Асуудал бүрийн ард нэр нь зүүлттэй явдаг хүн бол С.Баяр. Тэрээр 2008 оны сонгуулийн дараа намаа ялуулсан ч ялагдсан нам болох АН-ыг засагтаа урьж улмаар энэ нь МАНАН болж хувирсныг хүмүүс тодхон санаж байгаа. С.Баярч энэхүү үйлдэлдээ харамсахгүй байгаагаа хэлж байна. Алдарт Оюу Толгойн гэрээг хийж аваад ерөнхий сайдын албан тушаал болон намын албан тушаалаа өгөөд гадаад руу өвчтэй гээд алга болсон хүн. Түүнээс хойш түүний талаар янз бүрийн яриа гарч байлаа. Гэхдээ тэр эргэж ирлээ.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр хагарч бутрах дээрээ тулаад байсан намынхаа доторхи байдлыг нам жим болгож, эвлэрлийн гэрээ байгууллаа. Тэр намынхандаа юу амлав? Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг амлав уу эсвэл засгийн газраас бялуу хүртээхээр амлав уу?

Тэрээр одоо дахиад МАНАН-г үүсгэх ажлаа эхлүүлэх үү? Нэгэн аман тохироо 2008 онд Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын хооронд хийгдсэн гэдэг. Тэр нь юу вэ гэхээр 2017 он хүртэл Монголын улс төрийг хэрхэн наймаалцах тухай. 2009 онд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгоно гээд цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Гэхдээ л ийм нэг тохироо хийсэн гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ батлагдаагүй. Ямарч байсан 2012 онд АН сонгуульд ялчихсан. Тэгэхээр ерөнхийлөгчийг МАН авах уу? Харин Ц.Элбэгдорж тохироондоо байгаа юу? Эсвэл буцсан уу гэдэг том асуулт гарч байна. Мэдээж С.Баяр Ц.Элбэгдоржтой уулзаж хуучнаа, ярьснаа сануулсан л байж таарна. Гэхдээ С.Баярыг хэн ч биш гэж басамжилж болохгүй.

С.Баяр хүсэх юм бол эмнэлэгт байгаа Намбарын хүүтэй ч уулзаад тохиролцож ч чадна. Мэдээж Н.Энхбаяр одоо ашигтай тохироог л хүсэж байгаа. Өнөөдөр АН ганцаараа, биеэ даагаад улс орныг авч явж чадахгүй нь тодорхой боллоо. Үүнийг С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс С.Баяр ерөнхийлөгчийн сонгуулиар наймаалцаад МАНАН-г дахин үүсгэж МАН-ын залуучуудыг хоолонд нь дахин хүргэх үү. Үүнийг шууд үгүйсгэх ямар ч боломж алга. Тэд хүсвэл үүнийг хийнэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохын тулд хэлээ огтлоод өгөхөд ч бэлэн гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Хаа сайгүй л одоо улс төрийн наймаанууд хийгдэж байгаа. АН одоо МАН-тай хүчээр үзэж чадах болов уу? МАН-ынхан одоо хамгаалах биш харин довтолж эхэлнэ. Унавал хамт унана гээд нэгийгээ үзэхээр шийдэж байгаа нь тодорхой. Харин АН-д нэгийгээ үзэх эрх мэдэл байгаа харин зориг байгаа болов уу? эсвэл дахин тохиролцож МАНАН үүсэх үү.