Сонгууль гэхээр л бүх зүйлээ мартдагаа одоо болимоор юм. Сонгууль боллоо гээд эцсийн эцэст юу өөрчлөгдөв. А-г Б-гээр солиод ав адилхан байгаагийн учир юу вэ? Нэгэн залуугийн “хулгайчийг хулгайчаар солиод юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн нийтлэл санаанд орж байна. Одоо ерөнхийлөгчийн сонгууль гээд л баахан хөөрцөглөнө. Дараа нь бүх зүйл ав адилхан. Шинэ ерөнхийлөгч сонгогдлоо гэхэд Монгол улс сайхан болох уу. Баталгаа нь хаана байна.

УИХ-ыг хар. Өмнөхөөсөө долоон доор болчихоод байгааг бид харж л байна. Засгийн газрыг хар Монголын баян хүмүүс ард түмнээ ядуурлаас арилгана гээд инээдтэй юм яриад сууж байна. Энэ замаараа Монгол цаашаа явах ямарч боломжгүй боллоо. Монголын улс төр намууд тэр дундаа МАН, АН хоёрын наймаагаар л явагдаж байгаа нь нэгэнт ил боллоо. Ил болсноос гадна өөр ямар нууц хуйвалдаанууд явагдсныг илчлэх аянг өрнүүлэх хэрэгтэй болжээ.

Судлаач Х.Болорболд сонгуулиар юу өөрчлөгдөх вэ гэсэн асуултанд “Аливаа нэг зүйлийг зөвхөн нэг л янзаар дахин дахин бүүр дахин дахин хийгээд байгаа мөртлөө өөр үр дүнг хүлээж сууна гэдэг бол адгийн тэнэгийн ажил” гэсэн нэгэн мэргэн хүний үгээр оновчтой хариулжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй. 2016 оны сонгуулиар бас юу ч өөрчлөгдөхгүй. Ц.Элбэгдорж байна уу С.Баяр байна уу ялгаагүй бүгд намынхаа, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л ажиллах нь тодорхой. Одоо тэгэхээр бид юу хийх вэ?

Яах вэ? ямарч арга байхгүй хэмээн гараа хумхин суусаар байх уу? "Болохгүй юм гэж энэ хорвоод үгүй" хэмээн Мишигийн Цэдэндорж хэлсэн байдаг. Өөр гарцыг хайя. Ард түмнээрээ хэлэлцэе.

Заавал ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлага байхгүй. Үндэсний зөвшилцөл явуулах ч боломж, гарц байна шүү дээ. Өнөөдрийн энэ хямралтай үед хямралаас хэрхэн гарах тухай л ярилцах хэрэгтэй. Түүнээс биш ерөнхийлөгч сонгоод асуудал шийдэгдэхгүй. Яагаад гэвэл нэр дэвшиж байгаа хүмүүсийг нь хар л даа. Нөгөө л нөхдүүд байгаа биз дээ. Тиймээс ямарч чанарын өөрчлөлт гарахгүй баттай хэлж чадна. Өөр арга хайцгаая.

Нэг л өдөр бүх зүйл сайхан болчихно гээд үлгэрт итгээд суусаар 23 жил өнгөрчихөөд байна шүү дээ. Цаашдаа хэдий хугацаа өнгөрөхийг хэн ч мэдэхгүй. Бид одоо нэгийг бодох цаг нь болжээ.