Ц.Элбэгдорж худлаа хэлэхдээ ёстой “улайхгүй, гацахгүй” нь сайхан юм даа. Дөнгөж саяхан хаврын чуулган дээр үг хэлэхдээ амьдралаас тасарсан нөгөө худлаа үгнүүдээ хэлэхийг сөрөг хүчин нь тэвчиж чадаагүй төдийгүй хамтарч засаг барьж байгаа МАХН-ынхан хүртэл тэвчиж чадсангүй. Хүүхдийг худал хэлэхэд загнаж зодож болно. Ерөнхийлөгчийг худал хэлэхэд яаж ч болохгүй нь яасан их эмгэнэл вэ?

Дөрвөн жил худлаа хэлсэн. Одоо ч худлаа хэлж хулхин дээр цэцэг ургуулсаар байна. Хэзээ энэ хүн насанд хүрч, худлаа хэлэхээ больж, бусдаас ичдэг болох вэ? Ц.Элбэгдоржийн худал үгнүүдийг харцгаая: "Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан, Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж байна", "Шударга ёсны хэрэгжилтийг ЗОГСООНО гэвэл үлгэр. Шударга бусын үрийг таригчид МОНГОЛ орныг сайн зүйлд хүргэхгүйг ойлгож байна", "Монголын төр авилагчдын атганд байсан цаг бий", "Хуулийг хэрэгсдэггүй ёрын бодлого саяхан болтол байсан юм шүү. Одоо тийм нөхдүүд үүр үүрэндээ шургажээ, "Идэж уухын донтонгууд эмээл, хазааргүй аашилдаг байсан." гэх мэтээр үг хэлжээ.

Ардчилсан нам хулгай хийвэл хулгай биш юм байна л даа. Ардчилсан намын олигархи бол олигархи биш үү. Баярцогтын пактийг энэ хүн бас л мэдээгүй юу? 1990 оноос хойш өмч хувьчлал, алт диллерийн хэрэг, банкнуудын дампуурал, уул уурхайн лиценз болон Оюу Толгойн гэрээ гэх мэт энэ үндэстний эсрэг хийсэн бүхэнтэй хутгалдсан нөхдүүд өнөөдөр УИХ-д унтаж, Засгийг зайдагнаж байгаа энэ хүн харахгүй байна уу? Нүднийх нь шилийг сольж өгөх хэрэгтэй юм байна даа.

Хэвлэлийн эрх чөлөө гэж хаана ч байхгүй харин захиалгат, даалгавартай сэтгүүлчид ажиллаж байна. Шүүх дампуурч харин мөнгөөр шоронд суудаг шинэ арга бий болжээ. Олигархиуд нь ард нь үлдэж мөнгөөр хэн нэгнийг суулгаж байгаа тухай өнөөдөр ярьж байхад энэ хүн ичихгүй худал залсаар байна.

Өнөөдөр хаа сайгүй л өлөн хүмүүс төрөөс хулгай хийхээр дайрч байгаа мэдээгүй царайлсаар байх уу. Ерөнхийлөгч ингэж худал хэлж хүмүүсийн тархи толгойг эргүүлэхээ зогсоох ёстой.