Бидний багад Орос руу Хятадууд дайраад, Оросууд шинэ гайхамшигт зэвсгээ ашиглан тэднийг үнсэн товрог болгосон тухай нэг хэсэг шуугиж билээ. Шинэ үеийн Катюша зэвсэг газрын хөрсийг үндсээр нь эргүүлээд Хятадуудыг газрын гав руу шидчихсэн тухай цуурцгаадаг байлаа. Хятадууд юу юугүй л довтлоод ороод ирэх гээд байгаа тухай сонин, радиогийн (телевиз ямар байсан биш) мэдээнд итгэчихсэн, Хятадуудтай байлдах нь хэзээ хэзээгүй болчихсон гэж ойлгож байсан бидэнд энэ нь тун ч таатай мэдээ байлаа.
 
     Гэтэл зөвлөлтийн 58 хилчин амиа алдан байж хамгаалсан тэр арлыг 1991 онд Хятадад хүлээлгэн өгчээ. Тэр үед чухам юу болоод өнгөрсөн талаар энэ үйл явдлын амьд гэрч гэрэл зурагчин Гречухин ингэж өгүүлжээ. 1969 оны хавар “Номхон далайн хилчид” сонины зурагчин тэрбээр албаа хааж дуусаад буцах гэж байв. Хоёрдугаар сарын 28-нд гэнэт хилчдэд төмөр дуулга тараан өгчээ. Хятадууд хоёр жилийн турш голын мөсөн дээр гарч ирцгээсээр байгаад бид бүр дасчихсан, 5-6 хятад байхад бид эмээлгүй ганц нэгээрээ яваад очдог байлаа. Гэтэл амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн үйл явдал болов.
 
      1969 оны гуравдугаар сар хүртэл Зөвлөлт-Хятадын сөргөлдөөн нь цаг нөхцөөсөн төдий зүйл байлаа. Бид хятадуудыг арлаас “зайлуулах” тушаал авсан байв. Хятадууд модоор зэвсэглэсэн байдаг байв. Олон Хятадын толгойг хагалахгүйн тулд бид баавгайн анчид шиг модон жад барьж очдог болсон. Гуравдугаар сарын хоёронд Хятадууд довтолж эхэлсэн тухай жижүүр илтгэжээ. Хилийн цэргийн штабын дарга генерал Василий Лобанов нисдэг тэрэг дуудсан байв. Би таксидаад штабад очтол таньдаг нисэгчид намайг бэржээхэнд боогоод нисдэг тэрэг дотор тавьчихсан, бид ердөө 40 минутанд л уг газар оччихсон байв. Генерал тэднийг буцаж нис нис гээд байдаг, гэтэл намайг буулгаж хаях ёстой байдаг. Нисгэгчид “одоохон одоохон” гээд л би арай гэж мултарч гарав. Арал руу явах бэтээрийн (байлдааны хуягт машин) дэргэд очтол генерал намайг олж хараад “чи яаж энд хүрээд ирэв. Дараа учрыг нь олноо. Одоо явцгаая, бүхнийг зурагт буулга” гэж тушаалаа. Ингээд би бүхнийг хальсанд буулгасан.
 
       Өглөө Уссур голын мөсөн дээр хэдэн Хятад цэрэг гарч ирсэн байв. Гурван хилчид тэдэнтэй уулзахаар очжээ. Заставын кино механик Николай Петров “Зоркий” аппаратаараа гурван зураг аваад кино зураг авч эхэлжээ. Хятадууд хожим талийгаачийн гараас кино аппаратыг аваад зургийн аппаратыг анзаараагүй өнгөрчээ. Фото аппаратаа хүйтнээс хамгаалж куртик дотроо нуухыг би түүнд заадаг байв. Би түүний өврөөс аппаратыг олж авсан. Нэг нь комсомолын хурлын тухай, гурав нь уг мөргөлдөөний тухай дөрвөн зураг байв.
 
       Арал дээр 300 хятад цэрэг гарч ирэн, гурван хилчинг нас барсаны дараа цаг хүрэхгүй тулаан болсон. Хөрш заставаас Бубенин дарга нь тусламж авч ирсэн. Тэр үеийн бэтээр задгай байсан тул Хятадуудын мина шууд тусаж хилчид алагдаж байв. Шархадсан Бубенин өөр бэтээрт шилжиж суугаад Хятадуудын ар талд гарч гал нээн Хятадуудыг зугтаалгав. Бубенин бол жинхэнэ баатар байсан бөгөөд академи төгсөөд “Альфа” тусгай анги командалдаг болоод нууцлагдсан, түүний тухай тун бага бичигддэг дээ.
 
