Монголын төрийг хурмаст тэнгэр, онгон сахиус, энгийн иргэд нэг их таалахгүй л болоод байх шиг. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь Швейцарийн банкинд нууц хадгаламжиндаа 1 сая ам.доллар "дарж" байсан нь "баригдсан". Сайндаа ч биш олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнийхэн цагаан дээр хараар бичээд зарлачихсан тул хаашаа ч бултаж чадалгүй "баригдсан" нь тэр л дээ. Үүний маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр үг хэлэх гэтэл гишүүдийн хагас нь шахуу гараад явчихсан тул үг нь санасан хэмжээнд нь хүртэл "үйлчилж" огт чадаагүй.
Гэтэл үүний дараахан Ерөнхий сайд нь Бурхан халдуныг зорихдоо төөрч будилсан юмуу ямар ч байсан л холбоо сүлжээ тасарч, Монгол даяар шуугиан дэгдээгээд амжлаа. Энгийн жишээгээр л ярихад Ээж хад руу очих ёсгүй нэгэн замдаа төөрдөг л гэдэг юм билээ. Тэгвэл Монголын түүхэнд онцгой байр эзэлдэг, догшин сахиус ихтэй Бурхан Халдуныг зориод сүлжээ холбоогүй алга болж, зөвхөн өөрөө биш өөрийг нь даган явсан 70 орчим хүний амь насны талаар санаа чилээж, мэдээллийг хэвлэлээр нэг сураггүй болсноо баатрын үйлдэл шиг цацуулаад амжсан Ерөнхий сайдыг одоо яалтай билээ.
Ажлаа заавал ингэж шуугиан дуулиан тарьж, шоу хэлбэрээр явуулах хэрэг байдаг юм болов уу. Ард иргэдийн тархийг үргэлж "угаагаад", үүрдийн үлгэрийн баатар шиг санагдаад явж хэн ч чадахгүй шүү дээ, уг нь. Өнгөрсөн долоо хоногийг Ардчилсан намын "айхавтар" нэгэн гишүүний "аймаар" баян гэдгийг мэдэж өнгөрүүлээд байтал шинэ долоо хоногийг мөн л тэр намын нэгэн эрхмийн сураггүй болсон тухай мэдээллээр эхлүүлэв. Энэ нь эсвэл дахиад нөгөө улс төрийн PR гэдэг нь юм уу.
Алга боллоо, олдлоо, үг хэллээ, сүржигнэлээ, мөнгөө нуулаа, илэрлээ гэх мэтээр үнэндээ үг хэл, хэвлэлээр л ажил хийгээд байгаа болохоос Монгол улсад шинээр хийж, гийгүүлж буй зүйлс юу байна вэ? Улс төрийн шинж чанартай халаа сэлгээ, өмнөхөө үгүйсгэн дарах, үгүйрүүлэн шоронд оруулах хандлага л одоогийн нийгмээс үнэртэж, хамар бүр цоргиулаад байна. Үнэхээр ажлыг ингэж л хийдэг юм бол, монголчууд бүгдээрээ ажлаа хийлгүй Ардчилсан намынхны ээлжид хэвлэлийн PR-ийг анаж, хүлээгээд, уншиж, амтлаад сууж байвал болох юм биш үү.
Р.Гэгээ Эх сурвалж: http://www.new.mn