ОНИГОО 1. Ө.Энхтүвшин гэрийн босго алхангуутаа шинэхэн шөлний үнэрт цохиулжээ. Хамраа ойрхон ойрхон шударсаар гал тогооныхоо өрөөнд морилов гэнэ. Хань нь хавиргатай шөл хийгээд аягалж байхтай яг таарав. Яс үзэхээр шийдсэн мань эр -Энэ юуны мах вэ гэж ншрүүхэн асуусан аж.

-Сайхан хонины махтай шөл хийчихлээ, хө. Жагсаал цуглаан гэсээр ядарч байгаа байлгүй гэж авгай нь аргадангүй угтжээ.

-Ямар үнэтэй юм?

-Нэг кг нь 12 мянга л гэж байна.

-Юу. 1200 төгрөг гээгүй билүү?

-Өө за, бүр хардах нь шив дээ. 1200 төгрөгөөр авсан махаа 12 мянга гэж байна гэх гээ юу. Байтлаа ханилсан хань чинь махны ченж шиг харагдаад байна уу гэж гэргий нь ундууцсан гэдэг. МАН-ын эрхэм дарга өрхийн санхүү рүүгээ өнгийн харалгүй удсаныг ч хэлэх үү, хөлсөө шудран шөл оочлонгоо "Үглэхийг нь сонсож сууснаас Ким Чен Ун-даа захидал бичихээс" хэмээн өөрийгөө аргацаасан гэнэ.

ОНИГОО 2. Ерөнхий сайд НАлтанхуяг Бурхан Халдун хайрханд морилж, эзэн Чингисийн адил эцэг дээдэс, энх мөнх тэнгэртэй хэлэлцэн, өчих үгээ өргөсүгэй хэмээн жагсаал цуглааны жавраа үргээхээр их хотыг орхин давхижээ. Далан бараа бологчтой, дан дээлтэй, давхар дугуйтай жийптэй гарсан аяныхан сунайтал давхисаар Хэнтий аймгийн нутагт сунасан тоостойгоо буув. Салхи үлээж, самсаа норгоод, цас унаж жавар тачигнаад, сүр ихтэй уулс сүүдэрлэж угтав гэнэ.

Мань Ерөнхий сайд малгайгаа унаган зүтгэжээ. Өвдөг тулсан цасыг өнхөрч туулав. Салтаа тулсан цасыг шархирч туулав. Орой нь ч хаана юм, овоо нь ч аль юм, зүг чиггүй зүтгэв. Зөрөг зам хайв. Нөмөрлөсөн хад олов гэнэ. Нөмгөлж байгаад сөхрөв гэнэ. Мөрөн дээрээ бүсээ тохов. Мөрөөдлөө өчихөөр үгээ зэхэв. Эрүү ам нь зодолдоод, ээрэхээс наагуур зогьсов гэнэ. Оготор бие нь чичрээд осгохын наагуур даарав гэнэ. Босож ч зүрхэлсэнгүй. Бодож ч зориглосонгүй.

Бурхан Халдун таалсан, үгийг ойлгоё гэхнээ омог дутав. Ухааръя гэхнээ учиг дутав. Осгосон дагуулуудаа олж цуглуулъя гэхнээ бараа үгүй, сураг бүр үгүй.

-Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөв гэж боллоо доо гэсэн шүү юм бодсоор ухаан алджээ.

ОНИГОО 3. Г.Батхүү Бурхан Халдунд мөргөж бузгай их зовлон тоочихоор одсон нам нэгт нөхдийнхөө арыг манах үүрэг хүлээжээ. -Цөөнх байж үзээгүй МАН-ынхан... гэж ирээд л ярилцлага өгч суув гэнэ. -Та олонх байж үзсэн юм уу гэж сэтгүүлчийг асуухад -За битгий золигтоод бай. АПУ бид хоёр хэзээд олонхитойгоо гэдгийг сонсоогүй юу, Боргио, бид хоёр хэзээд бор ходоодтойгоо гэж мэдээгүй юу хэмээн маасайсан гэдэг.

