Сүйрэлд хүрч мөхөж, доройтож буй улс орнуудын замаар эрчээ аван салхи татуулан давхих хөөрхийлөлтэй Монгол улс. Хүчирхэг техникээр зэвсэглэсэн уул уурхайн компани улс орныг сүйтгэгч, газар шороог там болгогч, олох ашгаасаа өөрийг үл бодон түүнийхээ төлөө л бүхнийг золиослон, амиа өгөхөөс ч буцахгүй болсон дотоод гадаадын дээрэмчдын тасралтгүй үргэлжлэх шунахай цөлмөлт. Тэдний хөлд үрэгдэж, сүйтгэгдэж, өм татуулан залгигдах эрдэс баялаг, ариун газар шороо. Хүн ардын шим шүүсийг нь ховх сорж, олсон цуглуулсныг хаман залгигч банк нэрт эрх мэдэлтнүүдийн эзэмшлийн шулан мөлжигчдийн газар.
Амин хувийн ашиг хонжооны төлөө улс орон, хүн ардаар золио хийж эх орноо эрээ цээргүйгээр дээрэмдэн худалдаж, эрх мэдлээ ашиглан хагартлаа баяжсан цөөн тооны гэр бүлүүд. Улс төрч нэрт гэмгүй царайлж  түмнийг хуурч, төрийг самууруулагч луйварчдын ил цагаанаар хийгдэх хулгай дээрмийн ажиллагаа. Энэ бүхнийг харж халаглаж, цөхөртлөө хашгирсан, тэмцсэн ч хүч нь үл хүрэх, дуу нь хоосон цуурай болж замхрах элгээрээ хэвтсэн ард түмэн. Энэ бол өнөөдрийн Монгол улсын жинхэнэ бодит  дүр зураг, үнэн нүүр царай.
Ард түмэн, газар нутагтай байж гэмээнэ төр оршин тогтнох бололцоотой. Төр байж гэмээнэ ард түмэн амар жимэр амьдарч, улс орон хамгаалагдан айх аюулгүйгээр орших учиртай. Тэр дундаа ардчилсан улсын төрийн эзнийг нь ард түмэн гэж тунхагладаг. Ард түмний төлөөлөл нь төрд томилогдон ажиллаж, нийт олонхийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө нойр хоолоо умартан байж ажиллах зарчимтай. Ийм л байлгах гэж тэдэнд итгэл хүлээлгэж, ард түмэн татварын мөнгөөрөө цалинжуулж, дутагдах гачигдах зүйлгүйгээр амьдруулдаг юм. Өнөө цагийн Монголын төр хэний төлөө ажилладаг вэ?  Ард түмний өмнө том үүрэг даалгавар хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой тэр нөхдүүд төрд гарснаар хэний заавраар хөдөлж, хэнээр заалгаж ажиллаж, хэний утсан хүүхэлдэй болох болов. Монголын төрийн дээр эзэн суугч нь хэн болов.
Үнэнийг хэлэхэд Монгол улсыг өнөөдөр дотоод гадаадын уул уурхай болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, дотоодын архи тамхи үйлдвэрлэгч нар, томоохон банкууд,  төрийн өмчит компаниуд л удирдан зааварлаж байна. Энэ нь Монголын төр ард түмнийхээ талд хэзээ ч ашигтай шийдвэр гаргаж байгаагүй. Ард түмнийхээ сайн сайхны төлөө нэг ч дорвитой ажил хийгээгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоогоор нь хангаагүй, улс оронд нэг ч бүтээн байгуулалт явагдаагүй, хүн амын ихэнх нь ядуурсан, авлигал, хулгай дээрэм, янхандалт, замбараагүйтэл цэцэглэсэн зэргээр баталгаажиж буй гэхэд болно. Улс орныг ийм болгосон нөхдүүдийг тэгээд ард түмнийг төлөөлж төрд гарч улс орныг удирдсан гэж үзэх үү. Төр ард түмний сайн сайхны төлөө, улс орноо цэцэглэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг биш билүү. Өнөөгийн Монголын парламентыг ямар хүмүүс бүрдүүлж байна вэ. Нөгөө л улиг болсон уул уурхай, архи тамхи, зам тээвэр, барилга байгууламж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гартаа авсан компаниудын захирал, дэд захирал, удирдах албан тушаалтан, мөн эдгээр компаниудын хөрөнгө мөнгөөр төрд гарч тэдгээрийн эрх ашгийн төлөө үйлчлэгч нар л бүрдүүлж байна. Ийнхүү Монгол улсад дураараа авирлагч нар зугаацаж, улс орноор тоглож, цөлмөж байхад хэн ч