Албан тушаалын төлөөх тэмцлээ улс төр гэж ойлгодог бүхэл бүтэн бүлэг бий болжээ

Хуульч, өмгөөлөгч Ч.Энхээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын тухай бодит түүхийг уран сайхны аргаар бичсэн ном гаргалаа гэнэ. Чухам ямар ном гаргав?

 

-Уран бүтээл хийгээд дэмжих газар байхгүй болжээ. Ардчиллын тухай яг бодит байдлыг бичээд ном гаргах гээд хэд хэдэн хэвлэлийн газраар явлаа. Ном маань үнэн бодитой болохоор хэвлэлийн газрууд айгаад хэвлэж өгөхгүй байна. Би өөрөө ардчиллын эх үүсвэрийг тавилцсан хүн. Өөрийнхөө байгуулалцсан нийгэмд номоо хэвлүүлэх эрхээр боогдож байна. Энэ тухай үнэн зүйл бичсэн учраас бүх хэвлэлийн газрууд айх юм. Бодоход засгийн эрхэнд гарсан АН- ынхан дарамталдаг болоод тэр байх. Миний хувьд үнэндээ ой гутмаар зүйл боллоо. Одоо бидний ардчилал гээд байгаа энэ заваан зүйлийг магтаж бичсэн бол захын хэвлэлийн газар шүүрээд авах байсан байх. Ивээн тэтгэх улстөрч ч олон байх байлаа. Дараа нь тэр зохиолоор кино хийж, олон нэвтрүүлэг хийх байсан нь дамжиггүй. Учир нь ардчилал хэмээх зүйл чинь анх гарч ирэхдээ ийм байлаа, одоо ийм болчихсон юм шүү гэж үнэнийг бичсэн зохиол болохоор яах ч арга алга. Бидний анх ярьж хэлэлцээд байгуулж явсан тэр ардчилсан нийгэм бараа сураггүй тасарчээ. Харин энэхүү номыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар дэмжиж хэвлүүллээ.

-Ардчилсан нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Эр хүнээр бол цэргийн алба хаагаад, өрх гэр толгойлоод явчих насанд хүрсэн. Гэтэл ардчилал гэх зүйл улам унасаар устахдаа тулсан нь юуны учир вэ?

-Энэ бол Монголын нийгмийг цөөвөр чонын сүрэг болгож орхисонд л байгаа юм. Өөрөөр хэлбэл, социализмын үед хүн хүндээ нөхөр байх ёстой,бие биендээ түшиг байх ёстой гэдэг байлаа. Зах зээл гэдгийг хувиа хичээх ёстой гэж ойлгоод нийгмийг задлаад хаячихсан. Тэгээд хэдэн улстөрчид нь ардчилал нэрийн дор нэг нүхэнд орчихсон, түүнээсээ огт гардаггүй. Түүнээсээ гарвал хүн муулж л гарна. Ингэж нийгмээ тарааж байгаа нь нийгмийг зүгээр л цөөвөр чонын сүрэг болгочихож байгаа юм. Үүнээс болоод ардчилал хэмээх зүйл нь манайд бие биенээ барьж иддэг, албан тушаалын төлөөх улайрал болголоо. Монголд улстөрч гэж байхгүй, улстөрийн үйл ажиллагаа ч гэж байхгүй болсон. Энэ утгаараа улстөрийн соёл, ухамсар гээд яриад байх зүйл алга. Өнөөдөр юу байна гэхээр, албан тушаалын төлөө тэмцэж байгаагаа улстөр гэж ярьдаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болчихсон. Зарим нэгийг нь үнэхээр улайраад байхаар нь чадах байлгүй гээд томилчихоор өөрсдөө баяжаад байдаг, нийгэмд хийсэн бүтээсэн зүйл юу ч байхгүй.

-Бодоход номондоо энэ бүхнийг харуулахыг зорьсон байх. Баримтат уран сайхны гэдэг нь өөрөө бас сонирхол татаж байна?

-Энэ бүхний эх үүсвэр нь ерөөсөө ардчиллын анхны тэмцлээс хойшхи зүйл юм. Тухайн үед Ардчилсан холбоонд ямар санаатайг бүү мэд шинэ хүмүүс олноор орж ирсэн. Тэд өөрсдөө орж ирээд хуучин Ардчилсан холбоог байгуулсан хүмүүсийг шахсан нэг тийм үе байдаг юм. Энэ бол 1989 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр. Тэр үед анхны хэдэн хүмүүсийг оролдохгүй хараад байсан. Учир нь тэдгээр хүмүүсийг НАХЯ-наас барих байх гэсэн ажиглалт, хүлээлт байсан. Гэтэл НАХЯ барьсангүй, харин ч эсрэгээрээ ард түмэн хүрээлээд ирэхээр нь дээр дурдсан хэсэг шинэ хүмүүс шахсаар байгаад гаргачихсан юм.

