Английн ерөнхий сайд асан Тони Блэйр ямар хэргээр, ямар зорилгоор, яах гэж Монгол улсад ирэв. Үүнийг яагаад эрх баригчид нууцлав. Ардчилсан оронд юм бүр нээлттэй байх ёстой гэж тэд өөрсдөө тунхгалан зарладаг биш билүү. Гэвч тэд нууж байна. Хэний урилгаар ирсэн, ирээд хэнтэй уулзсаныг хүртэл ард түмнээс нууж байна. Нуух тусам л улам л хардах сэтгэл төрж байна. Монголчууд мэдэж болохгүй нууц зүйл байгаа юу? Тэгвэл тэр нь юу байх вэ? Оюу Толгой юу? Мэдээж гадныхан Оюу Толгой авах сонирхол их байгаа нь мэдээж. Мөн цаашлаад Монголын бүхий л баялгийг хуу хамах хязгааргүй хүсэлтэй хэзээ ч мартаж болохгүй.
Ц.Элбэгдоржийн урилгаар гэж нэг хэсэг нь ярьсан, нөгөө хэсэг нь Ч.Сайханбилэгийн урилгаар гэсэн. Өмнө нь Англид очихдоо Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулиар зочлох нэрээр Тони Блэйртэй уулзаж байсан гэсэн сураг байдаг. Ямартай ч Ирак орноор гараа угаасан, Олон улсын Гаагын шүүх дээр дуудагдсан энэ нөхрийг хэн авчирсан бэ? Ирээд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Лу.Болд, Ч.Сайханбилэг нартай уулзсан гэсэн мэдээнүүд байна.
 
Байгалийн баялгаа яаж ашиглахад нь Засгийн газарт зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн гэсэн ярилцлага байна. Яасан ч яаруу ирж зөвлөгөө өгдөг юм бэ дээ хөөрхий. Тэгээд ч энэ хүний зөвлөгөө Монголд тийм их дутагдлаа гэж үү. Дэлхийгээр нэг зөвлөгч нэртэй зальдагчид, луйварчид олноороо л байна шүү дээ. Тэд 1990 оноос эхлээд ардчилал руу, зах зээл рүү орж буй улс орнуудад зөвлөх нэрээр сүйтгэсээр ирсэн. Биднийг ч мөн адил. Тони Блэйр бол Ирак орны зөвхөн газрын тосыг нь авахын тулд л АНУ-тай нийлж эзэлж авсан. Зөвхөн газрын тос шүү. Өөр юу ч биш. Сүүлд эзлэгдсэн Ливи ч мөн адил. Бас л газрын тос. Яагаад гэвэл тэдгээээр орон газрын тосоор маш баян. Үүнийг нь үнэгүй шахам авах гэсэн хүсэлтэй улсуудын тоглоом болсон үйл явц бидний нүдний өмнө явагдлаа.
 
Өнөөдөр энэ гашуун түүх ч бидэнд тохиолдож мэднэ. Монголчууд байгалийн баялгаа хямдхан зарахгүй гэвэл мэдээж хүч хэрэглэхийг л оролдоно. Зөвлөгч нэртэй хүмүүсээр ятгуулна, дарамтлуулна, сүрдүүлнэ. Дараа нь бүр болохгүй бол хорлонт аргуудаа хэрэгжүүлж эхэлнэ. Тэдний ажилладаг арга энэ. Зөвлөж, хэлж, санаа бодлоо солилцох гэж, ямарч хар санаагүй цагаан сэтгэлээр ирсэн юм бол нэг өдөр биш харин тухтай л ирмээр. Бүх зүйлээ нууцалж ирэх нь бас л хар төрүүлж байна.
 
Үнэг шиг зальтай Тони Блэйр ямар зорилгоор, яах гэж, юу хүсэж ирэв? Ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ асуудлаар яагаад ард түмэндээ мэдээлэл хийхгүй байна. Нуух тусам л хардлага улам лавширсаар байна.