Эдийн засагч Ө.Ганзориг бичиж байна. Тэрбээр “ТВ үзэж суув аа. Нэгэн эрхэм ярих юм. "Бид 1998 онд тооцохдоо 2012 он гэхэд Монголын нийт машины тоо 200 мянга л болно гэж тооцсон, гэтэл одоо түүнээс хамаагүй даваад явсан байна. Ийм учраас энэ замын түгжрэл чинь өндөр төвшинд байна шүү дээ" гэж УИХ дээр айлдав аа. Энэ эрхэм болон ер нь бусад олон эрхэм Монгол Улс үргэлж л үгээгүй ядуу байх юм байна даа гэж 90-ээд онд тооцжээ. Хөгжүүлэх, хөтлөх, манлайлах ёстой эрхмүүд ингэж тооцсон байхад бид өнөөдөр яагаад ийм инээдтэй дэлхийд дандаа доороосоо байранд ордог вэ гэж гайхах учиргүй юм шиг” хэмээжээ.
Үнэхээр ч түүний хэлдгээр улсын маань лидерүүд, сангийн яам, бусад хөгжүүлэх шаардлагатай салбарын тэргүүнүүдтэйгээ нийлээд Монгол ирэх тэдэн жилд ядуу байх юм байна гээд тооцчихвол яах вэ. Хэтийн төлөвлөгөө, хөгжлийн зорилтууд хэдэн жилээр хэрхэн төлөвлөгддөг вэ. Засаг бүр өөр өөрөөр төлөвлөж, эхлүүлэв үү, үгүй юу тэр ажлаа санхүүжилтгүй гацаагаад байна уу. Стратегийн ач холбогдолтой, эртнээс төлөвлөсөн, УИХ, салбарын яаманд яригдсан хөтөлбөрүүд гэнэтхэн яагаад суурин дээрээ сул шороо бужигнуулан, дахин төлөвлөгдөж чимээ алдраад байна вэ.
 
Шинэчлэлийн Засгийн газар бүх зүйлийг шинээр төлөвлөж байна уу. Эсвэл өмнөх хамтарсан Засгийн газрын төлөвлөсөн, эхлүүлэхээр мөнгө төсөвлөсан ажлууд нь үнэхээр явж өгөхгүй шинжтэй учраас дахин дахин өөрчлөөд байна уу. Сүүлийн хэдэн сард инфляци алгуур буурч ирсэн нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх хүн цөөнгүй байна. Засгийн газар хэрхэн ажиллах бол гэсэн хүлээлт олон зүйлд нөлөөлсөн нь дамжиггүй. Харин шинэ Засгийн газрын үйл ажиллагаан дахь урт хугацааны томоохон ажлууд ямар байдлаар бүтэц, чиг шугамд орж байна вэ. Парламент дээр мундагдаж санаачилсан ажлууд, хэрэгжүүлэх түвшинд хүч тарамдан алга болдог жишээ манай цөөнгүй. Эцэст нь УИХ гаргасан шийдвэрийнхээ араас чаргууцалдах шахна.
 
Нийгэм тэр аяараа улс, нийслэлийн удирдлагуудын хатуу бодлогыг шүүмжилж байгаа ч үр дүнгийн тухай тэр дор нь ярьж байгаа нь авууштай байна. Уул уурхайн урьдчилгаа төлбөр гэх чамгүй мөнгөний тухай асуудал саяхан босч ирлээ. Засгийн газрын гишүүн гэнэт тэр тухайд “Хүүтэй зээл байсан юм билээ. Тухайн үед зээлийн эргэн төлөлт, хүүгийн хувь хэмжээг огт яриагүй байсан” гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм. Эрхэм сайд тэр мөнгө манай эдийн засаг руу, тодруулбал иргэдийн халаас руу шууд орж байх үед төрийн дээд албан тушаалд сууж л байсан.
 
Тэгсэн харин гэнэтхэн хүүтэй зээл байсныг баяртай нь аргагүй мэдэгддэг нь юу вэ. “Ядуу дээрээ өртэй” гээд шууд хэлчихсэнтэй ялгаагүй энэ мэт мэдэгдлүүд ирэх жилүүдэд хэд гарах бол гэсэн айдас олон хүнд төрж мэдэхээр байна. Энэ жишээ өөрөө манай төрийн томчууд өнөө маргаашаа аргацаасан ажил хийж, амлалтаа биелүүлэхийн тулд ямар ч өр тавьж мэдэхээр юм гэдгийг харуулж байгаа юм. Тэднээс урт хугацааны төлөвлөлт нэхээд үзээрэй.
 
Тийм зүйлээс л шинэчлэл харна уу гэхээс өнөө маргаашаа гэсэн ам чанга, гар чангатай хэрэгжүүлэх процесс нь иргэдийн ундууцлыг төрүүлсэн ажлууд чухал биш ээ.
 
 
Эх сурвалж: Time.mn