Би энэ амьдралд хэн нэгэн хүний эрхшээл засаглалд харьяалагдах, эсвэл бусдыг эрхшээлдээ оруулахыг эрмэлзэх ийм л хоёр сонголтыг хүлээж байдаг.
 
  Засгийн эрх гэдэг бол гараас ямагт мулт үсрэх гээд байдаг мөлчгөр зүйл юм. Засгийн эрхийг булааж авах, түүнийг тогтоон барих хоёрын аль нь их ур чадвар шаардах вэ гэдэг бас л тодорхойгүй байна.
 
  Аливаа улс нь тархай бутархай байвал тэднийг захирч байхад амар хялбар гэсэн эртний үзэл нэлээд хугацаанд ноёлж байв. Энэ бол бүх эзэнт улсуудын урьд өмнө нь баримталж байсан бодлого юм. Тийм бодлогыг Ромчууд “ Divide et impera! “Хуваа, захир !” гэсэн үгээр илэрхийлдэг байлаа. Халиф Хаким энгийн хувцас өмсөөд Каираар шөнө хэсэх дуртай байжээ. Нэгэн удаа тийнхүү зугаалж явтал зэвсэг бүхий арван хүн түүнтэй дайралдаж, түүнийг таниад мөнгө өг гэж гуйсан байна. Цаг орой болсон, хүн амьтангүй зэлүүд бөглүү газар байсан тул тэд эхлээд гуйж байснаа тулгаж сүрдүүлж эхэлсэнд Хаким ямар гай гамшигтай учрах нь тодорхой байлаа. Гэвч Халиф улс төрийн бодлоготон байсан учир тэр нь л түүний амийг аварчээ.
 
  – Та нар хоёр хэсэг болоод үзэлцэгтүн. Хэн дийлснийг нь шагнана гэжээ. Тэгж хэлэнгүүт тэд илдээ суга татан хоорондоо байлдаж эхлэв. Тулаанаас мэнд үлдсэнийг нь Халиф дахин хоёр хэсэг болгоод түрүүчийнхээсээ илүү шан харамж амлаж тулалдуулсаар байтал арван хүний ес нь амь үрэгдэж ганц нь амь үлдсэн байна. Халиф хэлсэндээ хүрч, дийлээд үлдсэн хүнд алтан зоос атгаад шидэв. Гэвч тэр хүнийг зоосоо авах гээд бөхийнгүүт Халиф илдийг нь шүүрч аваад түүнийг цавччихжээ. Бусдыгаа ялсан өнөөх хүнийг Халиф залилж цавчихгүй бол тэр бусдаасаа илүү хүчирхэг учраас яаж ч мэдэх юм. Үнэн сүсэгтний дээд эзэн “хуваагаад захирагтун” хэмээх эртний зарчмыг Халиф яг цагийг нь олж санажээ. Энэхүү зарчим хэдийгээр аль эртнийх ч гэлээ засгийн эрхийг тогтоон барих аргад ямагт дээгүүр байр эзэлж байлаа. Хүчирхэг Чингисийн удам Манжийн дарлалд 200 жил колони орон байсны гол үндэс нь улс орныг нь олон жижиг хэсэг болгосонд оршиж байжээ. Өөр нэг жишээ бол Ромын нэрт жанжин Фабийн цэргийн тактик юм. Ромчууд Карфагены нэрт жанжин Ганнибалтай халз тулалдахаас болгоомжлон зайлж, зөвхөн түгшүүрт оруулах, зам харилцааных нь шугамыг хааж боохыг хичээж байв. Халз тулалдахаас зайлсхийхийг бод­дог Ромын тэр жанжин нь Фабий гэдэг хүн байв. Тэрээр тийм маягаар арван жилийн турш тулалдаанаас зайлсхийжээ. Фабий хэмээх Ромын тэр жанжны нэрээс уламжлан Англи хэлэнд Fabian /фабианы/ гэдэг үг бий болсон юм. Зорилгодоо хүрэх гэж яарахыг хичээдэггүй фабианы тактик гэж байдаг. Түүнийг баримтлагчид илэрхий тулалдаж хямралдахаас зайлс­хийн дайсныг алгуур туйлдуулах замаар зорилгодоо хүрэхийг хичээдэг байв.
 
  Хэрвээ та удирдагч болъё гэвэл эмх замбараагүй байдлыг удирдаж сурах хэрэгтэй. Хатуу тогтоо­сон хэрцгий дэглэм аливаа даран­гуйллын суурь хөрс болдог. Аливаа их удирдагч хүнд энэ амьдрал нь хэн нэгэн хүний эрхшээл засаглалд харьяалагдах, эсвэл бусдыг эрхшээл­дээ оруулахыг эрмэлзэх ийм л хоёр сонголтыг хүлээж байдаг.
 
