Өтөл насны хоёр хүмүүн - эхнэр нөхөр хоёр цэмцгэрхэн бяцхан цэцэрлэгийг нь бүслэн урссан горхины хажуугийн вандан сандал дээр ирж суув. Эхнэр нь өчигдөрхөн энд нэгэн зүйл чимэглэлийн цэцгийн үр суулган, нөхөр нь түүнд туслаж байсан. Харин өнөөдөр өглөө тэд мөн л цугтаа байх ба энэ цэцгээ өөрсөдгүйгээрээ цэцэглүүлж, залуу зандан үеийнх нь нүүр царайг эргүүлэн авчирсан горхиныхоо усны ид шидийн тольны хажууд хоёр биенийхээ амьдралыг өнөөдөр төгсгөхөөр шийдсэн ажээ...
Нөхөр нь жижиг хайрцаг авч, хор бүхий нэг бортгыг өөртөө аваад нөгөөг нь эхнэртээ өгөв... Тэд хагас зуун жил хамтдаа амьдраад нэг өдөр мөн л хамтдаа үхэв. Тэдний булшин дээр бичигтэй хөшөө үлдсэнгүй. Энэ нь өвгөний эцсийн гэрээс байсан бөгөөд отгон хүү Гейнц эцгийнхээ хүслийг ийн биелүүлжээ. Германд 1945 оны зунаас хойш ийм нэргүй булшууд мэр сэр үзэгдэх болжээ.
 
Тиймээс Хаусхофер гэдэг сонсголонтой нэрийг сонсвол хэн ч үл анзаарна. Харин Гесс, Геббельс, Гиммлер мэтийн овог нэр одоо болтол амьд үлдэгсдийнхээ дурсгалыг бузарласаар... Өөрийнхөө гэрт гучаад оны шинжлэх ухаан, соёлын сод зүтгэлтнүүдийг, Европын улс төрийн элит хүрээнийхнийг хүлээн авдаг байсан огцорсон генерал, профессор, геополитикийн хүрээлэнгийн захирал агсан Карл Хаусхофер нэг талаар шинжлэх ухааны үндэслэл, оюун санааны сэтгэл татах хүчний амьд биелэл болж явсан хэдий ч нөгөө талаар германы фашизмын хамгийн аймшигтай төлөвлөгөөний уриа дуудлагын эзэн байжээ.
 
Тэрээр бас Адольф Гитлерийн насан туршдаа зулгуйдан долдогонож явсан цорын ганц хүн нь юм.
 
Ууган хүү Альбрехтэй нь үерхдэг байсан нь Гесс Хаусхоферын гэрт Гитлерийг авчирсан гэдэг. Карл энэ уулзалтын дараа ийм муусайн адгийн шааруудтай танилцах хэрэг надад байхгүй хэмээн Рудальфод итгүүлэх гэж удтал оролджээ. "Улс төрийн хулигаан" гэж хэлсэн үг нь Гитлерийн талаарх хамгийн зөөлхөн тодорхойлолт байжээ. "Миний Герман ийм булай амьтны араас хэзээ ч дагахгүй" гэж Хаусхофер түүнийг шоолон дуу алдсан гэдэг.
 
Харин Гитлер энэ ухаантан эр өөрт нь чухам юунд хамгаас илүү хэрэгтэй болохыг араатны зөн совингоороо шууд л ойлгожээ. Түүнд буйртай хүн болж харагдахад нь цуст дайны номлол хэрэгтэй байсан аж. Геополитик моодонд ороод байж. Энэ шинэ залуу шинжлэх ухааныг Гитлер араа шүдээ арзаганалуулан, хумс хуруугаа сарвалзуулан шүүрэн авч: "Орон зай бол хүч чадлын хүчин зүйл мөн" гэсэн Карл Хаусхоферын үгийг Гитлер тугаа болгон тахьжээ. Тэрээр Карл Хаусхофсрыг хувийнхаа анд, бүх цаг үе, улс түмний гол геополитикч хэмээн өргөмжилж, залуу үеийнхний ухаан санаанд геополитикийн үзэл санааг шигтгэн суулгахад ашиглахаар шийджээ.
 