-Тухайн цагт хэсэг залуус хувьсгал хийх гэж явсан нь ард олонд ил байдаг ч зарим нэг зүйл нь тодорхой бус байдаг. Тухайлбал, санхүүгийн дэмжлэг хаанаас авч байв гээд нууц зүйл зөндөө бий?

-Тэр үед барууны тусгай албадууд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Үүнийг бид мэддэг байсан. Тэр тусгай албад надад баримт үлдээх юм бол юуных нь тусгай алба байх вэ. Гэхдээ би бол нүдээрээ харж байсан. Монголын нийгмийг барууны тусгай албадын бодлогоор нураасан. Үүнийхээ хүчинд манай байгалийн баялгийг зүгээр шахам ашиглаж байна. Үүний гол эзэд нь өнөөдөр том том дарга болчихсон, ардчиллаа хамгаална гэх зэргээр худлаа яриад л сууж байна. Үнэн хэрэгтээ хамгаалдаггүй л байхгүй юу. Одоо энэ хотын дарга Монгол Улсын баатар Э.Бат-Үүл байна. Анхны цуглаан дээр үг хэлнэ гэж ирчихээд бүтэн цуглааны турш хогийн савны ард нуугаад гарч ирээгүй шүү дээ.

-Яагаад хогийн савны ард нуугаад байсан юм?

-Айгаад гарч ирэхгүй байхгүй юу. Тийм л зүрх муутай юм байсан шүү дээ. Гэтэл одоо болохоор “Дөчин мянгат”-ын атаман байсан мэтээр яриад байдаг. Ийм амьтдаас болоод энэ ардчилал гэдэг зүйл аль хэдийнээ утгаа алдсан.

-Ардчилал хэмээх зүйл устсан. Угаасаа ч байсангүй, тэр ч бүү хэл зэрлэгдүү капитализмын нийгэмд амьдарч байгаа гэх нь бий?

-Зүгээр л цөөвөр чонын нийгэм гэж би дээр хэлээд байна шүү дээ. Бие биенээ барьж идэх гэсэн хэсэг бүлэг хүмүүс л байна. Өөр ямар ч нийгмийн байгуулалт алга. Социалист, ардчилал, капиталист гээд аль нь ч алга. Нийгэм гэдэг бол нэг зорилгод ухамсартайгаар нэгдсэн бүлгийг хэлдэг юм. Түүнээс биш дотроо хүн болгон өөр өөрийн дур зоргоор тараад байгааг ямар нийгэм гэхэв. Нийгэм гэдэг үг өөрөө самуурсан байгааг харуулж байгаа юм.

-Энэ ороо бусгаа цаг үеийг, нийгмийг өөр зүгт залаад аваад явах ямар боломж байна?

-Ямар ч боломж байхгүй.

-Тэгээд яах ёстой юм?

-Зүгээр л хараад суухаас өөр арга алга.

-Юу гэсэн үг вэ. Энэ чинь өөрөө маш том эмгэнэл биз дээ?

-Эмгэнэл мөн. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл юу ч үгүй болчихоогүй байна. Өнөөдөр манай улсаас гадаадын орнуудад олон залуус суралцаж байгаа. Энэ залуус нэг өдөр хүрч ирээд, одоо энэ Монголын төрийг эргүүлье гэвэл нэг боломж гарч мэдэх юм. Миний хувьд бол таг хаагдсан гэж хэлэхгүй. Гэхдээ энэ нөхцөл байдал олон жилийн дараа бүрдэж мэдэх юм. Түүнээс биш энэ ороо бусгаа байдал ахиад 20-30 жил үргэлжлэх юм шиг байна.

-Улстөрийн хүчнүүдийн сонгуулиас сонгуулийн хоорондох тэмцэл яван явсаар ийм байдалд хүргэчихэв үү. Таны номонд энэ тухай өгүүлээ биз?

-Улстөрийн тэмцэл ерөөсөө байхгүй шүү дээ. Улстөрийн тэмцэл гэж нэрлээд байгаа зүйл нь өнөөх л албан тушаалын төлөөх улайрал юм. Талбай дээр гараад жагсч байна. Үнэн хэрэгтээ тэнд олон үзэгдэж нэр нүүр олох, албан тушаал авах төдий л жагсаал цуглаан болдог. Түүнийг ард түмэн бол тоохгүй. Харин өнөөх сайд дарга нар нь болохоор энэ нөхөр талбай дээр зогсоод байна, цаашдаа дэмий юм болно гэх үүднээс нэг албан тушаал өгдөг. Өнгөрөгч хэдэн жилийн турш талбай дээр жагсч, олигархиудтай тэмцэж байна гээд байсан нөхдүүд өнөөдөр албан тушаалд очлоо. Сайд дарга, УИХ-ын гишүүн болжээ. Тэдний амраг садан, ахан дүүс нь албан тушаалд очоод нам чимээгүй болчихлоо. Бидний улстөрийн тэмцэл ерөөсөө л энэ. Өнөөдөр энэ Сүхбаатарын талбай ямар уйтгартай байна вэ. Ерөөсөө л албан тушаалын төлөөх л тэмцэл байсан нь үүнээс бэлэн харагдаж байгаа биз дээ. Миний ном 1989 оны нэгдүгээр сараас эхлээд 1990 оны зургадугаар сарын хоорондох цаг хугацааг хамарч байгаа юм. Үүгээрээ би юуг харуулах гэсэн бэ гэвэл энэ богино хугацаанд өнөөдрийн энэ бохир зүйлийн үндэс суурь тавигдсан гэдгийг л харуулах гэсэн хэрэг.

-Тэгэхээр таны номонд бичигдсэн энэ цаг хугацааны өндөрлөгт ардчиллын төлөө яг үнэн сэтгэлээсээ явж байсан нь хэн байдаг юм бол?

-Үнэнийг хэлэхэд тэр зөв, энэ буруу гэж шууд хэлэхэд ихээхэн төвөгтэй. Яагаад гэхээр ардчилсан хөдөлгөөн хоёр үе шатаар явсан байдаг юм. Тухайн үед Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс нэг тэсрэлт гарсан. Ерөөсөө ийм байдлаар явахгүй, нэг л болохгүй байна гэх зэргээр залуус үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн юм. Үүн дээр бид зохион байгуулалтаа хийж үндэс сууриа тавьсан. Ерөнхийдөө уран бүтээлчдийн эрх чөлөөг түлхүү оруулаад зүтгэсэн. Энэ үед гаднаас хамрах хүрээ нэлээд өргөн болсон. Тэгэхэд уран бүтээлчдийг шахан зайлуулах бодлого нэлээд явсан. Үүний дараа уран бүтээлчид эрх чөлөөтэй уран бүтээлээ хийх зорилгоор ч гарч байв. Хамгийн сүүлд нь Ц.Элбэгдорж, Дарь. Сүхбаатар бид гурав үлдсэн юм. Гэтэл одоо энэ Амарсанаа өөрийгөө байсан мэтээр ярьдаг байхгүй юу. Амарсанаа Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний төлөөлөгч ч байгаагүй юм, “Хөдөлмөр” сонины сурвалжлагч мэдээ аваад л гүйж байсан юм. Манай Э.Бат-Үүл өөрийгөө “Дөчин мянгат”-ын атаман гэж ярьдаг шиг зүйл л байхгүй юу. Э.Бат-Үүл манай “Дөчин мянгат”- ын хамгийн аймхай л хүүхдүүдийн нэг байсан. Далжигнаж байгаад нэг зодуулчихаараа л цагдаа шүүх болоод явдаг тийм л нөхөр байсан. Тэгээд өнөөдөр бүгд л бид ардчиллыг бий болгосон мэтээр ярьдаг. Гэтэл Барилгын зургийн институтын найман залуу уран бүтээлч болон Ж.Биндэр, н.Нарантуяа, Урчуудын эвлэлийн зураач Г.Бэхбат, Хөгжим бүжгийн сургуулийн багш Содтунгалаг бид нар л анх Ардчилсан холбоог байгуулж байсан шүү дээ. Тэгэхэд Э.Бат-Үүлийн сураг ч байгаагүй, С.Зориг ч байгаагүй. Гэтэл өнөөдөр болохоор Ардчилсан холбоог Э.Бат- Үүл, С.Зориг, Ц.Элбэгдорж гэсэн гурван ухаантай залуу байгуулсан мэтээр яриад явах юм.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Чухам ямар сонгууль болно гэж харж байх юм?

-Ерөнхийлөгчийн сонгууль тэртэй тэргүй Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Үүнийг би аль хэдийнэ хэлсэн. Ерөнхийлөгч болох эрхийг нь Үндсэн хуулиар хорьчихсон хүн Ерөнхийлөгч болчихоод л явж байгаа шүү дээ.

-Чухам ямар учраас Үндсэн хууль зөрчсөн гэж?

