Оспан бол XX зуунд Хятадын Шинжань районд байсан Казахын Керей овгийн Молхы угсааны хүн юм. “Төхөр огаз” буюу “хазгар шар” хочит Оспан нь Шинжань ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд 1920-иод оны сүүлчээс оролцсон хүн юм. 1928-1929 онд босогчдын доторхи казах эрсийн толгойлогчдын нэг явжээ. Энэ хүн Монголын түүхтэй хэрхэн, яаж холбогдсон нь тун ээдрээтэй асуудал бөгөөд өнгөрсөн үеийн түүхийн сурах бичигт зайгуул, дээрэмчин, Монголын баруун хязгаарыг дээрэмдэн түвээж байсан нэгэн хэмээн орсон байдаг.
 
  Маршал Чойбалсан Оспанд хоршоо байгуулж өгсөн бөгөөд тус хоршоонд ажиллаж байсан Риймэдийн Санжхүү гэдэг хүний яриагаар “Оспан нь намхан нуруу­тай, жаахан доголондуу гэмээр алхаатай 50 гаруй насны, сахалтай, ширүүн хар хасаг эр байсан. Нэг их айхтар эрдэм чадалгүй ч эр хүний хувьд ёстой жинхэнэ мундаг зоригтой эр байсан. Хоршооны үүдэнд Оспаны баатрууд нь эгнээд сөхрөөд суучихна. Тэд нар чинь төдөн, өдөн удаагийн баатар гээд цолтой л доо. Дэлгүүрийнхэн бараагаа өөрсдөө авчирч үзүүлнэ. Нөгөөдүүл нь үзэж авахыгаа аваад оронд нь тэмээ, адуу авчирч өгнө. Бусдыгаа даавуу даалимба сонгож үзэж байхад Оспан гартаа сүлжмэл суран ташуур ороож барьчихаад нэвт, шувт харж суудагсан” гэжээ.
 
  1928 оны Шинжаньд болсон эрх чөлөөний төлөө тэмцсэн бослого үймээнээр Гамингийн засгийн төлөөний хүн Ян Чин Сенинг хороогджээ. Гэтэл Гамин­гийн засаг захиргаа нэрд гарсан хэрцгий балмад Цзин Шу Ренийг Шинжань мужийн захирагчаар томилжээ. Тэрээр 1931 онд хамийн засаглалыг хүчээр тарааж, Уйгар, Дунган, Хасаг, Монголчуудын газар нутгийг Шинжань мужид албаар шилжүүлэн, бусад үндэстнийг Хятаджуулан уусгах бодлого явуулж эхлэв. Энэ нь дээрх үндэстний цөөнхийн дургүйцлийг хүчтэй төрүүлж 1930-аад онд тэмцэл өрнүүлж энэ нь хэд хэдэн үндэстэн ястнуудыг татан оролцуулсан өргөн олныг хамарсан эрх чөлөөний төлөө тэмцэл болон өрнөсөн байна. Казах босогчдыг Оспан, Шарип хан, Далелхан нар толгойлов. Босогчид 1933 онд Цзин Шу Рений цэргийг ялж, хами, Или, Алтай, Тарвагатай аймгуудаас Хятадын гамин цэргүүдийг хөөн зайлуулж, 1933.11 сард Кашгарт Дорнод Туркестаны Лалын Бүгд Найрамдах Улсын түр засгийн газрыг тунхаглаж Ерөнхийлөгчөөр нь Хожа Наиз, ерөнхий сайдаар нь Сабит Муллах тавигдав. Энэ үеэр Оспан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн толгойлогч, алдар цуутай жанжин төдийгүй, Алтай аймгийн захирагч болжээ.
 
