Авлигатай тэмцэх газар/АТГ/ бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зорилготой тус байгууллага нь орон нутагт салбар нэгжтэй болж, хөдөө, хотгүй авлигын эсрэг хүчтэй тэмцэл явуулах юм гэнэ. Энэ талаар АТГ-ын дарга Н.Ганболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм байх. Мөн УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд АТГ-т ажиллахад тус байгууллагынхан хийсэн төслөө танилцуулсан байна.
Хууль тогтоогчид энэ талаар анхааралдаа авч, хаврын чуулган эхлэхээр Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулж өргөн барина гэжээ. Хөдөө орон нутагт, тэр дундаа дунд түвшиний хурган дарга нар хээль хахууль авах, ах дүүс, нутаг усныхандаа давуу эрх олгох, эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргах нь хэрээс хэтэрч байгаа гэж үзэж байгаа юм байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын төсвийн бодлогод шинэчлэл хийж 2013 оноос аймаг, орон нутагт төсвийн тодорхой хэмжээний эрх мэдлийг олгож, захиран зарцуулах хөрөнгийн хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй нэмэгдсэн учир хяналтыг сайжруулах шаардлагатай болжээ. Тиймээс бүх аймагт АТГ-ын салбар нэгжийг байгуулах хууль эрх зүйн шинэтгэлийг хийхээр бэлтгэлдээ гарсан байна. АТГ-ын дарга Н.Ганболдын тайлбарласнаар тус байгууллагынхан судалгаагаа эртнээс хийсэн, ямархуу өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа хууль тогтоогчдод хүргүүлчихсэн, орон нутагт авлигын эсрэг хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх нь. Энэ нь орон нутгийн "авлигачдыг" дагнан чичрүүлэх нь дээ.
Д.Тэнгис www.times.mn