Нью-Йоркийн нэгэн хэвлэлийн газрын анагаах ухааны чиглэлийн мэдээллийн редактороор 30 жил ажилласан туршлагатай эр Жорж Турклеб 2000 оны 10-р сарын 23-нд ажлын газраа ирэн өрөөндөө ороод ажилдаа ханцуй шамлан оржээ.
Харамсалтай нь зүрх нь зогсон тэр дороо нас барсан бололтой. Тэр үед тэнд 23 хүн ажиллаж байсан хэдий ч гучин жил хамт ажилласан тэд түүний үхлийг мэдсэнгүй. Тэр өдрөөр барахгүй бүр тав хоног болсон байна. Шөнийн ээлжийн цэвэрлэгч түүний хүүртэй тулгараагүйсэн бол ахиад ч хэд хонох байсан юм билээ.
Жорж Турклебийн үхлийн тухай мэдээг 2000 оны 12-р сарын 5-нд ” Weekly World News” сониныхон хөөцөлдөж байж нийтэлжээ. Мэдээ “нас барсан эр долоо хоног ажиллав” гэсэн гарчигтай гарчээ. Мэдээлэл сонинд гартлаа сар гаруй хугацаа өнгөрсөн нь ажил олгогч байгууллага нь ажилтныхаа үхлийн тухай мэдээг нуун дарагдуулж байсантай холбоотой байв.
Ингээд арван жил өнгөрсөн хойно Оросын хэвлэл мэдээллээр энэ тухай шуугиж эхэлсэн ба ингэхдээ яг л шинэ мэдээ мэт харагдаж байж. Хэрэг явдал болсон цаг хугацаа байхгүй байгааг хэн ч анзаарч магадалсангүй. Хэрэг явдлын тухай мэдэж байсан нэгэн томоохон сонины сурвалжлагч энэ бүхнийг эхлүүлсэн ”Independent news”-д хандан захидал бичтэл дараахи хариуг авчээ.
“Таны зөвөө, энэ явдал 2000 онд болсон. Гэхдээ энэ явдал өнгөрсөн долоо хоногт боллоо гэж бид бичээгүй, ерөөсөө цаг хугацаа тавиагүй байгаа. Үнэнийг хэлэхэд иймэрхүү үйл явдлын болж өнгөрсөн цаг хугацаа чухал биш гэж би бодож байна. Гол нь хүмүүс хоорондын амьд харилцаа ямар чухал болох, хамт олонтойгоо харилцаж буй байдалдаа дүгнэлт хийн цэгнэж үзэх нь чухал болохыг л хүмүүст сануулах явдал байсан. Арван жилийн өмнө болсон эл хэрэг явдал үүнд тохирч байгаа юм”.
Тэгэхлээр одоо он сар заагаагүй мэдээ бүрийг хэзээ ч болсон байж болох хэрэг гэж үзэх үү? Уншигч ч сэтгүүлчид ч аль аль талдаа анхаарах л хэрэгтэй асуудал болж байна даа. Д.Мөнх