Ер нь өнөөгийн төр засаг ямар онолын дагуу улс орноо хөгжүүлж байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Хэрэв онолгүй гэвэл ямар онолыг барих вэ? Хуучин цагт Марксизм, Ленинизмийн том онолоор улс төр, нийгэм, эдийн засгаа удирдан жолоодож байсан. Марксизм, Ленинизмийн онол нь өөрөө шударга ёсны онол, тэгш эрхийн онол, эрх чөлөөний онолоос гадна боловсрол, хүмүүжлийн онол гэх мэт онолуудыг багтааж тэр л онолын дагуу хөгжлөө төлөвлөж монгол орныг өнөөдрийн түвшинд хүргэжээ.
Харин 1990 онд ардчилал гарч өмнөх онол хүчингүй болж цоо шинэ онол хэрэгтэй болсон боловч арчиллын онол, эрх чөлөөний онол, тэгш эрхийн онол, шударга ёсны онол, эдийн засгийн онолыг мэддэг хүн байгаагүйгээс болж онолын төөрөгдөлд орж улмаар тэр нь амьдралын төөрөгдөлд хүргэжээ. Өнөөдөр бид социализм ч үгүй, капитализм ч үгүй сууцгааж байна.
20-иод жилийн турш төөрсөөр л өнөөдөр ч бас төөрсөөр л байна. Барьцтай онолгүй, энд тэндээс хуулсан, дуулсан зүйлээрээ юм хийх гэж, түүнийгээ хөгжил гэж нэрлэж байна. Мэдээж онолгүй бол урагш хөгжихгүй. Одоо онол ярия гэхээр онолыг гадуурхаж, мөнгөтэй л бол хөгжиж болно гэсэн төсөөлөлтэй гэнэн тэнэгүүд төрд байна даа.
Дэлхий дээр олон онолууд байна. Капитализм, Социализм, демократизм, либертаризм, эгалитаризм, дарвинизм, позитивизм, рационализм, психологизм, индивидуализм гэх мэт олон онолууд зэрэгцэн оршиж байна. Онолыг ойлгоё гэвэл философигүйгээр боломжгүй. Аристотелээс хойш өнөөг хүртэлх философчдын бүтээлийг уншиж судлах шаардлагатай. Онолоор аливаа юмыг хийгээд алдаатай хийсэн тохиолдолд алдаагаа олж засахад хялбар байдаг. Харин онолгүйгээр юм хийгээд алдаа гарвал засах ямар ч боломжгүй.
Өнөөдөр улс төрийн ямар онолоор явж байна вэ гэвэл манай эрх баригчдаас ганц ч хүн хариулж чадахгүй, өнөөдөр эдийн засгийн ямар онолыг баримталж байна вэ гэхээр хариулах хүн олдохгүй л болов уу? Бид ийм л түвшинд орчихоод байна. Онолгүй төр, онолгүй эдийн засаг, онолгүй боловсрол цаашлаад онолгүй хөгжлийн тухай яриа бол хоосон зүйлс.
Манай урд хөрш энэ өдрүүдэд Коммунист намын хурал болж тэд улс орныхоо хөгжлөө шинжлэх ухаан дээр суурилан төлөвлөж байна. Тиймээс шинжлэх ухаандаа оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа гэдгээ ч дэлхий нийтэд зарлаж байна.
Харин монголчууд мөнгөтэй бол хөгжиж болно гээд харанхуй муйхраар төсөөлөн нүүрсээ зарах гэж уралдаж байна. Мөнгөтэй болчихоод дараа нь тэнэг хүмүүс юугаа хийх вэ дээ. Хоосон ярьж, идэж уухаас хэтрэхгүй биз дээ.
Яагаад бүгд онолоос зугтана вэ? Онолгүй төр сохор гэдэг. Манай улс хөгжие гэвэл онол зайлшгүй гэдгийг даана ч ухамсарлахгүй хүмүүс юм даа. Онолын төөрөгдөл улс орныг чөтгөрийн тойрогт оруулж, мөхлийн зам руу хөтөлсөөр.