Аливаа улсын төрийн тэргүүнүүд хамгийн хүчтэй, чадалтай бас дээр нь дайчин зан чанартай байдаг. Шийдвэл шийдсэн шиг шийддэг. Шийдсэнээ хийсэн шиг хийдэг. Алдаа гаргачих болов уу гэж бэмбэгнэсэн, албан тушаалаасаа огцорчих болов уу гэж алдаа дутагдалтай эвлэрсэн хүн хэзээ ч юм бүтээж чаддаггүй. Энэ бол удирдагч хүний зан чанар биш. Манай одоогийн ерөнхий сайдыг сэтгүүлчидтэй уулзаж байгаа уулзалтыг харахад нэг л их зовлон тоочсон хүн болох нь харагдлаа. Нэг л их хүмүүст өөрийгөө сайхнаар, зөвөөр харагдуулах гэсэн байдал түүний ярианаас хүн бүрт төрссөн нь нууц биш.

Ажил хийж чадна гээд сонгогдчихоод, улс орноо хөгжүүлж чадна гэж амлаж ерөнхий сайд болчихоод өнөөдөр зовлон тоочиж, хэцүү бэрхийг ярьж байгааг юу гэж ойлгох вэ? Н.Алтанхуяг ерөнхий сайд бол ардчиллын 23 жилийн сонгодог жишээ болсон хүн байна. Яагаад сонгодог жишээ гэсэн бэ гэхээр зөвхөн амаараа ажил хийдэг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “ярих бол ажлын тавин хувь” гэдэг алдарт мэргэн сургаалиа айлдсаныг өнөөдөр хүн бүр дагаж байна даа. Уран үгээр донгодоод донгодоод хоолгүй айл хоолтой болохгүй. Сайхан үгийг бялууртал нь хэлээд сайхан амьдрал бий болчихгүй ээ.

Ерөнхий сайд танхимын сайдууддаа юу ч хэлж чаддаггүй нь сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагаас нь нэгэнт харагдсан. Том толгойтой, шуналын тулам болсон сайдууд нь өнөөдөр өөр өөрийнхөөрөө дур дураараа явцгааж байгаа нь анзаарагдаж байна. Оны дараахан Ерөнхийлөгчийг засгийн газрынхаа хуралдаанд оруулж баахан загнаж сүрийг үзүүлсэн. Н.Алтанхуяг ерөнхий сайд удирдагч хүн биш харин хүний өгсөн даалгаврыг гүйцэтгэгч л байх хүн. Муу нийгэмд муу хүмүүс төрийн албанд гарах юм даа.

Саяхан ирсэн Японы ерөнхий сайдыг харж байхад аргагүй улс төрийн арвин туршлагатай, олон улсын түвшинд ажиллах чадвартай нь харагдаж байна. Японы ард түмнийг төлөөлж явж байгаа гэдгээ гүнээ ухамсарлаж биеэ авч байгаас нь харж болохоор байлаа. Цээж тэнэгэр, харц дээгүүр байгаа нь өөртөө итгэлтэй байгааг илтгэнэ. Харин манай ерөнхий сайд жаахан хүүхэд шиг тойрч гүйгээд л. Бас түүний эхнэр нь ямарч соёл алга. Наадамд явж байгаа юм шиг эртний хүннү дээл өмсчихсөн байгаа нь даана ч цагаа олсонгүй хувцас байлаа. 

Ер нь улс төрч хүн хэзээ ч ард түмнийхээ өмнө зовлон ярьж, шалтаг тоочиж суух ёсгүй. Зовлонгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Тэр тусмаар төрийн өндөр албан тушаалтнууд зовлон тоочоод суугаад байвал энэ улс хэзээ ч өөдлөхгүй. Энэ бүхнийг сэтгүүлчид болон хүн бүр шүүмжилж байх хэрэгтэй. Шүүмжлэл нийгэмд явагдаж байгаа бол манай нийгэм эрүүл байгаагийн шинж юм.