Америкийн Поп-Артын домог болсон зураач Мел Рамостой Playboy сэтгүүл ярилцлага хийснийг толилуулья.
Playboy: Ноён Рамос, өнөө үед бүсгүйчүүд өөрийгөө зуруулах гэж тань уруу ирэх болжээ. Харин таныг зурж эхэлж байхад хэцүү л байсан байх даа. Нүцгэн модель олж зурна гэдэг....
Рамос: Маш хэцүү байсан. Би нэрд гараагүй, тэдэнд төлөх мөнгө ч байхгүй. Гэхдээ би аргаа олдог байсан....
Playboy: Яаж тэр вэ?
Рамос: Playboy!
Playboy: Playboy гэнээ?
Рамос: Би сэтгүүл дээрх зургийг хуулаад л зураад байсан. Өнөө ч гэсэн манай гэрт тэр үеийн Playboy-сэтгүүлийн цуглуулга байдаг юм. 1953 оноос 1969 он орчим хүртэл ер нь бүх дугаар байгаа шүү.
Playboy: Та чинь өөрөө Playgirl сэтгүүл дээр нүцгэн зургаа бараг гаргах шахсан гэдэг байхаа.
Рамос: Бурхан минь тэгсэн шүү. Олон ч жил өнгөрч дээ. 1970 онд шиг санагдаж байна, сэтгүүлийн гол хуудсанд нүцгэн зургаа тавиулах уу гэсэн санал Playgirl сэтгүүлээс ирсэн юм даг. Би бараг 5 минут хэртэй бодож байгаад татгалзсан. Үнэндээ их л ичиж байсан хэрэг.
Playboy: Ичих гэснээс өөрийг нь нүцгэн зурж болох эсэхийг ер нь бүсгүй хүнээс яаж асуудаг юм бэ дээ?
Рамос: Амархан шүү дээ, “Би зураач хүн, танд миний модель болох сонирхол байна уу?“ гээд л асуучихна. Үгүй гэвэл нь би тэгээд л орхичихдог. Би ятгах гэж ер хэзээ ч оролддоггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэн ч миний саналд татгалзаагүй.
Playboy: Олон арван жилийн турш таны ажил бол гайхалтай сайхан хүүхнүүдтэй уулзаж, тэдний зургийг зурах явдал байлаа. Тэдний юу нь таны сэтгэлийг хамгийн их татдаг вэ?
Рамос: Асуудлын гол нь юу нь миний сэтгэлийг татдаггүй вэ гэдэгтээ байгаа юм! Би нэгэн үзэсгэлэнгийн каталогийг “Би хүүхнүүдэд дуртай” гэсэн нэртэй гаргаж байлаа. Энэ л гол нь байгаа юм. Юу нь инээдтэй байдаг вэ гээч? Намайг эмэгтэйчүүдийг үзэн яддаг гээд л уран бүтээл хийсэн ихэнх хугацаанд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийхөн буруутгасаар ирсэн....
Playboy: ... Навчин тамхи эсвэл кечупны шил тэвэрсэн лут бие хаатай бүсгүйчүүдийн Пин-ап зурагнууд 60-аад оны дундуур зураад эхлэхээр чинь олон бүсгүйчүүд дургүй нь хүрдэг байсан байх....
Рамос: Тийм шүү. Миний зурж буй байдал нь эмэгтэйчүүдийг ашиглаж, мөлжиж, гутааж байна гэдэг байлаа. Үнэндээ бол би хүүхнүүдэд дуртай. Би тэднийг гоё зурахыг аль болох чадлынхаа хэрээр л хичээдэг. Мэдээж хэрэг сайхан бүсгүйн тухай миний өөрийн төсөөллөөрөө л шүү дээ.
Playboy: Таныхаар бол дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэн бэ?
Рамос: Хамгийн сайхан эсэхийг нь би мэдэхгүй юм харин Ума Турман бол хамгийн тачаангуй бүсгүй шүү. Би одоогоор нэгэн цуврал зураг бүтээхээр ажиллаж байгаа. Энд эмэгтэйчүүдийн хөрөг байх ба дээр нь янз бүрийн хэл дээр “охин” гэж бичсэн байх юм. Ума бол “охин” учир нь тэр том, цэнхэр нүдтэй, шар үстэй ер нь л тун их герман төрхийн бүсгүй.
Playboy: Сайхан бүсгүй ямар харагдах ёстой талаар таны бодол энэ хооронд өөрчлөгдсөн үү?
Рамос: Үгүй гэж бодож байна. Тухайлбал би одоо ч жин ихтэй эмэгтэйд дургүй. Тун хүлээцгүй хандсан муухан л хэрэг болж байх шиг байна л даа. Тарган хүн харахаар хэдийгээр би тэдний эсрэг өөр ямар ч үзэл бодолгүй боловч надад ерөөсөө таалагддаггүй юм, би ч их өөнтөгч хардаг хүн л дээ.
Playboy: Та хэзээ ч зурмааргүй тийм эмэгтэй хүн байх уу?
Рамос: Линдсэй Лохан.
Playboy: Яагаад?
Рамос: Минийхээр бол тэр хэтэрхий өөдгүй зантай. Хар тамхи татах, автын осол гаргах, шоронд орох зэргээр үргэлж л хэрэг төвөг тарьж явдаг. Хааяа нэг хар тамхи татлаа гэж би нэг их түүнд дургүйлхээд байхгүй л дээ, гэхдээ тэр арай л хэтрүүлээд байдаг юм. Би хар тамхи татдаггүй гэхдээ өвс татдаг.
Playboy: Ажиллаж байхдаа юу?
Рамос: Би эхлэхээсээ өмнө тал ороосон тамхи татчихдаг. Энэ маань бүтэн өдөрт хүрэлцээтэй байдаг юм.
Playboy: Бүтээлч байхад тань хар тамхи туслах юмуу даа?
Рамос: Үгүй тэр талаасаа биш л дээ. Зүгээр л анхаарлаа төвлөрүүлж, тайвшрахад маань тус болдог юм. Өвс татдаг ганц шалтаг маань ч энэ л дээ. Би зүгээр зугаацах гэж татдаггүй. Хэрвээ тийм байсансан бол би бүхэл өдөржингөө үүнээс өөр юм хийхгүй байх байсан биз.
Playboy: Хөөрхөн хүүхнүүдийн дунд танаас олон цагийг өнгөрүүлсэн эрчүүд энэ дэлхийд тийм ч олон биш байхаа даа. Хүүхнүүдтэй харьцах талаар ямар зөвлөгөөг та хүүдээ өгсөн бэ дээ?
Рамос: Тэдэнд ямагт ихэд хүндэтгэлтэй хандаж бай. Тэднийг байгаагаар нь л байлга. Тэд тийм л биш бол тэднийг тэгж өөрчлөх гэж оролдох хэрэггүй! Ийм л зөвлөгөөг би хүүдээ өгсөн дөө. Хэрвээ та нар авгайгаас маань асуувал би өөрөө ч энэ зөвлөгөөгөө дагаад байдаггүй гэж тэрээр та нарт ярих байх.
ПОП АРТЫН ӨВӨГ
Мель Рамос 1935 онд АНУ-ын Сакраментод төрсөн, хүүхэд байхаасаа уралдааны машины нисгэгч байсан аавынхаа машин дээр ивээн тэтгэгчдийн логог зурж эхэлсэн. Урлагийн чиглэлээр суралцсаныхаа дараа тэрээр 60-аад оны дунд үеэс өөрийн ажлын гол сэдвээ барьж авсан. Энэ бол Пин ап охидыг аварга том болгосон дүрсүүдтэй хослуулан зурж зар сурталчилгаа хийх явдал байв. Түүний зураг болон баримлуудыг дэлхийн музейнүүдээс үүний дотор Guggenheim Museum болон New Yorker Museum of Modern Art зэрэг томоохон музейд үзэж болно.