Архи сайн даадаг залуус бол нөхөд дундаа баатрууд нь болж харагддаг. Тийм болохоор эр хүн гэдгээ харуулах гэж залуус ухаангүй болтлоо архидах нь элбэг байдаг ба хэдэн шил сулласнаа гайхуулах гэж шагналаа хадгалж буй мэт архины шилнүүдээ өрж тавьсан байх. Охид болохоор өөрийн үйлдлээ цагаатгах гэж ялангуяа жаахан сээтгэнэчихсэн бол түүнийгээ аргалах гэж согттолоо уудаг ажээ.
Залуус, охидын хувьд архи уух шалтгаан тун өөр өөр байдаг байна гэсэн дүгнэлтийг 15-18 насны Швейцарчуудтай ярилцлага хийн архи уудаг шалтгааных нь талаар ярилцсан Цюрихийн Их сургуулийн судлаач Сара Ландолт хийжээ.
 
„Архидах нь охидын хувьд тун төвөгтэй зүйл байдаг” гэж Ландолт үзсэн ба „хэрвээ охид хэт их согтох юм бол үеийнхэн нь “завхай охин”, “янхан” гэж хэлэх нь энүүхэнд” гэж бичжээ. Тэгсэн мөртлөө тэд хамт уухгүй бол хүрээнээсээ хасчих аюултай. Үеийнхэнтэйгээ нийлж бужигнаж чадахгүй болсон охидын хувьд хөвгүүдтэй ойртож дотносох боломж хомс болоод ирлээ гэсэн айдас төрдөг. „Залуу бүсгүйчүүдтэй ярилцаж байхад тэд нэг талаар өөрийн биеийг хяналтандаа байлгах гэхдээ нөгөө талаар нөхдийн дунд байхын тулд согтсон дүр эсгэдэг байна” гэж Ландолт ярьжээ.
 
Нэг л шил пиво уугаад, их л ууж буй харагдахын тулд ганц шилээ гартаа удаан барьж байдаг гэж зарим охид ярьжээ. Залуус ууснаараа бахархаж түүнийгээ маргааш нь дөвийлгөн ярьдаг бол охид согтчих юм бол түүнийг эмэгтэй гэдэг талаас нь бус архины хамжаа гэдэг талаас нь л авч үзэцгээдэг. Охидын хувьд согтуурах нь хүсэх зүйл бус харин ч дараа нь ичих хэрэг болдог. Охид нийлэхээрээ ер нь согтууруулах ундаа уудаггүй нь ярилцлагын явцад тодорхой болсон байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол архинд илүү татагддаг. Үүнийг бүгд л мэддэг хэрвээ хэн нэгэн эргэлзээд байвал дэлхийн аль ч өнцөгт очоод уушийн газраар орон хэн тэнд согтуурхаж байгааг ажиглаж болно. Хаана ч очсон аягатайгаа барин гөлийсөн, зурагтаар гарах нэвтрүүлэг уруу хайнгадуухан харах эсвэл угаасаа тэнд цөөнхи болох бүсгүйчүүд уруу хараа бэлчээх харчуудыг л харж болно.
 
Харин Улаанбаатарт арай өөр бараг ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүд дийлэнхи нь байдаг гэхдээ согтуурсан нь бол цөөн. Эмэгтэйчүүд орлого сайтай хөдөлмөр эрхэлдэг болсон, ганц бие бүсгүйчүүд олширсон, стресс тайлж цагийг аятайхан өнгөрөөх өөр газар ховор, за бас гадны улсад хөлсөө урсган байж явуулсан нөхрийнхөө мөнгөөр тансаглаж яваа бүсгүй гээд л өчнөөн л шалтаг байгаа, ёстой манай улс төрчдийн ярьдгаар “монголын онцлогтой” л эд дээ. Эмэгтэйчүүдийн хувьд уух байдал нь ч өөр.
 
Дуу нь чангаран их л чимээтэй байх ба чанга чангаар инээлдэн энд согтуу хүүхнүүд байна гэдэг нь холоос харахад л тодорхой! Нэг гартаа аягатайгаа барьчихсан нөгөө гар нь аль ойр буй эрд хүрчихсэн “яанаа би чинь согтож байна шүү” хэмээн хи хи инээлдэнэ. Ёс суртахууны ердийн хэм хэмжээгээ алдаж эхэллээ л гэж дохио өгч буй хэрэг. Эмэгтэйчүүд архидахаараа аз жаргалтай байдаг харин эрчүүд меланхолик байдаг гэсэн үзэл байдаг л даа. Үнэндээ бол эсрэгээрээ байдаг ажээ. Юу ч болсон Иелийн болон Колумбын Их сургуулийн судлаачид ингэж үзэж буй ажээ. Тэдний судалж тогтоосноор архи уух үед эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийнхээс илүү их допамин гормон (дурлалын гормон ч гэж ярьдаг) ялгардаг байна. Гэхдээ бүр тархины зугаа цэнгэл болон урам зориг өгдөг чухам яг тэр хэсэгт. Үүнийг секс болон хар тамхины үйлчлэлтэй л зүйрлүүлж болох юм гэхдээ энэ зөвхөн эрчүүдэд хамаатай.
 
Тэгэхлээр эмэгтэйчүүд маань эрчүүдээ архинаас илүү аз жаргалд умбуулж чадахгүй юу гэдэг асуулт үүсч байнаа даа? Гэхдээ тийм ч санаа зовоох асуудал биш юмсанж. Хааяа нэг архи уудаг эрчүүдийн хувьд л ийм үйлчлэл мэдрэгддэг байна. Байнга согтуурхаад эхэлбэл нөлөө нь байхгүй болчихдог ажээ. Архи гарчих шиг болж байгаа биз. Бодмоор л асуудал юм даа.