Элбэгээ гоё ярьдаг. Гоё сайхан үгсээр шуурга тавьж, шуугиулж чаддаг. Бас тэр гоё хор найруулдаг. Найруулсан хорондоо “мансууран” найган ганхах нь ч бий. Заримдаа Элбэгээ Н.Энхбаярыг санагдуулдаг. Олон талаараа экс Ерөнхийлөгчтэй адилхан арга барил түүнээс үе үе үнэртдэг. Ерөнхийлөгчийн засаглалыг ер бусын хурдтайгаар шууд бус утгаар нь “хөгжүүлж” чадаж буй хоёр дахь удирдагч гэж түүнийг “үнэлж” болно. Үүнээс гадна тэд хоёулаа хэтэрхий зузаан шилний цаанаас хорвоо ертөнцийг хардаг. Магадгүй өнөөхөндөө Ц.Элбэгдоржийн шил Н.Энхбаярын Ерөнхийлөгч байх үеийнхээс арай нимгэн байж болох талтай.

Ямартай ч Ц.Элбэгдорж намчирхсан хандлагаасаа өнгөрсөн хугацаанд ангижирч чадаагүй. УИХ-ын ээлжит сонгууль түүний “зохиолоор” өрнөж, АН-ын дотоод амьдралд Ц.Элбэгдоржийн оролцоо хэмжээнээс хэтэртлээ газар авсан нь олон үйл явдлаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын суудлаа Н.Алтанхуягт дуртай, дургүй үлдээгээд танхимыг орхиж байсан Ц.Элбэгдорж нэг л мэдэхэд энэ бүхний далд эзэн, даамай эрх мэдэлтэн болж амжив. УИХ-ын сонгуульд АН-ын гишүүдийн нэр дэвшсэн байдал, ялалтын цуурай намжаагүй байхад намын квотоор парламентад заларсан тус намынхны нэрсийн жагсаалт энэ бүхний илэрхийлэл болов. Тодруулж хэлбэл, яамдад өрнөсөн халаа, сэлгээний өнгөн дээр Ц.Элбэгдоржийн гэх хүмүүс сайд, дэд сайдаас эхлээд ширээ шилж тухлав.

Ц.Элбэгдорж болон түүний хүмүүс илүү их эрх мэдэл, орон зайтай болсон нь эрхэм Ерөнхийлөгчийн гоё нүүдлүүдийн үр дүн байлаа. Парламентад 30 шахам суудал авсан, цөөнх болох МАН-ыг удтал бүлэггүй золбируулж, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчин МАХН хэмээх нэрийг сэргээн, өөрийн хайртай хүмүүст хуулийн байгууллага, шүүх, прокурорыг атгуулж, тэднийхээ атганд өлмийд нь өргөс үлдээсэн бүхнийг “барьж өгсөн” гээд Ц.Элбэгдоржийн “Шударга байцгаая” уриан дор “шударга” хийсэн олон алхмыг дурдаж болно. Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээх цол гуншиндаа голоос хайртай байдгийн адил Ц.Элбэгдорж цорын ганц ардчилсан Ерөнхийлөгч цолыг өмчилж, цоройж үлдэхээр олон олон ил, далд сурталчилгаагаар улс орныг дүүргэв. Ямартаа л “Монголд юу байна, Элбэгээ л байна” гэж онигоочид хошигнож байх вэ.

Намбарын Энхбаяр самбарынх болсонтой адил Цахиагийн хүү дэлгэцээр овоглож, facebook-т нэлийж, твитерийг “тэвэрч” суух болов. Н.Энхбаяр намын даргаас Ерөнхийлөгчийн суудал хүртэл “үсрэхдээ” С.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын залуусыг улс төрд уриалан дуудаж, сандал ширээ олгосныхоо төлөө номхон, намхан байлгах гэж зүтгэдэг байсан бол Ц.Элбэгдорж харин Ж.Батзандан, О.Магнай нарыг нохойд барьдаг мод болгохоор “бодлого боловсруулав”. Тэгэхээр тэдний залууст хандах хандлага хаяглах хаялга ч бас адилхан гэмээр. Энэ бүхэн гоё Ерөнхийлөгчийн гоё өнгө төрх. УИХ-ын хаврын чуулганы нээлт гоё Ерөнхийлөгчийг гоёхон харагдуулах томоохон тайз. Харамсалтай нь сөрөг хүчин болох МАН-ын гишүүд хурал хаяж, илтгэх хообийтой эрхэм Ерөнхийлөгчийн нүүрийг улайлгаж орхив. Шинэчлэлийн Засгийн газарт ширээ хуваан суусан МАХН-ын нөхөд ч бас хаалга саван, нүүр өөд нь ус цацаж амжлаа. Үнэн хэрэгтээ Н.Энхбаяр бөөцийлж, Ц.Элбэгдорж эх барьж авсан улс төрийн шинэхэн хүчин бол МАХН. Ерөнхийлөгчийн гоё үг ийнхүү парламентын танхим дундуур хоосон цуурай мэт нисч ахуйд жанжны талбайд цугласан олон нийт гоё багны цаана байдаг гомдмоор бодит байдлыг дэлгэх үүрэг сайн дураар хүлээв. Жагсаал цуглаан зохион байгуулж байснаас шаардлага хүлээн авч, шахаанд орж үзсэн ч биш дээ, эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар барьц алдаж, бараан царайлав.

Зугтахаар зэхэв, зууралдахаар товлов. Хугацаа сунгав, худлаа инээв. Ийнхүү олон нийтийн удаан хүлээсэн бөмбөг тэсэрлээ. Дажгүй агаар хаялж байна гээч. Хөрөнгө оруулагчид Монголыг орхин зугтаж, эдийн засгийн өсөлт 2011 оныхтой харьцуулахад чөлөөт уналтын хурдаар уруудан, инфляци хөөс мэт хөвсийлөө. Хуулийн засаглал хэмээн Ц.Элбэгдоржийн хуудуутай тайлагнаж буй шүүхийн “шөрмөс сугалах” ажиллагаа намын харьяалал даган намирах боллоо. Ерөнхийлөгчийн засаглал хэмээх ерөнхий ойлголтын дор АН ажиллаж, МАН аргагүйдэж, УИХ уйлан дуугарч, Засгийн газар үүрэг хүлээх болов. Үүний эсрэг үнэн үгээ хэлж МАН хурал хаялаа. МАХН хаалга шийдлээ. Залуус талбайд жагслаа. Зам дээр цагдаа нар эгнэлээ. Өчигдрийн дээдсийг гудамжинд жагсахад өнөөдрийн дээдэс барьц алдав. Одоо л салхи сэвэлзэж байна.

Ардчиллыг өмчилдөг сорчилдог АН-ын Засгийн газарт, ардчилсан Ерөнхийлөгчид энэ нь таалагдсангүй. Учир нь гоё Ерөнхийлөгчийн хувьд бүх юм гоё…

Р.Эмүжин Эх сурвалж: Өдрийн шуудан