  Шиньжаньд Хасаг, Хиргис, Чантуу, Тажик, Уйгар, Дунгаан, Монгол зэрэг олон үндэстэн байдгаас 3 сая Уйгар, хагас сая Хасаг үндэстэн зонхилно. Шинжань мужийн шинэ захирагчаар генерал Шэн Ши Цай томилогдон ирж гоминданы шинэ удирдлага үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг ямар ч үнээр хамаагүй нухчин дарахыг оролдов. Зөвлөлтүүд Хятад-Японы дайн эхэлсний дараа Хятадын хувьсгалчдад Монголоор дамжуулан зэвсэг нийлүүлэх гэж оролдсон боловч байгалийн хүнд бэрхшээл болон дэд бүтэцгүйгээс болж үүнээсээ татгалзаж Шинжаниар дамжуулах болсон юм. Иймээс Зөвлөлтүүд Шинжаньд тоглоомын улс байгуулах ажилдаа Монголчуудыг шууд татан оролцуулжээ.
 
  Чухамхүү Шинжаньд болж буй үйл явдлыг дэмжих үүднээс зөвлөлтийн захиалгаар Монголд Хасаг үндэстний засаг захиргааны тусгай нэгжийг Урианхай ястныхтай нийлүүлэн буй болгожээ. 1940 онд Ховд аймгийн баруун хэсгийг салган хасаг-урианхайн Баян-өлгий аймгийг байгуулсан юм. Энэхүү шинэ засаг захиргаанд Шинжань, Уйгараас дүрвэж ирсэн өрх айлуудыг тараан байршуулах зорилгыг агуулж байв. Гүйцэтгэлийг нь Чойбалсан өөрийн биеэр очиж шалган, аймгийн төвийг нь тогтоож өгчээ.
 
  Оспан дахин цэрэг засч уйгарын босогчидтой нэгдэж хэдэн жилийн турш цус урсган тэмц­сэний эцэст Или, Тарвагатай, Алтайг дахин чөлөөлж 1944.11.12 нд Дорнод Туркестаны Лалын Бүгд Найрамдах Улсыг Хулжа хотод дахин сэргээн тунхаглаж, төрийн тэргүүнээр Алихан төре гэгчийг залав. Гоминданы засаг захиргаа аргаа өөрчлөн хуучин захирагч Шэн Ши Цайд хамаг бурууг тохон Шинжань мужийн захирагчаар Чжан Ши Чуныг томилов. Гоминданы эрх баригчид бусад үндэстнийг уусган захирах далдуур санаагаа зугуухан явуулсаар Сали баатрыг мужийн захирагчийн орлогчоор, Жанымханыг сангийн сайдаар томилон заль хэрэглэв. Хүн хүч, зэр зэвсэгээр дутмаг босогчид хөрш зэргэлдээ орших Зөвлөлт, Монгол улсаас санхүүгийн дэмжлэг, зэр зэвсэгийн тусламж авахаас аргагүйд хүрчээ.
 
 
  1943.10 сард Монголын төлөөлөгчид Оспаныг дэмжих зорилгоор ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхоржавыг явуулж Оспантай хэлэлцээр байгуулуулцав. Хэлэлцээрийн утга нь Үндэсний чөлөөлөх Хасгийн тэмцлийг Монгол дэмжинэ, буу зэвсэг, бараа таваараар тусална, хэрэг тохиолдвол босогчдыг орогнуулна гэжээ. Монголын тал босогчдын штабт 40-50 хүн суулгана, хэлэлцээрийг туйлын нууцлана гэсэн ажгуу. Босогчид эхний ээлжинд 27 винтов, 10 маузер буу, 600 м бөс даавуу авснаас гадна Оспан 1000 сумтай англи автоматаар шагнуулав.
 
  Хоёр дахь удаагийн уулзалт Ховд аймгийн Булган сумын нутагт одоогийн Яринчин заставын ойролцоо 1945 онд болсон бөгөөд Чойбалсан өөрийн биеэр Оспантай хэлэлцээ байгуулж, Сталины өөрийн нэрийн өмнөөс гардуулж өгөөрэй гэсэн 400 винтов, 200 ППШ, суурьтай пулимёт 6, гар пулимёт 30, гар гранат 2000, сум 400000 зэргийг өгчээ. Мөн О.Халхбай, Б.Хаби хоёроор толгойлуулсан 500 хасаг эрсээс бүрдсэн партизаны отряд эмхлэн байгуулж өгчээ.
 