 
 
  Түмэн шанью /мтө 209 он/ Маодунь гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигээс /хатан/ нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тулд Юэчжи /Дундад Азид байсан Иран угсааны аймаг/ нарт барьцаанд өгчээ. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг алахаар завдав. Гэтэл Маодунь тэдний сайн морийг хулгайлан унаж буцаж ирэхэд, Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгожээ. Маодунь дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, “дуут сумыг харавсан зүг рүү цөм харвагтун! Харваагүй хүний толгойг авна” гэж тушаажээ. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа харваагүй цэргийн толгойг авав. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харавсангүй. Ингээд харваа­гүй хүмүүсийн толгойг авчээ. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь машид айн харваж зүрхэлсэнгүй. Маодунь бас л харваагүй айн ширвээтсэн хүмүүсийн толгойг авчээ.
 
  Дахин анд явах үедээ шаньюн сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчид нь бас харвав. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэджээ. Хожим Маодунь эцэг Түмэн шаньюг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн рүү харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюг харвачихав. Чингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах хүсэлгүй түшмэдийг алаад, өөрөө шанью болжээ. Төрийн эргэлт гэгч нь энэ ажээ.
 
  Засгийн эрхийг тогтоон барих аргуудын дотроос нэгийг нь дэлгэрэнгүй авч үзэх нь зүйтэй юм шиг санагдаж байна. МЭӨ YIII зуунд ийм нэг аргыг анх хэрэглэжээ. “Тэр бол дэндүү их боддог, тийм хүмүүс л аюултай” гэсэн Юлий Цезарийн үг бий.
 
  Улсыг яаж чанга гараар базан захирах талаар Корнифын дарангуйлагч Периандр өөрийн анд Милетийн дарангуйлагч Фраси­булаас зөвлөгөө авахаар тусгай элч мордуулж л дээ. Цаад захирагч нь Периандрын элчийг дагуулан хотын захад аваачаад, тариан талбайг ажиглаж байснаа, бусдаасаа өндөр ургасан түрүү бүхнийг хяргаж гарчээ. Чингээд юу ч хэлэлгүй, элчийг буцаасан байна. Гайхсан элчийн­хээ амнаас уг явдлын тухай сонсоод Периандр дарангуйлал тог­тоох нууцыг мэдэж аван, төдөлгүй хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тэрээр улсынхаа хамгийн ухаантай, өндөр боловсролтой, хүч нөлөө бүхий иргэдийг устгаж цөлж дуусгаад, ганцаар засаглах болжээ.
 
  Олон эрх баригчид энэ сонгодог жишээгээр ажиллаж, түүгээр ч барах­гүй биеэ хамгаалах бодолдоо хөтлөгдөн ингэдэг байлаа. Эртний нэгэн зохиогчийн бичсэнээр бол тэд аль нэгэн талаараа суут бүх хүнийг “хяргаж байв”. Ухаантай болж төрөхөд гайтай тийм үе байсан бөгөөд ухаантай хүнд гай уддаг тийм эрх баригчид байсан юм. Ромын Клавдий өөрийн өмнөх Калигула хааны үед амьд мэнд гарах өөр арга байхгүй байсан болохоор зориуд тэнэг хүн болж байсан үнэнээ эзэн хаан болсон хойноо сая хэлсэн байна. Энэ зарчим нийтлэг байсан нь гайхалтай. Эртний Хятадын гүн ухаантан Лао-Цзыгийн бодлоор эрх баригчийн нэг зорилт бол албат иргэдээ эрдэм номгүй байлгаж, тэдний оюуныг нухчин дарж байх явдал байв. Учир нь аливаа соёл гэгээрэл, эрдэм мэдлэг гэгч нь дарангуйлагчдад тун аюултай зүйл ажээ.
 
  Оросын эзэн хаан I Николай хятадын гүн ухаанчийн энэ санааг мэддэг, ойлгодог байж. Тэр хэт муйхар хүн болохоороо энэ зарчмыг ягштал баримталж байв. Нэг удаа түүнийг цэргийн сургууль дээр очиход сургуулийн захирал ер бусын авъяас билэгтэй шилдэг сайн сурагчийг түүнд танилцуулсан байна. Хаан тэгэхэд юу гэсэн гээч
 
  – Надад тийм хүмүүс хэрэггүй. Энэнтэй энүүнгүй бодож эргэцүүлдэг хүн бий. Ийм л хүн хэрэгтэй гээд харах царайнаасаа ямар ч юм сурах янзгүй мулгуу хэдэн хүнийг заан жагсаалаас татан гаргаж ирж гэнэ.
 