          Гречухин тулалдаан дууссанаас цаг хагасын дараа арал дээр очжээ. Дарь, цус, үхэл үнэртэж байв. Гуравдугаар сарын 5- 6-нд нас барсан хилчдийг оршуулжээ. Зурган дээр олон хилчдийн толгойг алчуураар боосон байв. Манайхныг амьдад нь ч үхсэн хойно нь ч тамалсан. Толгойг нь няцалж, тастаж байлаа гэж Гречухин ярив. Хятадууд Нижне-Михайловк заставын хүнд шархадсан комсомолын зохион байгуулагч Павла Акуловыг чирж одсон бөгөөд жилийн дараа түүний шарилыг хүлээн авахад үс нь цав цагаан болсон байж билээ.
 
        Гуравдугаар сарын 15-нд Даман арал дээр жинхэнэ тулаан болсон. Хамгаалалтын 60 хилчид зуу гаруй Хятадуудын дайралтыг няцааж байв. Сум хэрэгсэл зөөж байсан бэтээрээр би тэнд очиж баахан зураг авсан. Хятадуудын довтолгоо амжилтгүй болж тэд ухрав. Эрэг дээр тэднийг жагсаагаад командлагч нь гуравдахь цэрэг бүрийг ТТ-гар буугаар буудан унагаж байв. Биднээс ердөө 25 м зайнд шүү дээ. Үдээс хойш бидний сум дуусч арлаас явцгаав. Хятадууд арал дээр гарцгаасан. Гэнэт л аянга буусан. Тулааныг хилийн цэрэгт байдаггүй пуужинт зэвсгээр шийдсэн гэж бид шивэгнэлдсээр өдий хүрсэн. Шалтгаан нь их энгийн. Хилчид тулалдсаар байвал энэ нь хилийн мөргөлдөөн. Харин аль нэг талаас армийн ангиуд оролцоод эхэлбэл энэ нь дайн гэсэн үг.
 
         1969 оны гуравдугаар сарын 15-нд өөр сонголт байсангүй. Хилийн отрядын дарга нь дөрвөн танкаар Хятадуудыг тойрон бүслэхээр явсан боловч танк нь цохигдож өөрөө алагдан бусад гурав нь эргэж зугтжээ. Сөнөсөн танкийн жолооч амьд мултарч бидэн дээр ирээд ухаан нь самууран учир зүггүй инээж байлаа. Энд авсан зурагнаас Гречухинд юу ч үлдсэнгүй. 40 жилийн өмнө нууцад хамруулан авч оджээ. Одоо ч зарим зураг нь нууцын зэрэгтэй байгаагаас нийтэд үзүүлж чадахгүй байгаа. Тухайн үедээ ЗХУ-ын ерөнхий сайд Косыгин түүний зургийг баримт болгон бид дайраагүй гэж гүрийж байсан Хятадуудад үзүүлж нотолж байжээ. Одоо эдгээр зургууд хилийн цэргийн музейд бий. Найзууд нь заримыг нь скайнердэж авч өгчээ.
 
         Даманийн мөргөлдөөний дараа Гречухин нас барсан нөхрийн оронд албандаа үлджээ. Хүзүүндээ загалмай зүүдэг болов. Хуучин шүтлэгтэн гэр бүлээс гаралтай тэрээр хугацаат цэргийн албанд байхдаа загалмай зүүж ч байсангүй. Гэтэл бүр гартаа зэвсэг барьж үзжээ. Загалмай зүүснээсээ хойш зэвсэг барьсангүй зөвхөн зургийн аппараттайгаа л явдаг болжээ. Бурхан түүнийг аварсан бололтой, Афганистанд нийтдээ 7 жил алба хаахдаа ч зүгээр өнгөрөв. 40 жилийн дараа Даманийн тулалдааны тухай юу гэж бодож байгааг нь асуухад тэрээр “Хууль эрх зүйн талаасаа хятадуудын зөв байсан. Хил голын голдрилоор байсан. Эхлээд арал манай талд байв. Тэр үед голын урсгал өөрчлөгдөөд, арал хилийн нөгөө талд орсон. 1991 онд арлыг Хятадуудад өгөхөд надад маш хүнд байсан. Би Хятад бараа иддэггүй, худалдаж авдаг ч үгүй. Даманийн хэрэг явдлыг би Хятадуудад хэзээ ч уучлахгүй. Энэ бол дайн бус харин бузар явдал байсан” гэв.