тэдэнд  хариуцлага тооцохгүй, хэн ч юуг ч шалгаж нягтлахгүй байна гэдэг төр нэгэнт унаж, байхгүй болсны шинж биш гэж үү. Эх орон минь эх захаа алдсан худал хуурмаг, луйвар л хамгийн ихээр цэцэглэсэн муу муухайн үүр болсон байна. Хуулийн байгууллагууд болох цагдаа, шүүх, мөн тагнуулын байгууллагууд, эдгээрийн удирдах албан тушаалтнууд нь бас л төрийн толгой дээр сандайлсан компаниудын хөлсний ажилчдын үүрэг гүйцэтгэсээр. Хуулийг санаачилдаг, баталдаг нөхдүүд нь өөрсдийн эзэн болсон харь ноёдууд, хувийнхаа компаний эрх ашигт нийцүүлсэн хуулийг гаргаж, албаар цоорхойтойгоор хийж, тун болохгүй асуудал гарвал тэр цоорхойгоороо бултана. Энэ улс орон төргүй Монголын түйвээн, эзэнгүй Монголын эмгэнэл  л болж гүйцэж байна. Гадны компаниудын эрхшээлд орж, амин хувийн ашиг хонжоо харж, авлигалд идэгдсэнээр төр нь төр биш болж, газар нутаг нь цөлмөгдөж, хүн ард нь ядуурч, улс орноо эргэн босгоё гэсэн ч хүн ам нь мэдлэг боловсрол муутай, газар доорхи баялгаа зөөлгөж дуусгасан, өвчинд баригдаж  сүйрсэн Африкийн улсуудын араас Монголын ард түмэн газар нутгаа сүйрүүлж, эрдэс баялгаа цөлмүүлж, үр хүүхдийнхээ ирээдүйгээр тоглуулж, ард түмний төлөө босгосон төр нь гадна дотны компаниудын  эрхшээлд орчихсон яг л тэдний араас, сүйрэл мөхлийн замаар алхацгааж байна.
Африк, Латин Америкийн орнуудыг сүйрэлд хүргэсэн Роберт Фрийдланд гэгч нөхрийн ээлжит сүйрүүлэх бодлогын золиос нь Монгол улс болсон. Тэр нөхөр Монголын ард түмний доромжилж Монголын төрийн толгой дээр заларч, төрийн түшээ эрхмүүдийг утсаар хөдөлгөсөн шигээ л сууж байна. Монголын хамгийн том орд газрыг эздээс нь илүүтэйгээр эзэмших болсон энэ нөхөр Монголын эрх мэдэлтнүүдтэй хамтарч Оюу-Толгойн гэрээ гэгч луйвраа маш амжилттай хийсэн. Монголын ард түмэнд Оюу-Толгой гэдэг энэ том орд газраас юу ч наалдахгүй, Монгол улс олигтой юм хүртэхгүй тавиад туучихсан нь тодорхой болсон байтал Монголын ирээдүй мэтээр сурталчилж, нийслэл хотоор дүүрэн сурталчилгаа байрлуулж, олны танил эрхмүүдээр овойж оцойтол нь магтуулж, сонин хэвлэл, телевизээс салахгүй болсон  нь ямар гээч доромжлол вэ. Овооттолгой гэх нүүрсний том ордоо бас л зүгээр бэлэглэж, дурын нэг Канад нөхрийн өмнө Монголын төр сөхөрчээ. Таван Толгой гэх талхилагдаж, тасралтгүйгээр гадагшаа зөөгдөж буй асар том нүүрсний орд  газар. Эздүүд нь бас л төрд зааварлагч, төрийн түшээдээр хамгаалуулагч хэмжээгүй эрхт компаний эзэд. Тухайн улсын баялаг тухайн ард түмний өмч байна гэж НҮБ-ын байгалийн баялагын тухай конвенцед бэлээхэн заасан байтал хэний дураар гадагш нь зөөж, хэн ч түүнийг нь хянаж, шалгахгүй байна вэ. Төр дэх нөхдүүд бас л төгрөгөөр амаа таглуулж, доллараар нүдээ боолгожээ. Монголын төр дахь албатууд ард түмнээ, газар нутгаа сая сая доллараар худалдаж бузар мөнгөний дор сөхөрчээ. Ил цагаанаар, нүдэн дээр минь зөөгдөх тэр их газрын баялгаас ичих нүүрэндээ ард түмэнд хувь хүртээнэ, арван хувийг нь хүртээнэ гэсэн нь аргаа барсан, ам тагласан хулхидалт л болсон юм байна. Таван Толгой гэх таван том орд газрын ганцхан л ордынх арван хувийг нь ард түмэнд хувьцаа болгож өгөх гэж байгаагаа Таван Толгойн арван хувь мэтээр тархи угаагчид төрд байгаа нь бас л компаниудад худалдагдсан, тэдний төлөө ажилладаг гэсэн үг биш үү. Бусад дөрвөн том орд ямар гээч компаний эзэмшилд очсон болоод ард түмэн түүнээс нь хувь хүртэх эрхгүй байдаг билээ. Бусад томоохон орд газрууд болон жижиг ордуудыг ашиглан эх нутгаар минь тархан олборлолт хийж, уул ус, ургамал амьтныг нь мөхөөж, хүн ардынх нь амьдрах орчинг үгүй хийж байгаа олон мянган дотоод гадаадын компаниудыг шалгадаг, хянадаг газар гэж хаа ч алга. Төрийн бүх байгууллагууд тэдгээрийн эрхшээлд оржээ.  Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр төргүй улсад компаниуд л жинхэнэ галзуурч байна.  Монголын төр дахь албатууд төрийн дээр, ард түмний толгой дээр, улсынхаа эрх ашгаас илүү компаниудын эрх ашгийг хамгаалдаг, тэдгээрт үйлчилдэг, хамтардаг, эзэмшдэг болсноор улс орон уруудан доройтсоор л байна. Оюу-Толгой, Таван Толгой, Бороо Гоулд, Мак  болон бусад олон мянган компаниудтай улс төрийн намууд болон улс төрчид түншилсээр, сүжирсээр, тэврэлдсээр л байна. Мөнгөтэй л бол төрийн суудал хоромхон очоод л заларчих зугааны газар л болжээ. Уул уурхайн компаниудын эрх мэдэл төрөөс дээш заларчээ.  Улс орныг бүхэлд нь ноёрхжээ. Ард түмнийг ч боолын амьдрал руу түлхсэн байна.
Уул уурхайн компаниудтай мөр зэрэгцэн харийн эзэнтэй арилжааны банкууд ч төрийн толгой дээр тонгочсоор байна. Монгол гэх төв банк нь дэлхийд байхгүй бодлогын хүү гаргаж, арилжааны банкууд нь хаа ч байхгүй зээлийн хүүгээрээ ядуу иргэдийг  шулан мөлжсөөр байна. Төрөөс ард түмэндээ тарааж буй эх орны хишиг гэх гаднаас зээлсэн мөнгө, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл, за тэгээд өөр ямар л мөнгө байна бүгд банкуудад очиж угаагдсаар л байна.  Малчидынх нь амьжиргааны цорын ганц эх үүсвэр болсон хэдэн мал нь банкны барьцаанд орж хураагдаж,  эрх мэдэлтнүүд нь гадны улсын мөнгийг Монголд авчирч угааж, улс орны баялаг, ард түмнээ харийн тарган эздэд шулуулсаар үүнийг нь хэн ч шалгахгүй, хэн ч хянахгүй зүгээр л дуугүй байцгаана. Том толгойт банкууд төрийн дээр заларч ард түмнийг шулан мөлжсөөр л байна. Төр иргэдээ хамгаалах үүргээсээ ухарч, харин харийн эзэдтэй, Монгол хамтрагчтай  банкуудыг хамгаалах үүрэг л шинээр хүлээсэн байна.
Төрд гарч улс төрч болж тоглосон архи, тамхины үйлдвэрийн эздийн ашгийн төлөө ард түмнээ шоглох шоглолт ч бас л хатуухан, хөнөөлтэй  л эд дээ. Өнөөдөр улс орныг нилэнхүйд нь мансууруулж, хэмжээ хязгаараасаа хальсан архи, тамхи, пиво үйлдвэрлэгч нарт хяналт, шалгалт тавьдаг байгууллага гэж бас л хаа ч алга. 1990- ээд оны эхээр Ардчиллыг мандуулж байна гэж хашгирч, ард түмнийг ажилгүй орлоггүй, амьжиргаагүй тэнүүлчин болгосны нь үр дүн нь өнөөдөр эдгээр компаниудад чамлахааргүй ашиг болж очиж байна. Улс орны замбараагүйтлийн эх үүсвэр болсон мансууруулах бодисын үйлдвэрлэгч нар бас л төрийн толгойд эзэн суужээ.
Төрийн өмчит гэх олон компаниуд өнөөдөр ашиггүй алдагдалтай ажиллаж төрөөс ахин дахин татаас авсаар л байна. Хаана, юунд хэрхэн зарцуулдгийг нь хэн ч шалгахгүй, мэдэхгүй юм шиг зүгээр л өнгөрөөнө. Бас л нэг улс төрийн намын гишүүн нөхөр удирдана. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр л гэхэд зэсийн баяжмалаас гадна түүнтэй цуг гарч буй алт болон бусад ховор металлыг хэрхдэг нь бас л сонин. Ийнхүү ашиггүй ажилладаг төрийн өмчит гэх компаниудыг хэн шалгадаг, хянадаг вэ. Бас л ямар ч хариуцлага хүлээдэггүй том толгойлсон төрийн дээр заларсан компани л болж хувирсан байна.
