Дарга гэх сэтэр зүүхийн төлөө, улстөр галзуурч байгаа энэ үед хэн нэгний хатгаасаар л дарга цэргийг томилдог болоод байгаа. Түүний мэдлэгтэй мэдлэггүй, болосролтой боловсролгүй , удирдах чадвартай чадваргүй, салбараа мэддэг мэддэггүй нь хамаа байхгүй. Ерөөс хэн хаана очвол хэний эрх ашиг дэмжигдэхээр байна тэр л сценарийн дагуу бүх томилгоо тавигдана. Ялангуяа энэ Засгийн Газрын үед дэндэж байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүд бүгдээрээ бүхнийг мэдэж телевизийн өмнө ший үзэгдэл тоглож чалчих юм. Суугаад бич гэхэд юу ч гараас нь гарахгүй. Чадваргүй, хоосон мөртлөө том том ярина, мэдэхгүй юм гэж байхгүй.
Дэд сайд нөгөө сайдтайгаа муудалцаад л… үнэн мөнийг шүүлгүүлнээ гэж ард түмэндээ ханддаг. Жижиг асуудлаа ч шийдчих чадваргүй учир байсхийгээд л ховлож байгаа мэт хэвлэлийн бага хурал хийсэн ч үр дүн маш муутай. Яагаад гэвэл, хэн нь үнэн, эсвэл худал яриад байгааг үзэгч олон үнэндээ ялгах чадваргуй болохоор ойлгохгүй, таавар болон үлдэнэ. Тэр нь жирийн олонд хэцүү санагддаг, яагаад гэвэл тэртэй тэрэнгүй бөөн ахуйн асуудалтай, амьдралаа яая даа гэж яваа хүмүүс хэсэгтээ хуваагдаж хэрэлдэж байгаад , сүүлдээ улс төр гэхээр залхаад зугтдаг болсон… Энэ бүгдийг харж байгаа гадаадынхан дотроо инээдээ барьж ядан, харин гаднаа бол “энэ ч харин жинхэнэ үлгэр жишээ эрх чөлөө, хүний эрх ардчилал байна шүү” гэж хөөргөн байгалын баялгийг нь үргэлжлүүлэн хамж байна.
 
Хуучин соц. нийгмийн үед НҮБ-с жил бүр дэлхийн улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь байр эзлүүлдэг хөгжлийн индексийн жагсаалт гэж байдаг байсан. Одоо ч энэ жагсаалтаа жил бүр гаргадаг. Үүгээр монгол улс 1989 онд дэлхийн 196 орноос 88-д жагсаж байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил байнга 160-170 хооронд хар африкчуудтай дээр доороо ороод жагсаж байна. Өөрөөр хэлбэл ардчилал бидэнд хөгжил дэвшил авчирсан уу, агуу их ухралт авчирсан уу гэдэг энэ хөгжлийн жагсаалтаас тодорхой харагддаг.
 
Хүсэл
 
Бусад улсад бол Төр жинхэнэ утгаараа инститүт, манайх шиг алиа шог үзэгдэл биш, харин өөрөө буруу зөрүүгээ цэвэрлэж засаж ажилладаг цаг мэт механизм. Шат дараалсан зайгүй хяналт хариуцлагтай. Болохгүйгий нь дор нь зогсоож, дараагийн эд ангиар сольдог. Тийм болохоор жирийн хэвийн үйл ажиллагаанд нь ард түмэн оролцох шардлагагүй, тэр бүхнийг мэдэж учрыг олох хэрэггүй… яагаад гэвэл тэд буруу юм бараг гарахгүй гэсэн итгэлтэй байдаг. Төр нь алдаа бага гаргадаг Томас Хоббес-ийн “Левитан” номонд бичсэн шиг амьд организм мэт болсон байдаг. Монголчуудын хязгаар харагдахгүй байгаа энэ их тэвчээр нь алдарч, доромжлуулж байгаагаа зогсоож, хүлцэнгүй мал мэт яах вэ гэж хүлээлгүй , үнэн буруу, хар цагаанаа ялган салгаж харах хэрэгтэй юм.
 
Юмны үнэн худлыг харах чадвартай, бусад улсын хөгжлийг харж мэдэрч, тэндээ боловсрол эзэмшсэн оюунлаг хүчтэй Монгол хүмүүс аль хэдийн бэлтгэгдсэн. Тэд хүлээж , ажиглаж, анхааралтай харж байна. Энэ 3-4 удаа сонгогдож худал, чадваргүй хүсэлгүй, бодолгүй хуучны нэг ч хүнээр энэ Улсыг дахиж удирдуулмааргүй байна. Бүх нутгийн 30 хувийг хамарсан энэ лиценц нэртэй булаалт, байгал орчны сүйтгэл, үндэстний баялагийн дээрэмдэлтийг бүгдийг нь хүчингүй болгож. Гадны болон дотны дайсан компаниудыг орон нутгаас хөөж гаргах хэрэгтэй байна. Бүх шатанд хулгай хийлтийг болиулж, тэртэй тэрэнгүй альч салбарт болж байгаа юм байхгүй болохоор 23 жилийн турш балчиг намгаа ярьсан гомдоллоо зогсоож, хэлдэг биш, хийдэг цаг ирсэн.
 
Монголчууд сахилга баттай байж, хариуцлага гэдгийг таньж, нэг нэгэндээ буруу зүйлийг эсэргүүцэн шаардлага тавьдаг болсоноор “боломжгүй” гэх нийгэм сайн тал руу өөрчлөгдөн эрүүлжигднээ. Үнэн мэдээлэл хүргэх үүрэгтэй, чадвартай сэтгүүлчидтэй, таарах хуультай, эрх чөлөө, хүний эрх гэдэг нэрийн доор дуртайгаа хийж дунд чөмгөөрөө жиргэдэг биш. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг биш харин энэ бол зөв, энэ бол буруу гэдгээ мэддэг, хэрэгжүүлдэг нийгмийг хүсэж байна. Ард түмэн өдөр хоногоо тоолон, голоо зогоон үхлээ хүлээн мөлхөх биш, жинхэнэ утгаараа МОНГОЛ ХҮН гэж нэр төртэй амьдармаар байна. Монголчууд ардчилалд биш харин дээрэм тонуулын, ашиг хонжоо-мөнгө бизнес гэдэг боолын системд торлогдсоноо ойлгож... Одоо боллооо...гэсэн уухай хэзээ сонсогдох бол?
 
 
Холбоотой мэдээ: