Хавар болохоор Сүхбаатарын талбай, Төрийн ордны гадаа жагсагчид эрх баригчдад шаардлага хүргүүлнэ хэмээн цагаан хоолой барьж зогсдог нь Монголын хаврын нэг дүр төрх. Харин энэ жил ерөнхийлөгчийн сонгууль гэсэн хүлээллттэй, хэн юу гэх бол гэж бие биенээ харсан байдалтай байна. Монголд үнэхээр хэлж ярих асуудал дуусчихсан, амьдрал тийм сайхан байна уу гэвэл үгүй. Харин гудамжинд иргэдийн өмнөөс үг хэлж, тэднийг уриалан дууддаг байсан хүмүүс "алга болчихож". Иргэний нийгмийн дуу хоолой гэгдэж байсан эрхмүүд яав?
 
Гудамжны жагсагчид, иргэний хөдөлгөөний удирдагч нар энэ Засгийн газрын үед өндөр албан тушаалд томилогдсон тул тэдэнд гудамжинд жагсах хэрэг байхгүй болсон уу? 
 
“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гэх иргэдэд таалагдах гоё нартай хөдөлгөөн УИХ-сонгуулий өмнө ид өрнөж байлаа. Эрх баригчид иргэн бүрт сая, сая таван зуун мянган төгрөг өгнө гэсэн амлалтаа биелүүлсэнгүй гэж Г.Уянга жагсаж байв. Мөн хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй, Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж талбай дээр цагаан хоолой барин жагсаж явсан түүх түүнд бий. “Сонгуулийн үеэр ч ард түмэнд амласан амлалтыг нь эрх баригчдаас нэхэж, сая төгрөг өгүүлэхээр болсон” гэж бардам ярьж явсныг олон хүн санаж байгаа. Харин одоо бол Г.Уянга хэвлэлээр хааяахан үзэгддэг дуу багатай гишүүдийн нэг болж орхив. Түүнийг дуугарах гэхээр “Танай нөхөр Г.Баатархуяг Ерөнхий сайдын зөвоөх болсон, том албан тушаалд очсон шүү” гээд амыг нь таглаад байдаг болчихсон бололтой.
 
Г.Уянгатай мөр зэрэгцэн гудамжинд жагсаж явсан, өдгөө ч парламентын танхимд цуг сууж буй хүн бол Ж.Батзандан гишүүн. Мөн л “гудамжны улс төрч” гэсэн тодотголтой тэрбээр хааяа нэг чуулганы танхимд их дуугаар үг хэлж харагддаг болсон. Зарим нь түүнийг “гудамжинд ярьдаг шигээ чанга ярих юм” гэж егөөддөг сурагтай. Тэгвэл Ж.Батзандантай эр хоёр загал шиг нэр нь байнга холбоотой дуудагддаг байсан О.Магнай яав? Энэ Засгийн газарт иргэдийн дунд хамгийн өндөр рейтингтэй яваа улс төрч мөнөөс мөн.
 
Ерөнхий сайдын хамгийн нүдээ олсон томилгоо боллоо гэж түүний ШӨХТГ-ын дарга болсноос хойш сайшаан магтах болсон. Гэлээ ч сүүлийн үед магтаалдаа бялуурсан уу, ажилдаа дарагдсан уу? нэг л үр дүнтэй ажил хийхээ больжээ. Иргэд ч түүнийг худлаа шоудахын оронд анх гарч ирсэн шигээ ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Дөрөвхөн сар ажлаа сайн хийж нэр хүнд олоод авбал дөрвөн жилийг аргацааж болно гэж байхгүй. Тиймээс О.Магнайг эхэлсэн шигээ үр дүнтэй ажил хийгээсэй гэж хүсч байна. Харин иргэний хөдөлгөөний нэг төлөөлөл болсон О.Баасан “эгч” Ерөнхий сайдын зөвлөх болоод таг чиг болжээ.
 
Тэрбээр УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болохоор үзээд алдсан ч бүтээгүй. Г.Баасанг хэдэн өрөө байртай болоод чимээгүй болсон гэж ярих нь газар аваад байна. Эдгээр иргэний хөдөлгөөний удирдагчдаас олон нийтийн талархлыг хүлээж байгаа нь ганц С.Ганбаатар гишүүн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар ярьж байгаад түүний гавьяа ямар нэг хэмжээгээр бий. Тэрбээр гудамжинд ч УИХ-д ч адилхан би иргэдийн төлөөлөл гэж ярин Үйлдвэрчний эвлэлийн хүндэт ерөнхийлөгчийн хувиар ч иргэдэд зөвлөгөө өгч байдаг. Тэрбээр сар болгон өөрийн сонгогдсон тойрог болох Дархан руу явдаг тул тойрогтоо хамгийн их анхаарал тавьдаг гишүүнээр тодорч магад. Одоо ч тэрбээр Дарханы иргэдэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад явж байна.
 
Ийнхүү Монголд хавар болгон өрнөдөг "хаврын синдром" гэх үзэгдэл албан тушаалын хүчинд дарагдсан бололтой.
 
 
 Эх сурвалж: 24tsag.mn