Ер нь хүн төрөлхтөний түүхэнд ганцаараа болоод амьтдын дунд өссөн маугли хүүхдүүдийн баримттай болоод аман домгоор 100 гаруй тохиолдол байдаг гэж үздэг. Ер нь бүх тив болоод бүх арьстанд гарсан маугли хүүхдүүдийг хараад дүгнэхэд хүн цаанаасаа програмчлагдаад ирдэггүй нийгмийн амьдралд хүмүүсийн дунд өсөж байж хүн болдгийг харж болно.

 

 

Жон Ссебунья

1991 онд Угандагийн нэгэн эмэгтэй түлээндээ явж байхдаа сармагчингуудын дунд амьдарч байсан 4 настай хүүг олж хараад барих гэсэн боловч баригдахгүй байсан учир хүмүүсийг дуудаж нийлж байгаад барьсан байна. Уг хүүгийн өвдөг нь цав цагаан болсон байдаг ба хумс нь ургасан байжээ. Хүмүүс уг хүүг 1988 онд аав нь ээжийг нь нүдэнд дээр нь алсанаас болж зугтсан хүү мөн болохыг танисан ба хожим уг хүү ярьж сурсныхаа дараа ярихдаа сармагчингууд түүнд маш сайн хандаж тэжээдэг байсан ба таван сармагчин түүнийг модонд авирах, жимс олж идэхийг зааж өгдөг байсан тухай ярьжээ.

Ссебуньюг шалгахын тулд зоопаркад аваачаад сармагчингуудын дунд оруулахад дохио зангаа болон үйл хөдлөлөөрөө сармагчингуудтай ойлголцож чадаж байжээ.

Камбожийн ширэнгэнээс олдсон охин

2007 оны нэг сарын 13-нд нүцгэн бохир эмэгтэй тариачдын хоолыг хулгайлж байгаад баригдсан байна. Орон нутгийн нэг цагдаа 1988 онд ширэнгэн ойд алга болсон охин нь мөн болохыг таньсан ба алга болох үедээ охин нь найман настай байжээ. 

Рочом Пнгиен нэртэй энэ охин хүмүүсийн дунд гурван жил амьдарсан ч хүмүүсийн амьдралд ерөөсөө дасаагүй ба зовлон дунд байгаа нь илт мэдэгддэг байжээ. Камбож хэлнээс ээж, аав, ходоод өвдөж байна гэсэн гуравхан үг л сурсан ба явахаасаа илүүтэй дөрвөн хөллөж, ойд байх дуртай байжээ.

2010 оны хавар өөрийн дассан ой руугаа зугтсан ба зургаан сарын дараа гэрээсээ холгүй жорлонгийн нүхэнд байхад нь олжээ. Охин уг нүхэнд унаад 11 хоносон байсан ба хүмүүс түүнийг гаргаж ирээд цэвэрлээд хүмүүсийн хоорондын харилцаанд сургахын тулд Испани улсын сэтгэл судлаачдын багт хүлээлгэн өгчээ. 

Оксана Малая

Нохойгоор тэжээлгэсэн Украйн охин.

1991 онд Одесск-д байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд нэгэн охиныг авчирчээ. Хувийн хэрэг дээр нь найман настай охин гэж бичсэн байсан хэдий ч дөрвөн хөллөж явдаг, юман дээр үсрээд гарчихдаг, өөртөө хэнийг ч ойртуулахгүй шүдээ гаргаад архираад байдаг байж. Хүний урж майжина, хүний ярьж байгааг ойлгох хэдий ч өөрөө ярих дургүй охин байжээ.  

Энэ нохой-охин бол Шинэ Благовещенка тосгонд төрсөн ба ээж, аав нь архичид байжээ. Тийм учраас охиныг нэг настай байхад нь асрамжийн газар хүлээлгэж өгчээ. Ээж нь тосгоноос явсан ба аав нь зургаан хүүхэдтэй хүүхэнтэй гэрлэжээ. Хожим аав нь охиныг асрамжийн газраас гарган өөр дээрээ авсан ч огт хайхрахгүй орхисноос болж охин золбин ноходын дунд өсөж, бүх юмаа нохойноос сурч авчээ.

Оксанаг хүн болгох гэж олон жил оролджээ. Юм оёх, хорь хүртэл тоолох гэх мэт олон юм заажээ. 15 нас хүртэл нь охиныг хараа хяналтгүй орхиж болдоггүй байсан ба 15 настай үед нь телевизийнхэн ирж хуцуулж, дөрвөн хөллүүлж явуулж байгаар нэвтрүүлэг хийсэн ба үүний дараа охин буцаад зэрлэгших шахжээ. Өдгөө түүнийг насанд хүрэгчдийн дунд байлгаж байгаа ба нохойнуудтай хамт байхыг нь зөвшөөрсөн байна.

Иван Мишуков

Реутовын нохойн удирдагч хүү

1996 онд дөрвөн настай Ваня архичин ээж болоод түүний архичин дагуулуудаас нь зугтаж Орос оронд байдаг хоёр сая гаруй орон гэргүй хүүхдүүдийн эгнээнд нэгдэн оржээ. Москвагийн метронд хүмүүсээс гуйлга гуйх, траншейнээр хоноглох, нохойнуудтай хамт олсоноо хувааж иддэг байжээ. Нохойнууд түүнийг хамгаалж, дундаа хийж унтдаг байсан ба өөрсдийнхөө удирдагч болгосон байна. Хоёр жилийн дараа түүнийг цагдаа нар олсон ба  рестораны гал тогоо руу хуурч аваачаад барьж асрамжийн газар хүлээлгэж өгчээ.

11 нас хүрээд Ваня хүү Кронштадтийн цэргийн сургуулийн сонсогч болсон байна.