-Хэдэн жилийн өмнө М.Зэнээ агсан Ц.Элбэгдоржийн тухай нэг нийтлэл бичсэн юм. Түүндээ дээр үед Элбэгдорж Ренчино гэж нэг төрийн хутгуур нөхөр ирээд Монгол Улсыг самарч байсан. Одоо энэ Шинжаанаас оргож ирсэн оргодлын хүүхэд Элбэгдорж Цахиама гэгч нөхөр Монголын төрийг хутгаж байна гэсэн. Би тэр үед АН-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Гэтэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Дэлгэрмаа намайг дуудаад, “Энхээ энэ Зэнээ арай дэндэж байна. Ардчиллын аугаа их хүнийг оргодлын хүүхэд гэж доромжилж болохгүй. Чи хуульч хүн учраас нотлох баримт цуглуулж шүүхэд өгье гэсэн юм. Анх Ардчилсан холбоог байгуулахад бид хоорондоо ярьлаа. Бид ингээд дээшээ гарахаар нэр хүндэд харшлах ямар нэг зүйл бий юу гэж. Тэгэхэд Ц.Элбэгдорж өөрөө хэлэхдээ манай өвөг дээдэс Хятадын талаас гаралтай гэхэд С.Зориг би ч Оросын эрлийз гэх зэргээр ярьцгааж байв. Энэ үед бид нар тэр ямар хамаатай юм гээд л өнгөрч байсан түүх бий. Ингээд би АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар архивт ирээд Ц.Элбэгдоржийн талаар судлахгүй юу. Манай улс 1927 онд хүн амын тооллого хийсэн юм билээ. Түүгээр бүх л зүйлийг гаргасан байдаг. Тэр тооллогод Цахиа гэдэг хүн орж бүртгэгдээгүй байдаг. Тэгээд би энэ яагаад бүртгэлд байдаггүй юм гээд Ховд аймгийн Цэцэг сум хавийн уугуул иргэдтэй уулзсан. Нутгийнхнаас М.Зэнээ ийм зүйл бичжээ. Энэ ямар учиртай юм гэхэд наадах чинь ор үндэстэй л зүйл. Ц.Элбэгдоржийн өвөг нь 1920-иод онд арваад настай хүү дагуулж Шинжаанаас Монголд ирсэн юм гэсэн л дээ. Би тухайн үед тэр иргэдийн үгийг хуурцагт буулгаж авсан. Тэгээд би Б.Дэлгэрмаад энэ тухай шүүхэд өгөх юм бол унах юм байна гээд Ховдын иргэдийн бичлэгийг сонсгосон. Түүний дараахан Баабарын “Албан ёсны мангуу” хэмээн М.Зэнээд зориулсан нэг нийтлэл гарч байлаа. Бодоход Ц.Элбэгдоржийн зүгээс захиалж хариугаа авсан хэрэг байх. Энэ ч яахав. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болох асуудал өөрөө их учир дутагдалтай. Үндсэн хуульд “Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшинэ” гэж заасан байгаа. Тэгээд өнгөрөгч 2009 оны сонгуулиар Үндэсний телевизээр Ховдын иргэдийг яриулаад “намайг хятад гэлээ” хэмээн ээждээ уйлж очиж байхав дээ. Тэгэхэд иргэд бидний энэ яриаг сонгуульд ашиглана гэж хэлээгүй шүү дээ хэмээн гомдол гаргаж байсан даа. Уг нь анх иргэдтэй ярихдаа шал өөр юм яриулж байгаад сонгуулийн зориулалтаар мушгиад ашиглачихсан юм билээ. Тэгэхэд “уугуул иргэн нэр дэвшинэ” гэсэн хуулийн заалт мөн л сөхөгдөж байсан ч хэл шинжлэлийн үүднээс нь мөн л мушгисан тайлбар хийгээд дарсан юм. Уг нь Монгол Улсад уугуул гэдэг үгийг ямар байдлаар хэрэглэдэг гэхээр аавынх нь төрсөн нутаг гэдгээр ашиглаж ирсэн. Бөхөөр аваад үзье л дээ. Улсын гарьд Б.Гантогтох Улаанбаатар хотод төрсөн. Гэтэл барилдахаар нэрээ дуудуулахдаа Увс аймгийн уугуул хэмээн цоллуулдаг биз дээ. Д.Сумъяабазар аварга ч Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Улаанбаатар хотын суугуул хэмээн зарлуулж дэвжээнээ гардаг шүү дээ. Энэ жишгээр авч үзэх юм бол Ц.Элбэгдоржийг БНХАУ-ын Шинжаан уйгарын уугуул, Монгол Улсын суугуул гэж цоллох ёстой болно. Тиймээс л хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Үнэхээр тийм биш бол тэр Цахиа гэдэг хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт төрж өссөн гэдэг баримтыг гаргаж ирэх ёстой. Өөр ямар ч арга байхгүй.

 

С.БАЯР: Үнэн.мн