсгэх нөхцөл бүрдсэнгүй бас тэдний зүүний нам байгуулж удирдаж авч явах тийм хувьсгалч хуманист хүн ч байсангүй. Ерөөсөө намын тухай ойлголт анхнаасаа хар шар феодалуудаас эхлэлтэй. Яагаад гэвэл тэд Богдын үед төрийг барилцсан. Тиймээс барууны нам эхэлж үүсдэг жамтай ба түүнийг эсэргүүцсэн зүүний нам гарч ирдэг онолтой. Тиймээс сонгодог утгаараа улстөрийн нам үүссэн үү гэдэг өнөөдөр ч маргаантай. 1911 оны үед буюу ардын засагийн жилүүдэд ямар ч их дээд сургууль үгүй мөн ямар ч улс төрийн шинжлэх ухааны хүрээлэн үгүй байсан.
 
Улстөрийн намын онолын судалгаа хийж монголчууд өөрсдөө улстөрийн бодлого явуулах ямар ч боломж байсангүй тул бүгдийг гаднаас шууд оруулж ирэхээс өөр зам өгөгдсөнгүй. Ардын засаг болон Ардын нам хоёр нэгэнт ялгагдахгүй байсан тул тухайн үедээ засаг болон нам хоёрыг салгах зорилгоор МАХН гэсэн шинэ намыг байгуулсан бололтой. Ингэж Засаг төрийн ажил нэг талдаа гарч зөвхөн нам болон гишүүнчлэлийн ажил нөгөө талдаа гарсан болов уу. Улстөрийн намын түүхийг судлахад МАХН гэсэн цорын ганц удирдах ажилтан бэлтгэдэг цэвэр хүмүүжлийн нам оршин тогтносон тул баруун болон зүүн гэсэн сонгодог намын тухай ярих боломжгүй.
 
МАХН сонгодог утгаараа улс төрийн зүүн эсвэл барууны нам байгаагүй. Тиймээс ардчилал эхэлсэн он жилүүдэд хэн гэдгээ илэрхийлж чадалгүй АН-ын эсрэг нам болсон. АН ч гэсэн зүүний эсвэл барууны нам гэдгээ илэрхийлж чадсангүй. Яагаад гэвэл олон намын цуглуулга болж МАХН-ын бас эсрэг нам болсон.