Эрх баригчид ардчилал тогтлоо гэж уран үгэр уянгалуулан зарлаж байхад ард түмэн “ардчилал” ерөөсөө худал юм, бүтсэнгүй хэмээн хашгирч байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэх мэт ардчиллын үнэт зүйлс өнөөдөр нэгэнт бүтсэнгүй. Харин эрх баригчид өнөөдөр энэ бүхэн биелэгдчихлээ хэмээн зарлаж байна. Энэ ямар их зөрчил вэ? Эрх баригчдын амаар ертөнц хувирахгүй нь даана ч харамсалтай.
Даргын биш хуулийн засаглал тогтчихлоо хэмээн худал залж байхад эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байгааг ард түмэн нэгэн дуугаар шүүмжилж байна. Аливаа орны эрх баригчдын хамгийн том алдаа бол ард түмнийг усан тэнэг гэж боддог явдал гэдэг. Ард түмнийг хуураад байж болно гэсэн эрх баригдчын хүсэл хэзээ ч биелэгдэхгүй.
Ардчилал хэмээн хүн төрөлхтний үнэт зүйлийг монголын хөрсөнд нутагшуулах хүндтэй үүргийг эрх баригчид биелүүлж чадсангүй. Өнөөдөр тэд нэгэнт бүтээж чадсангүй учраас худал ярьж, хууран мэхлэх үе шатандаа оржээ. Хаа сайгүй л худал уриа лоозон хашгирч байна. Уриа лоозонгоор ардчилал биелэхгүй нь харамсалтай. Эрх баригчдын “хугацаа” жил жилээр биш харин өдөр өдрөөр тоологдож эхэллээ. Тэд өнөөдөр юу ч мэдэхгүй бас юу ч чадахгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүсэл байвч нэгэнт мэдлэггүй учраас хоосон ярихаас хэтрэхгүй.
Тэд “мэдэхгүй”, “чадахгүй” гэдэг энэ гарцаагүй үнэнд ялагдах болно. Философи, онолоос дэндүү гадуур улс төр хийх гэж оролдоод өнөөдөр үнэний өмнө сөхөрч байна. Тэдэнд боловсрол дутагдаж байна. Тэдэнд улс төр, нийгэм, эдийн засгийн онол дутагдаж байна. Ардчиллын “алтан хараацайнууд” 1990 онд төрийг авсан шиг буцааж ард түмэнд өгөх цаг болжээ. Социализм ёстой муухай, ардчилал бол илүү сайхан гэж байсан боловч өнөөдөр манай нийгмийн бараг тал хувь нь социализмаа хүсэж байна. Яагаад гэвэл тэнд шударга ёс, тэгш эрх байжээ. Харин хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байсан ч хүмүүс илүү хангалуун амьдарч, нийгэм амар амгалан байжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар ард түмний төрийг хэзээ буцааж өгөх вэ? Та бүхэн улс орныг авч явж чадахгүй гэдэг чинь ч харагдлаа. Ерөөсөө өнөөдрийн төр засгийг МАН, АН аль аль нь хямралаас гаргаж, улс орныг хөгжилд хүргэж чадахгүй гэдгийг иргэд ойлгож байна. Хэзээ төр засгийн эрх мэдлийг ард түмний гарт өгөөд өөрсдөө улс төрийн тавцангаас буух вэ?