Карлд шинжлэх ухааны хүрээлэн өгч, санхүүжүүлэн, ямар ч төслөө "ногоон гэрлээр" хэрэгжүүлэх боломж олгожээ. Түүнд ер нь олон боломж олгожээ. Тухайлбал, түүний еврей гаралтай эхнэр Мартаг нь Гиммлерийн хамгаалалтад өгч, хөвгүүдэд нь албан тушаал ахиж дэвших, аялж зорчих, хэвлэн нийтлэх зэрэгт нь ямар ч хориг хязгаарлалт тавихгүй болжээ. Гэхдээ хамгийн гол нь Карлд ажиллах боломж олгосон байна.
 
Гэвч дөчөөд онд боловсорч эхэлсэн энэ хөдөлмөрийн нь үр шим Карлын сэтгэл санааг улам бүр хямруулах болсон байна. "Амьдралын орон зай" гэсэн үг цус асгаруулах гэсэнтэй ижил сонсогдож, түүний бодол санаанд маш хүндээр тусах болжээ. Арьсны өнгөөр ялгаварлан цэвэрлэгээ хийж, цус урсгах тухай онолоос хүүр шатаах газрын утаа ханхлах болсон ажээ. Тэг тэгсээр хүү Альбрехтийн нь оролцоотойгоор нарийн нягт бэлтгэсэн Рудольф Гессийн Англид хийх айлчлал тасалдмагц Хаусхофер гэнэт хар даран зүүдлээд цочин сэрэх мэт ухаан санаа нь эвгүй болжээ.
 
1943 оны тавдугаар сард, Гессийн ниссэний хоёр жилийн ойгоор Гитлер Хаусхоферынд очжээ. Борманы нэг өврийн дэвтэрт дараах бичиг тэмдэглэгдэн үлджээ. Уг дэвтэрт: "Тавдугаар сарын 10. 17 00 цаг. Хаусхоферынд Фюрер очив. Дагалдан явахыг хориглов. Зөвлөлгөөнөө хойшлуулав. Туйлын их гашуудсан байдалтай байлаа" гэж тэмдэглэжээ. Мөн оны зургадугаар сард хүү Альбрехт нь "Аав сайдын даалгасан бүх албан тушаалыг орхих бодолтой байна..." гэж тэмдэглэн бичжээ.
 
1944 онд Альбрехтыг долдугаар сарын хуйвалдаанд оролцсон хэмээн сэжиглэн баривчилсан ба хожим нь буудан алжээ. Нюренбургийн цэргийн шүүхийн үеэр Карлыг аваачин байцаажээ. Тэрээр уг шүүх хурлаас гэртээ ирсэнийхээ дараа архиваа болон номынхоо зарим хагасыг шатаасан бөгөөд эхнэр нь цэцгийн мандлаа үнсээр нь бордож, цэцэг суулгасан байна... Ийнхүү тэр хоёр горхи руугаа ирж, вандан сандал дээрээ суугаад хор ууж үхжээ.
 
Яагаад ингэв? Хаусхоферыг хэн ч мөрдөж мөшгөөгүй. Түүнийг хэн ч буруутгаагүй... Мөс чанар нь ингэхэд хүргэсэн юм болов уу? Карл Хаусхофер отгон хүү Гейнцдээ үлдээсэн бичгээс нь үүний шалтгаан тодорхой мэдэгдэнэ. Тэрээр : "Хэрвээ намайг Германыг мөхөөхөд хүчин зүтгэсэн гэж чамд хэлбэл бүү итгээрэй. Гэхдээ германы мөрөөдлийг мөхөөхөд би хүчин зүтгэсэн гэдгийг мэдэж ав..." гэжээ.
 
Эх сурвалж: "Эрдэм-Их хүч" сэтгүүл