  Аристотель мөнхүү “улс төрийн бодлого”-доо ард түмнийг зав зайгүй байлгах ямар нэг ажил зайлшгүй олохыг дээд эзэнд зөвлөж байв. Афины хаан Писитратын сэдэж санаачилсан олимпийн дуган мэтийн асар том байгууламж буюу Египетийн цац нь тийм л утга учир­тай байгууламж байв. Энэ үзэл бод­лыг түүхчдийн судалгаа нотолж байгаа юм. Чухамхүү цац босгосон нь Египетийн эмх замбараагүй овог аймгийн нийгмийг хүчтэй төв­лөр­­сөн засаг бүхий маш нягт нэг­дэл­тэй, хяналттай тогтолцоо бол­­го­сон гэх санааг хэлдэг. Үүний тулд төр засгаа батжуулахын тулд цацыг босгох болсон байж ч болох юм гэж судлаачид үздэг. Хаан эрх мэд­лээ хэвээр хадгалахын тулд ард түмнийг ямар нэг ажилтай байл­гах хэрэгтэй гэдгийг Платон ч зөвшөөрдөг. Тэгэхдээ ард түмнийг зав­гүй байлгах хамгийн баттай арга бол дайн гэж тэр үзсэнээрээ л ялгаатай.
 
       Дайн хийвэл ард түмэн өөрсдөө оршин тогтнохоо арга буюу илүүтэй бодох болно. Тиймээс “хааны эсрэг хувилдаан хийх боломж бага­сах ажээ”. Калигула мэтийн хүний эрх мэдэл гагцхүү харгислал, ял цаазанд дулдуйдаж байгаагүй нь санамсаргүй хэрэг билээ. Түүний захиргааны үед өдий төдий аварга том мөртөө төдий чинээ утга учиргүй барилга барьж байээ. Тэрээр хэн ч хийж чадахгүй гэсэн тийм зүйлийг л хийж бүтээхийг эрмэлзсэн бололтой. Чухамдаа хамгийн ширүүн урсгалтай, хамгийн гүнзгий далай тэнгист далан барих, хамгийн хатуу чулуутай хад хясааг нураах тушаал буулгаж байжээ. Макиавеллигийн хэлснээр бол Испанийн хаан Феррандо ч мөн ингэдэг байжээ. Засаглан захирах ур чадварыг гаргууд сайн мэддэг хүмүүсийн ярьснаар бол тэр “албат иргэдээ гайхалтай шам­дуу ажиллуулах тийм их үйлийг ямагт сэддэг ажээ”. Засгийн эрх, түүнийг тогтоон барих асуудлыг Макс Вебер дэлгэрэнгүй судалжээ.
 
      Ардчилсан бус тогтолцоотой газар эрх баригчдийн баримтлах гурван үндсэн арга байдгийг тэр заасан байна. Нэгдүгээрт: удирдлагын аппаратыг үнэнч хамсаатнуудаасаа шилж авдаг. Янз бүрийн үеийн, янз янзын улс түмний эрх баригчид энэ зарч­мыг ягштал баримталж байсныг түүхээс бид мэднэ. Эрдэм мэдлэгтэй, хурц сод ухаантай хүмүүсийг биш, харин илүү дутуу юм боддоггүй, хий гэснийг нь л хийдэг хүмүүсийг илүү үнэлдэг байжээ. Хоёрдугаарт: засгийн эрх баригчдын суут шинж чанар гэж зогсоо зайгүй мэтгэдэг. Албат иргэдийн хэлсэн үг, хийсэн ажил үйлс бүхэн эрх баригч, эзэн дээдсийгээ л ямагт зөв гэдгийг харуулах ёстой. Эрх баригчдад ямар нэг талаар алдаж эндэж байгааг нь ойлгуулах гэсэн хүн бол хохирдог. Байгуулсан гавъяа болгоныг эрх баригчийн биетэй ямагт холбож байхыг түүнийг тойрон хүрээлэгчид шаарддаг. Эрх баригчийн бүх алдаа дутагдалыг ард түмэн мартах ёстой.
 
    Дандаа амжилттай байлгаж харагдуулах аргачлал маягийн зүйлч боловсрогджээ. Сур­тал нэвтрүүлгээ ийм үзэл санаатай бол­годгийг судлаачид фашист Гер­­маны арга гэдэг. Эцэст нь М.Веберийн заасан гурав дахь арга нь үе үе тодорхой тооны хамтран зүтгэгчээ “зайлуулж” байх явдал юм. Платон тухайн үедээ засгийн эрхийг тогтоон барих энэ аргын талаар дурдаад ийм хүмүүсийг хаан “дайсанд биеэ худалдсан хэмээн шалтаг заан уст­гадаг” гэж бичжээ. Дэлхийд шинэ юм гэж огт байхгүй, өнөөгийн зуунд ч гэсэн улс төрийн янз янзын дэглэм хүмүүсийг “зайлуулахдаа” чухам энэ л зэмлэлийг тулгаж /Монгол дахь их хэлмэгдүүлэлт энэ л аргаар хийгдэж байв/ энэ л шалтгийг хэрэглэж ирсэн юм.