Монголд гайхалтай ардчилал авчирсан гэж өөрсдийгөө цоллодог нөхдүүд сонгууль болгоноор худал хуурмагийг ярьж төрд гарч амарч амарчихаад ичих ч үгүй дахиад л сонгуульд оролцох гээд ард түмэнд хайртай хүний дүрээр явж буйг нь хараад Монгол түмний  зэвүүцэл, хорсол төрөхгүй байхын аргагүй юм. Ард түмний аж амьдрал, улс орны газар нутаг, эрдэс баялгаар наадчихаад гэмгүй цайлган хүний дүрээр намайг сонгоочээ гээд нэр дэвшиж буй нь тэдний  ард түмнийг доромжилж дуусаагүй, бүр дуусах ч үгүйг нь илтгэж байна.

Ардчиллын гэгдэх хорин хоёр жилд Монголд юу ч байгуулаагүй, юу ч бариагүй, юу ч бүтээгээгүй, юу ч босгоогүй, юу ч хийгээгүй цаашдаа ч юу ч байгуулахгүй, бүтээхгүй, босгохгүй, хийхгүй хэрнээ ардчилал амжилттай яваа гэж хөөрч, Азидаа ардчиллаараа тэргүүлж буй мэтээр ярьж, ардчиллын амжилтыг магтан дуулж, ардчиллын 23 жилийн ой гэж тэмдэглэж ядууруулсан, ажилгүй, гуйлгачин болгосон, эх орондоо харийханд дарлуулсан  иргэдээ ардчилал амжилттай гэж доромжилж буйгаар тэдний хэн бэ гэдэг нь төвөггүйхэн ойлгогдоно.

Тэд л ард түмэнд эрх чөлөө олгосон мэтээр бурж Монголын ард түмэн өнгөрсөнд дарангуйлал дор байсан мэтээр ярьж, зарим нэг нь бүр өнгөрсөн үеээ шорон гэж ярьж байгааг нь харахад Монгол орныг хөл дээр нь босгож, хийж бүтээн байгуулж, ажиллаж хөдөлмөрлөж байсан  Монголын ард түмэн, эцэг эх, эмээ өвөөгөө доромжилсон ямаршуухан хуурмаг амьтад вэ гэдэг нь харагдана. Тэд биднийг доромжилсон төдийгүй, эцэг өвгөдийг минь, эх орныг минь мөн адил доромжилсон юм. Ардчилагчдын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө л болсон байна. Ардчилагчдын Монголд авчирсан нөгөө сүрхий Азидаа тэргүүлэгч Ардчилал нь  бодит байдал дээр харин ч эсрэгээрээ болчихсон явж байна. Хэвлэлийн эрх чөлөө хаана байна. Монголыг дэлхийд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гээд зарлачихлаа. Жагсаал цуглаан хийх эрх нь хаана байна. Жагсангуут барьдаг, хорьдог бүр бууддаг ч болчихсон шүү дээ. Ийм л ардчилагчид ард түмний итгэлийг ахиад хүлээж чадна гэж үү. Хамтдаа хулгайлчихаад найзыгаа  барьж өгдөг хуншгүй нөхөр шиг цугтаа муу муухайг үйлдчихээд хамсаатан руугаа бүгдийг чихчихсэн өөрсдөө цэвэр цагаан цаас аятай явж буй нь ямаршуухан нөхдүүд гэдгийг нь илт хэлээд байх шиг. Ийм л нөхдүүд Монголын төрд гарах гэж дотроо хуралдаж баахан холион бантан хутгаж, гишүүд дэмжигчидээ доромжиллоо.

Харин тэд хаа ч гэж  нам дотроо их л сүрхий дотоод ардчилалтай хүмүүс гэж харагдахаар дүрмэндээ тусгасны дагуу намынхаа анхан шатны байгууллага болох үүр хороод болон аймаг дүүргийн намын хорооноосоо нэр дэвшүүлэлтээ эхэлсэн юм.  Зарим тойрог дээр өмнөх сонгуулиар гарсан нөхдүүд нь Их Хуралд суусан хугацаандаа сурсан зангаараа нэг ч зүйл хийж,бүтээгээгүй. Ард түмний амьжиргаа, улс орныг хөгжлийн төлөө хурууныхаа үзүүрийг ч цухуйлгаагүйн улмаас дахин тэр тойрог дээр дэвших эрхгүй, нэр нүүргүй гэж үзсэн үү яасан анхан шатны хорооноосоо дэвших эрхээ авч чадалгүй унасан юм.

Үүнээс  нь харахад бас ч гэж хийдэггүй нөхдүүдийг буулгаад оронд нь юм хийчих  нөхдүүдийг гаргачих юм болов уу гэж ард түмэн харсан л байх. Гэхдээ намын даргын амласан амлалт бий. Тэрээр ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа өмнөх сонгуульд ялалт байгуулж намдаа суудал авчирсан Улсын Их Хурлын гишүүдээ бүгдийг нь нэр дэвшүүлнэ гэж амласан. Энэ амлалт нь өмнөх сонгуулиар амжилт гаргасан нөхдүүд нь төрд байх хугацаандаа ард түмнийхээ төлөө хуруугаа битгий хэл нүдээ ч хөдөлгөөгүй байхад ч хүчинтэй байхаар тийм хүчтэй амлалт байсан бололтой. Тойрог дээр унасан нөхдүүдийг нь буцаагаад тойрогт нь дэвшүүлчихлээ анхан шатны үүр хороо, гишүүд дэмжигчдын санал, үзэл бодлыг нь юман чинээ тоосонгүй доромжилчихсон юм. Зарим тойрог дээрээ унаж намынхаа анхан шатны үүр хороодоос цухуйгаагүй нөхдүүдээ жагсаалтынхаа манлайд нь тавиад өргөмжилчихлөө. Нэгэнт гадаад талдаа ямар ч ардчилал авчраагүй нөхдүүд дотооддоо ч бас ардчиллаа устгаж, гишүүд дэмжигч олон хүнийхээ нүүр лүү нулимж хэдхэн хүн л бүхнийг шийддэг гэдгийг сайн ойлгуулж ардчилал Монголд байхгүй гэдгийг баталлаа. Ардчилал гэж Монголд байхгүй. Юу үнэн гэвэл тэр л үнэн болсон юм байна.