С.Баярцогт худалч нэгэн гэдгээ угаасаа баталсан. Одоо бүр ил цагаандаа гарч, хаашаа явж байгаагаа хүртэл худал донгоддог, үүнийг нь өмөөрөх хүмүүс бэлэн байх юм. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар С.Баярцогтыг Солонгосыг зорьсон гэж мэдээллээ. Гэтэл тэрбээр 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Германы Берлинийг зорьсон, зорих зорихдоо бүр Н.Энхбаярын банкинд ажилладаг охин Э.Бямбадуламтай хамт явсан гэдгийг зарим эх сурвалжууд батлан хэлж байна. Н.Энхбаяр, С.Баярцогт нарыг улс төрийнхөн түрийвч нэгтэй хүмүүс хэмээдэг. Энэ нь үнэний ортой ч байж болох.
Щвейцарийн банкин дахь нууц данс нь илрэнгүүт Берлин дэх өөр бусад дансаа цэгцлэхээр явсан ч байж болох. Үнэндээ бол ганцхан оронд биш өөр өөр оронд өшөө олон данс ч гарч ирэхгүй гэх баталгаа үнэндээ байхгүй юм.
Ер нь С.Баярцогт нас залуугаасаа Монголын улс төрд шургалж, хашиж үзээгүй албан тушаал гэж байхгүй болсон. Тэгсэн хэрнээ худалч, шударга бус нөхөр гэдгийг ард түмэн одоо л мэдэж байна. Түүний төрд суусан хугацаа нь 20 гаран жил болчихжээ. Энэ хугацаанд хамгийн их гадаадад явдаг, хамгийн олон алба хашсан гээд хамгийн хамгийнаар хамгийн олон дараалалд орох хүн бол С.Баярцогт юм. Улс төрийн хувьд ч тэр аль ч намд хувилбартай, үүгээр дамжуулан зөвхөн гэр бүлээ бодож ирсэн увайгүй үйлдлээ олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан зэргээс нь үзвэл эх орноо худалдах бол юу ч биш үйлдэл гэдгийг нь нотолсон хэрэг биш үү?
Тэр ч бүү хэл, Щвейцарийн банкин дахь дансных нь нэршил “Bayаrtsogt Ulaanbaatar China” гэсэн бичиглэлтэй байсан нь олны зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм. Гадаадын сонинд бичсэнээр С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа олон улсын уулзалт, хэлэлцээрт оролцож, эх орондоо гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татахад идэвхитэй ажилладаг, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийг Монголд авчрахын тулд 2011 онд “Татварын тухай” хууль болон бас бус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хичээж байсан юм гэхчлэн бичсэн.
Үнэхээр ч С.Баярцогт Монголын ард түмнийг төлөөлөн Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсаны дараа түүний хувийн компани Оюутолгойн хамгийн том ханган нийлүүлэгч болсон байдаг. Түүний хувь оролцоотой гэх “Модэрн Номадс” ресторан л гэхэд Оюутолгойн хоолны хангалтад оролцсон анхны монгол компани болсон билээ. Мөн 2009 онд зурагдсан Оюутолгойн гэрээг батлахаас яг нэг жилийн өмнө 2008 онд тэрбээр Британид нууц офшор компани байгуулж, Швейцарид нууц данс нээж нэг сая доллар хадгалсан байдаг юм.
Гурван найзтайгаа нийлж сая долларын хадгаламж нээсэн талаар ярьж байгаа ч найзуудынхаа нэрийг нууцалж буй. Магадгүй Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гурав ч байж болох. Мөн гадаадад байгуулсан компани, Швейцарийн банкин дахь хадгаламжаа яагаад сүүлийн таван жилийн туршид нууж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч дурдаагүй ирсэн нь энэ бол хулгайн замаар олж, цуглуулсан орлого байсан гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Нөгөөтэйгүүр, Сангийн сайдаар ажиллаж байсан тэрбээр Монголдоо татвар төлөхгүй гэж гадаадад компани байгуулсан гэсэн ичгэвтэр тайлбарыг хийлээ.
Тэрбээр Оюутолгойн гэрээ Монголд ашигтай болсон талаар УИХ-ын гишүүн биш “Рио Тинто” компанийн бие төлөөлөгчийн хувиар удаа дараалан Монголын ард түмний тархийг угаасан нэгэн. Мэдээлэлгүй ардын тархийг 20 мянган хувьсагчаар төвөггүй угааж байсан билээ. Түүний хийсэн мэдэгдэл бүхэн худал хуурмаг байсан гэдэг нь өнөөдөр Оюутолгойгоос монголчууд 2030 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй байх үндсэн шалгуураар нотлогдож байна. Тэрбээр 1990 оноос хойш Монголын улс төрд тасралтгүй өндөр албан тушаал хашиж ирсэн. Анх 1993 онд 23-хан насандаа Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, улмаар УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажилласан. Ингэхдээ Байгаль орчны сайд, Загсийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын албан тушаалыг давхардуулан хашиж ирсэн. Одоо УИХ-ын гишүүнээс гадна УИХ-ын дэд даргын албан тушаалыг мөн л давхар хашиж байгаа. Амьдралынхаа 20 жилийг ард түмэн, сонгогчдын төлөө хэмээж явсан тэрбээр гадаадын банкинд нээсэн нууц данс нь илрэнгүүт “Гэр бүлдээ санаа зовж байна” гэсэн хачин тайлбарыг хийжээ.
Монголчуудын өмнөөс гэрээнд гарын үсэг зурж, хууль тогтоох байгууллагад 16 жил сууж, сайд дарга бүхий л эрх мэдлийг атгаж байсан энэ хүн зөвхөн гэр бүлээ л бодох байсан бол энэ хариуцлагатай ажлуудыг түүнд даатгаж байсан нь ард түмний буруу болж таарч байна.
Ардчилсан нам 2000 онд ялагдал хүлээж, гудамжинд гарах үед тэрбээр АНУ-д сурахаар одогсдын нэг болж байлаа. Өнөөдрийн Монголын улс төр нам дамнасан бүлэглэл, олигархиудын гарт ороход гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь мөн л С.Баярцогт. Үүнийхээ хүчинд тэрбээр аль ч засгийн үед сайдын суудалгүй хоцорч байсан түүх байхгүй нэгэн. Өнөөдөр Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая долларын хэрэг илрэнгүүт тэрбээр бас л гадаад явжээ. Одоо хаана байгуулсан ямар нууц компанийнхаа бичиг баримт, дансыг цэгцлэхээр явсаныг бүү мэд. Шударга байхыг уриалж, ард түмнээ алагчлахгүйгээ андгайлдаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлж, Швейцарийн банкинд нууц данс нээж, гарал нь үл мэдэгдэх мөнгө нуусан С.Баярцогтод ямар хариуцлага хүлээлгэхийг ард түмэн харж байна. Цаашлаад үүнээс үүдэлтэй авлигын хэрэг ч дэлгэгдэж болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn Т.Жаргал