ОНИГОО 4. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гурван хоног сураг тасарч, гурван ч нисдэг тэрэг хөөргөж байж олдсон уулын аяллынханд уур нь хүрээд нойргүй хонов гэнэ. Учир нь мань эрийг ууланд одъё, уураа гаргая, тэнгэрт мөргөе, тэвчээрээ шалгая гэж хэн ч уриагүй юм байж. Буу барьдаг бузгай анчин гэдгийг нь ч тоолгүй тоосон дундаа хаяад мордсон болохоор гомдол гэдэг нь торойгоод сүйд. Гэвч бүлгийн даргын хувьд хэвлэлийнхэнд юу болсныг тайлбарлах үүрэг түүнд оногджээ.

Гурав хоног нойргүй хонож, нүдээ улайтал хуримтлуулсан уур гомдол хоёроо мань Эрдэнбат сэтгүүлчдэд гарган хашгирч эхэлсэн гэнэ. -Зардал чирэгдэл гэж юугаа яриад байгаа юм, муусайн хэвлэлийнхэн та нар хүний амь яригдаж байхад юугаа мэддэг юм гэж ирээд л хоолой мэдэн хоохолцов. Нэг харахнээ танхимд хэн ч байсангүй. Бүгд түүнийг орхин гарсан байжээ.

ОНИГОО 5. ЦЭлбэгдорж бурхан тэнгэртэй ярилцахаар Бурхан Халдунд одсон АН-ын гишүүдийнхээ араас сураг тавив. Чимээ алга. -Маргаангүй М.Тетчерийн цаг ирсэн байж таарна. Эмгэнэл илэрхийлэх боломжийг алдахгүй юм шүү гэж бодсоор цахим ертөнцөөр цахилан өдрийг баржээ. Бас л чимээ алга. Муу юм боллоо гэхэд олны өмнө хэлэх уран цэцэн үгтэй байя гэж шийдэн хоёр янзын эмгэнэл үзэглэхээр үзгээ авав. Уран үг уушгийг нь түрж, цэцэн үг цээжнээс ундрав. Яг сайхан ярайтал тэрлэх гэж байтал эхний мэдээ ирэв.

-Осгосон улсыг олов.

-Өө, онгод яг орж байхад гэж Элбэгээ духаа үрчийлгэн гонсойв. Хоёр дахь мэдээ ирэв.

-М.Тетчер таалал төгслөө.

-Эмгэнэл бэлдээрэй туслах аа, дуулав уу? Би харьлаа.

ОНИГОО 6. Гоё Элбэгээ гоё илтгэлээ тавьж байтал МАН-ынхан хаалга саван гарчээ. Толгой дундуур нь татаад авах шиг болоход эрхэм Ерөнхийлөгч шазуур зуун байж эхэлснээ дуусгав. Өрөөндөө орсон хойноо толинд тусах ууртай дүрсээ хараад -Гүржийн Ерөнхийлөгч дугуйнаас унаж гараа хугалсан байхад Монголын Элбэгээ индэр дээрээ нэг бүдрээ л биз гэж өөрийгөө тайвшруулжээ.

 

ОНИГОО 7. Хацраа хайруулсан Н.Алтанхуягийг гэрийн босгоор алхмагц гэргий нь

-Зүгээр хэд хоног амарч чадахгүй юугаа хийж зүг чиггүй тэнэж явдаг байна хэмээн үглэх, өрөвдөх зэрэгцүүлэн угтав.

-Зөгий амьдралдаа ганц удаа хээл авдаг юм гэнэ лээ. Би эр хүн байна даа, ганц удаа Бурхан Халдунд гаръя л гэж бодсон юм гэж мань эр уруул өмөлзүүлэн өчив гэнэ.

За нэг иймэрхүү онигоотой өдрүүд өнгөрлөө. Махаа 1200 төгрөгөөр авдаг нь МАН-д байна. Хийморь сүлдээ өргөх гэж хээр гараад осгох дөхдөг нь АН-д байна. Ард түмэн харин хаврын хавсарга, сайнтай муутай нөөцийн мах, өдрийн хоол, сарын цалингийн бэрхшээлээ мартан мартан хэдэн өдөр шоглох юмтай, инээх шалтагтай аятай юу.

 

Р.ЭМҮЖИН ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН