Дундаж орлоготой герман эмч улс төрийн тухай огт сонирхдоггүй, түүний оронд өмнөх ажлаа сайн хийж, цалингаа хураахыг хичээдэг нь тэр нийгэмд төрийн үүрэг оролцоо аль ч түвшиндээ зөв хангагдсантай холбоотой. Тэнд гэнэтхэн нэг өглөө сэртэл эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг төр гартаа авна, хянана гэдэг ч юм уу зүйл болохгүй л байхгүй юу. Тиймээс ч эрхэм эмчид улс төр огт хамаагүй. Түүний оронд хураасан хэдэн төгрөгөөрөө урт хугацааны хөрөнгө оруулалт, бүр тив алгассан хөрөнгө оруулалт хийж суудаг нь үнэн. Магадгүй хэн нэгэн герман эмчийн хэдэн жилийн цалин хот, хөдөөд төсөл хөтөлбөр нэрийн дор хийсч явахыг үгүйсгэхгүй.

Харин энд бол байдал өөр өө. Эгэл ардаасаа эхлээд эрдэм номтой, жаахан ажиллачихмаар, дээр үеийнхээр бол ШБОС-ын эзэд нь хүртэл “салгалаад” улс төр ярьж суух. Намын хороо, манай нам гэх мэтээр хуучны нам төвт амьдралаасаа нэг их холдсон гэж итгэхийн нөхцөлгүй. Эдийн засгийн алив бизнес, эхлэл үйл ажиллагаа улс төр, төрийн хүнд суртал дор дарагдсан учраас Татварын ерөнхий газар тун гомдмоор тайлан гаргаж хэдэн арван мянган аж ахуйн нэгжээс 300 орчим нь л улсын төсвийг бүрдүүлдэг гэж хэлнэ.

Бизнесүүд маань ч их сонин. Ашигтай гээд ард нийтээрээ мах зарж мэдэх ийм улсын томчууд нь Төрийн ордондоо брэнд гэж юу болох тухай хэлэлцэнэ ээ, бас. Эцэст нь чанар гэдэг зүйл брэндийн дараа үүсдэг шахуу юм боллоо. Монгол гэсэн шошготой дамжлага цөөнтэй хэдэн эсгий, ширэн эдлэлээ гадаад зах зээлд сурталчлаад л болоо юм байх. За тэгээд дэмжих хүн байхгүй тул том санаа гаргах хүн ч алга. Эсвэл санаа бүрээ нөөгөөд, ач хүүдээ өгөх гэж суудаг ч юм билүү хэн мэдлээ, энэ бизнес эрхлэгчдийн санааг.

Магадгүй санаачилга бүрт ирж наалдах хариуцлагын нянгуудаас цэрвэсэн цагаан захтай бизнесмэнүүд, түүнийг нь удирдлагаар хангаж өгнө гэж мундагдан зогсдог яам, агентлагийн дарга нар л энэ ярианы гол эзэд байх. Тэд л хэдэн өдөр ордонд нэвтрэхээ хийсгэн хуралдсанаас цаашгүй. Аан бас эдийн засгийн салбарын сайд нь индэр дээр гараад “Бид Чингисийн үр сад” гээд яриад байгаа юм. Ингээд л боллоо. Манай бизнесмэнүүд төрийн дэмжлэг, оролцоо хоёроо ялгаж байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй, хүсэлт шаардлагууд тавиад байх. “Надад мөнгө өг”, “Энэ их нүүрсний мөнгөнөөс манай салбарт” гэдэг ч юм уу. Тэгтэл цаана чинь баргийн уурхайгаас олон ажилтантай банк манайд ажиллаж л байна ш дээ. Төрийн ямар ч оролцоо, дэмжлэггүйгээр шүү дээ.

Дампуурах шахсан банкийг баруунаас ирсэн өвгөн л ажиллуулсан. Ийм байгаагийнхаа төлөө өмнөд хөршийн хойд нутгийн хаяг, шошгогүй бараа шиг ажилчдад ажлын байраа алдаад, ажиллах хүчгүйдэн суугааг ямар томъёогоор тайлбарлах вэ. Нэгэн либертари үзэлтний судалснаар та бидний төлсөн татварын 40 хувь нь эргээд ард нийтийн гарт ирдэг гэдэг. Харин 60 хувь нь төрийн эсвэл захиргааны зардалд алга болдог гэнэ. Ийм байхад төрөөс өөр юу хүсмээр байна.

“Намайг эзэмдээч” гэж гуйлтай биш. Гэнэтхэн л тансаг машинаас татвар авах тухай хууль ярьж суудаг шиг л зүйл хийлгэхийг хүсч л дээ. Төсвийн тийм бодлогын агуулга нь “Монголчууд эдийн чанарыг мэдэх ёсгүй. Зүгээр л үнэрлээд сууж байг” гэсэн утгатай. Ийм тохиолдолд тансаг хэрэглээ бол төрөөс төрдөг тэрбумтан, гэнэт баяжиж гэдэснийхээ хэмжээг тодорхойлж чадахаа больсон хүмүүсийн л зүйл байх болно. Шударгаар хөдөлмөрлөж байгаа олонхийн тухай яриа айхтар орхигдоно л доо, ийм үед. За энэ өнгөрсөн зүйл ч яахав. Саяхан 100 мянган айлын орон сууцны талаарх унхиагүй асуудлаар Засгийн газар баахан зэмлэл хүртэв. Төв талбайгаас, сөрөг хүчнээсээ шүү дээ. МАН-ын эрхмүүд 1.5 тэрбумын бондыг орон сууцжуулах ажилд оруул гэсэн юм хэлж байна лээ. Тэгвэл ингэж үрээд байвал бид хэзээ тэр төмөр зам, томоохон боловсруулах үйлдвэрээ босгох вэ. Иргэддээ орон сууц барьж өглөө, нэг өглөө бондын өрөө төлөх болоход яах юм. Орон сууцаа түрээслэх юм уу. Энэ асуудлаар өнөө маргаашгүй Төрийн ордонд хуралдах байх. 100 мянгын талаар үр дүнтэй яриа өрнүүлбэл, тэр цагт нь үргэлжлүүлье. Ингээд ордонд суудаг эрхмүүдийн тухай орой бүр зурагтаар үздэг та бүхэнд юу эсийг айлдах вэ. Болж өгвөл тэдэнд муугаа үзүүлэхгүй байхыг л эрмэлзэхээс өөр яах билээ.

Таны төрийн сүлд таныг өршөөх, таны цагдаа таныг хамгаалахаас огт тусдаа асуудал л даа, энэ бүхэн.

 

Эх сурвалж: time.mn