Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тухай яриа гараад удаж байна. Харин өчигдөр Монголын улс төрийн намуудын дарга нар цугларч энэ талаар хэлэлцүүлэг хийлээ. Намыг гишүүнчлэлгүй болгоно, намын хууль бус санхүүжилтийг зогсоож төрөөс санхүүжүүлдэг болгох гэх мэт асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Тэр хурал дээр Монголын улс төрийн намууд нэг ижил гараанаас гарахыг хүсэж байгаагаа илэрхийлж олон жил төр барьж, хууль бусаар өмч хөрөнгөтэй болсон намуудыг ихээр шүүмжиллээ. Тэр дундаа МАН-ыг бүх өмч хөрөнгийг нь хураах хүртэл саналыг гаргасан байна.

Эдгээр санал санаачлагууд зарчмын хувьд зөв боловч үүний ард шуудхан хэлэхэд МАН-ыг устгах тодорхой захиалга явагдаад байна уу гэж хардахад хүрч байна. Ер нь сүүлийн үед МАН-ыг газрын хөрснөөс арчиж, түүх болгох тухай яриа газар аваад байгаа нь нууц биш ээ. АН олон жилийн ялагдлынхаа уур бухимдлыг өрсөлдөгчөө хэзээ ч сэхэхээргүй болтол дарж авахаар нэгэнт шулууджээ. Тиймээс жижиг намуудтай нийлж байгаад улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөлтөөр дамжуулж үүнийгээ гүйцэлдүүлэхээр бэлтгэж байна.

Хууль гарсан нөхцөлд МАН-ын өмчийг хураах үйл явцыг эхлүүлэх нь лавтай. Үүнийг мэдээж ард түмэн алга ташин хүлээж авна. Яагаад гэвэл үүнийг зөв л гэж ард түмэнд сайн ойлгуулна. Үүнийг АН маш сайн чадна.

Би энд МАН-ыг өмгөөлөх гэж байгаа юм биш. Харин үүнээс ч илүү аюул бий шүү гэдгийг анхааруулах гэсэн юм. За яах вэ МАН байхгүй болдог л юм байгаа биз. Гэвч АН гэж нэг том олигархиудын бүлэглэл байгааг мартаж болохгүй. Монголын толгой баячууд энэ намд байдаг бөгөөд тэд өнөөдөр төрийн өндөр албан тушаалуудад тухлаад байгааг мартаж болохгүй. Тэд хоёр дахь МАН болох аюултай бөгөөд дахиад 20 жил ноёрховол юу болох билээ. АН-д Өмнөговийн идэж байгаа Ажнайн Бат-Эрдэнэ, Дундговийн жа лам болсон Мон-Ураны Наранхүү, Анодын дампууруулагчдын нэг Монроүдийн Гарамгайбаатар, Алдарт Женко Баттулга, Архангайн бөө фортуна Батбаяр, Бриджийн Ганхуяг, Бодийн Лу Болдын вант улс, Баярцогт, З.Энхболд гэх мэт хөрөнгөтнүүд энэ намд байгааг санах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд МАН, АН хоёр адилхан шүү дээ.

АН-ын олигархиудын нэг аюул бол монгол эх орноо гэх хумсын чинээ ч сэтгэлгүй бөгөөд хүйтэн цустай. Тэд зорилгодоо хүрэхийн тулд ямар хамаагүй аргыг хэрэглэх хүмүүс. Тэдэнд нэр төр, хүнлэг сэтгэл гэж үгүй.

Үнэндээ МАН-д хариуцлага тооцох гэж байгаа бол АН-д ч бас хариуцлага тооцох ёстой. Энэ нь шударга ёсонд нийцнэ.