  Ийнхүү бодит шалтгаан, элдэв үйл явдлаар нөхцөлдсөн түүхэн цаг үе буюу 1949 онд Шинжаны ард түмэн Хятадын хувьсгалчид үндэсний чөлөөлөх армитай хүч хавсран Орос, Монголын тусламжтайгаар эх нутгаасаа гамин цэргийг хөөн зайлуулав. Хятадын үндэсний чөлөөлөх арми Өрөмч хотыг эзлэн авав. Энэ нь Оспаны сэтгэлд огтхон ч нийцсэнгүй. Түүх бас л олон үндэстэн, ястан бүхий Шинжаны өмнө хоёр сонголтыг тулгав. Нэгдэх нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд орох, хоёр дахь нь тусгаар тогтносон Бүгд Найрамдах Дорнод Туркестан улсыг сэргээн байгуулах явдал байв. Оспан үүний хоёр дахь замыг сонгов. Гэвч үндэсний эрх чөлөөний зарим толгойлогчид болох Ж.Шарипхан дайсны гарт эрсдэн, Ахмажан, Хасими, С.Далелхан, М.Ысхахбек тэргүүтэй эрдэм мэдлэг бүхий нөлөөтэй удирдагчид Ташкент, Алма Атаар дамжин Москва, Бээжин руу дуудагдан замдаа учир битүүлэг шалтгаанаар амь эрсдэв.
 
  Гэвч Оспан сонгож авсан замаасаа няцаж буцсангүй. Тэр Оросын ч, Хятадын ч хавирга суганд хавчуулагдахыг хүссэнгүй. Тийнхүү Шинжаныг өөрийн муж улс болгосон Хятадын хувьсгалчидтай байлдах хэрэг гарав. Үүний тулд Орос, Монголын алинаас ч дэмжлэг авч үл чадахаа сайтар ойлгосон Оспан хуучин дайсан Чан Кай Шиг шинэ түншээ болгож Хятадын улаан хувьсгалчдын эсрэг тэмцэж эхлэв. Түүний үзэл санааг дэмжсэн Жанымхан, Солтаншарип, Сали, Жолбарыс нарын олон эрс дэмжиж зэвсэг барин тэмцэв.
 
    Эцэст нь хүч тэнцвэргүй тулалдаанд ялагдсан Оспан их гүрнүүдийн өршөөлгүй балчиг намагт сорогдон өвөр Монголын Дэмчигноров ван мэтийн нэгэн адил хувь заяаны эмгэнэлт түүх болон хоцорчээ. Хятадын улаан хувьсгалчид 1950 онд Оспаныг барьж Өрөмчийн гянданд хорьж байгаад 1951 онд цаазалжээ.
 
  Казак үндэстний олонхи судлаачид “Оспан бол Манж-Хятадын гүрэн, Гоминданы засаг захиргаа, Маогийн улаан Хятад, Сталины улаан Оросын алины ч далдуур бодлогыг цаг тухайд нь мэдрэн үл зөвшөөрч, ямар ч түүхэн зааг, эргэлтийн үед гуйвж дайвахгүйгээр, цэх шулуун явж, босоогоороо амь эрсэдсэн, Дорнод Туркестан улсын тусгаар тогтнол, олон үндэстэн бүхий Шинжаны ард түмний үндэсний эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч, зоригт жанжин, улс төрийн холч хараатай зүтгэлтэн байсан гэж” тодорхойлдог юм билээ. Хасгийн түүхэнд бичигдэх энэ эр хувь заяаны эрхээр манай улсын түүхтэй холбогдсон нь энэ бөгөөд энэ хүнийг социализмын үеийн дунд сургуулийн түүхээс манай дунд үеийнхэн дээрэмчин гэдгээр нь сайн таньдаг юм билээ.