Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ энэ засгийн тэргүүн Н.Алтанхуяг ч бантагнуулжийна даа бантагнуулжийна. Шинэчлэл ярьж үгэндээ ороогдоно. Шинэ тушаал шийдвэр гаргаж, түүндээ ороогдоно. Хэрэг бүр бишдээд ирэхээр нь тушаалаа хүчингүй болгож жонхууруулна. Тэрийгээ бас зөвтгөх гэж ээрч муурахдаа түүн шиг шударга ерөнхий сайд оршин тогтноход хэцүү байгаа мэт жүжиглэнэ. Өчигдөр Засгийн газрын тэргүүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаас ийм л сэтгэгдэлтэй олон хүн буцсаны нэг нь би. Алтанхуяг сайд ч яахав өнөө л улиг болсон ишлэлүүдээ тоть шиг давтлаа.

Энхбаяр нийтлэлчийн бичсэнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “үнэ нэмэгдээгүй”, “хариуцлага тооцно”, ”шинэчлээд өгнө”, ”алаад өгнө”, “хядаад өгнө” миний хийсэн бүгд зөв, бусдынх буруу гэх мэт хэт энгийн буюу “жижүүрийн” тооцоо судалгаа багатай, асуудлынхаа гүнд ороогүй нөгөө л буу халсан маягтай энэхүү уулзалт болж өндөрлөв. Үнэндээ “шинэчлэлийн” тодотголтой засгийн газрын тэргүүний амнаас нэг ширхэг ч шинэ бүтээн байгуулалт, бодит хийсэн ажил шинэ амжилтын тухай үг сонссонгүй. Харин Цэцийн өмнө ерөнхий сайдын гаргасан шийдвэр болгон бүдрээд байгааг зөвтгөх гэж мань хүн нилээд цагийг барав. Засгийн тэргүүний хууль зөрчсөн халаа сэлгээний талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Ч.Чулуунбатарыг халсан тухайгаа яриад авлаа. Түүнийг халах болсон шалтгаан нь ердөө л үгээр нь байгаагүй, засгийн газрын санаачилсан хуулийг эсэргүүцсэнээс... гэлээ.

Ерөнхий сайд маань өөрийгөө зөвтгөх гэж олон юм нуршихдаа хэл нь хальтирав уу яав хууль зөрчсөнөө үгээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3-р бүлэгт Тагнуулын ерөнхий газрын удирдлага, түүний бүрэн эхийн тухай бий. Тэнд лав засгийн газрын болон хэн нэгэн эрх мэдэлтний бодлогыг ч юм уу, санаачилсан хуулийг нь эсэргүүцсэн тохиолдолд ажлаас нь халах ёстой гэсэн зүйл заалт олж хараагүй.

Тэгэхээр ерөнхий сайд Н.Алтанхуяг алхам дутамдаа, шийдвэр гаргах бүрдээ хуулиудаа зөрчиж буйгийн ганцхан жишээ энэ.. Бас нэгэн сэтгүүлч Ерөнхий сайд Н.Алтанхуягаас "Төрийн албаны шалгаруулалт, томилгоонд алдаа байна уу?Та энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа очлоо? гэх асуултад тэрээр "Цэц дээр хоёр удаа очлоо. Хөвсгөл, Дорнод аймагт үүрэг гүйцэтгэгч Засаг дарга тавьсан. Би Үндсэн хуулиа ганцаараа зөрчөөд байгаа юм биш. 2004 онд 4 аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас амаа хамхиад өнгөрсөн шиг байгаа юм. Би өмнө тогтсон ийм жишгийн дагуу л томилсон. Алтанхуяг хийхээр л хууль зөрчиж харагдаад байгаа юм. Тагнуулын Ерөнхий газрын дэд даргын асуудал. Энэ бол хүн томилсноос үүдээд байгаа асуудал биш, халснаас л болсон. Шинээр томилогдоод удаагүй байсан дэд дарга Ч.Чулуунбаатарыг халсан.

Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн, иргэн хүний хурууныхаа хээгээр авчихдаг мэдээлэл нууц биш байя л гэж үзээд Засгийн газраас санаачлаад УИХ-ын Байнгын хороонд оруулсан асуудлыг ТЕГ-ын дэд дарга эсэргүүцсэн. Үүнээс үүдэлтэй ердөө л энэ” хэмээн томров. Харин гаргасан захирамжаа хүчингүй болгосон шалтгаанаа Засгийн тэргүүн ийнхүү тайлбарлав “Яагаад захирамжаа хүчингүй болгосон гэхээр хаврын чуулганаас өмнө Алтанхуягийг Үндсэн хууль зөрчүүлсэн байх цаас хүмүүст хэрэгтэй байгаа учраас больсон юм. Шинэчлэлт өөрчлөлт хямдаар олдохгүй юм байна. Их өндөр үнээр хийх юм байна. Шинэчлэлийг хийж эхэлснээс хойш татварын нэг нөхөр 17 тэрбум төгрөг идсэн нь илэрлээ, төрийн банкны нөхдүүд нэг нь 200 гаруй сая төгрөг авсан байна. МИАТ өчнөөн тэрбум төгрөг зувчуулжээ. Би илрүүлсэн юм биш, шинэчлэл өөрчлөлтийн тус. Гэтэл Алтанхуягийг зайлуулчих юм бол амарсайхан жаргах боломж байгаа юм байна гэж үзэх хүмүүс байна би харж байгаа.

Надад, бидэнд хийе, өөрчлөе гэсэн сэтгэл зүрх л байгаа, өөр ямар ч эрх ашиг байхгүй. Маш их буруу жишиг тогтжээ.Энэ бүхнийг өөрчлөх амар биш байна." гэжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлж буйгаар бол түүнийг хууль дүрэм, журам зөрчөөгүй байхад нь зөрчсөн юм шиг харагдуулах гээд оролдоод байгаа гэх. Гэтэл түүний Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Ч.Чулуунбаатарыг халсан явдал нь ярьж хөөрч тайлбарлаж байгаатай нь огтхон ч авцалдсангүй. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа талаараа ч тодорхой тайлбар тэр өгсөнгүй. Ширэн нүүрлэн байж өөрийгөө баахан зөвтгөж хамгаалсаар бүтэн 2 цагийн уулзалтыг өндөрлөв.

Танхимаар ажиллах зарчим энэ засагт алдагдсан бололтой. Салбарын сайдууд нь хэрхэн ажиллаж байгаа талаар бараг л дуугарсангүй. Ер нь энэ засгийн газарт аливаад бодит үнэлэлт дүгнэлт хийх чадавхи нэн сул байгаа нь тэргүүнээсээ аваад бусад сайд нарынх нь хэлж ярьж байгаагаас илт харагдах болов. Ерөнхий сайд Алтанхуяг нэг л бишээ ...

Ёстой л С.Баярын саяханы Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагад дурьдсанчлан Алтанхуягийн засгийн газар мордохын хазгай гэгч нь болж байгаа юм биш байгаа даа.

 

Эх сурвалж: NEW.MN Н.Чинзориг