Төрийн эзэн болсон ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэж байх ёстой. Дөрөв дэхь засаглал гэж өөрсдийгөө хөөргөх дуртай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Улс оронд өрнөж буй энэ их замбараагүйтэл, хүн ардын хурдацтай ядуурал, газар нутгийн сүйрэл, улс орны уналт доройтлын талаар үнэнийг хэлж чадахгүй, болж бүтэж буй мэтээр худлыг түгээж, үнэнийг хэлсэн бүхэнд хаалт тавьж буй нь мөнгөндөө хахаж цацсан бизнесийн бүлэглэлүүд,  улс төрийн албан тушаалтанд худалдагдаж, тэдгээрийн шууд захиргаан дор орж, тэдний эрх ашигт үйлчилж, зохиомлоор худлааг түгээж төрийн эзэн болсон ард түмнийг мунхруулна гэдэг бас л төрийн толгой дээр заларсны шинж юм.
Монгол улсад шаардлагатай бензин шатахууны нийлүүлэлт, худалдан борлуулах ажлыг гүйцэтгэдэг бензин шатахуун импортолдог хувийн компаниуд дуртай цагтаа үнээ нэмж ард түмэнд хатуурхаж том толгойлно. Монгол улс газрын тосны нөөцтэй улс, түүнийгээ ашиглаад томоохон боловсруулах үйлдвэр барих боломжтой хэдий ч бас л ашиг харсан компаниудыг дэмжээд төр толгойдоо гаргачихаж.
Мэдлэг муутай нөхдүүд төрд байна гэдэг олон сөрөг үр дагавартай байдаг. Тэд мэдлэгийг үнэлдэггүй, мухар сүсэгт итгэдэг учраас өнөөдөр бизнесийн байгууллагуудын жишигт тулж очсон элдэв янзын шашин дураараа нь дургина. Ард түмэн хир их хүлцэнгүй ноомой байна эрх мэдэлтнүүдэд л ашигтай. Тийм ч учраас өнөөдөр хэт их хүчээ авсан шашин нэрт бизнесийн байгууллагууд төрийг үл ойшоон толгой дээр нь заларчээ. Ийнхүү ашгаас өөрийг мэдэхгүй, мөнгөнд сохорсон компаний эзэн ноёд Монгол төрийн суудал дээр заларснаар эх орон минь компаний улс болж хувирсан байна. Төр л компаниудад зааж зааварлаж, үүрэг өгч, шалгаж хянадаг баймаар юм. Элдэв янзын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шалгарсан компаниар хийж гүйцэтгүүлж, дураар нь дургуйлахгүйн тулд төр хянаж цагддаг баймаар атал юу болно вэ.
Улс төрч нэртний холбоо сүлбээтэн дурын нэг компани нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр төрийн мөнгө угаах ажлыг хийнэ. Монгол хүний нэрийн хуудас болсон цахим үнэмлэх хэвлэх эрх, сонгуулийн санал тоолох машиныг оруулж ирэх болон , юу л байна бүгдийг нь хийнэ гэж түшээдийн сүлбээтэнгүүд төрийн мөнгийг угааж,  ховх сордог болсон байна. Монголын төр гэдэг ард түмэнд үйлчилдэг, ард түмнээс томилогдон очсон төлөөлөл нийт олонхийн төлөө ажилладаг газар атал харин эсрэгээрээ дотоод, гадаад, хувийн бүхий л компаниудыг хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг газар болж л хувирсан байна. Монгол улсын үндсэн хуульд компаниуд төрд зааварлаж, заана гэсэн заалт байдаггүй л юмсан. Төр гэдэг эзэн болсон ард түмнийхээ төлөө ажилладаг газар болохоос бизнесийн бүлэглэлүүд, тэдний тэжээдэг уяаны нохой болсон улс төрч нэрт салбадайнуудыг тэжээж тэтгэж, харж ханддаг цэцэрлэг биш. Монголын төр эзэнгүйдсэнээр улс орон минь сөнөл мөхлийн замд орсон байна. Монгол төрийн эзэд нь хаана байна вэ. Тэмцдэггүй ард түмнийг мөхөл л хүлээдэг юм. Улс орон ирээдүй хойчийнхоо төлөө Монгол төрийнхөө эзэн байх тэр хариуцлагатай цаг үе Монголын ард түмэнд иржээ. Төр гэдэг тоглоом биш, банк биш, компани биш гэдгийг дээр дооргүй ойлгож явбал зүйтэй болов уу. Улсаараа  тоглосон этгээдүүдэд төр, түмэн олон төмөр нүүрээ л харуулдаг юм. Алдааг хэзээд хариуцлага дагадаг шүү төрийг төр биш болгогчидоо.