Эртнээс нааш философчдын толгойг гашилгаж ирсэн асуулт болох “тахиа анхдагч уу өндөг анхдагч уу” гэсэн асуултын хариуг Их Британийн хэсэг эрдэмтэд олсон байна гэж оросын “Вокруг света” сэтгүүл мэдээлжээ. Тахианы организмд байх эсийн оролцоогүйгээр өндөгний хальс үүсэх бололцоогүй юм гэдгийг Шеффилд болон Уорвик Их сургуулиудын судлаачид олж тогтоожээ.
 
Тэгэхлээр тахиа байхгүйгээр өндөг бий болох боломжгүй болж таарч байна. Өндөг үүсэх процессийг эрдэмтэд нарийн судалж үзсэн байна. Эдинбургийн Их сургуулийн HECToR суперкомпьютерийн туслалцаатайгаар энэхүү судалгааг хийжээ. Энэ хүчирхэг компьютерийн тусламжтайгаар ovocledidin-17 гэдэг эс нь өндөгний хальсны хөгжлийг түргэсгэгч катализатор болдгийг олж тогтоосон ажээ.
 
Үүний учрыг олох сонирхол л зөвхөн эрдэмтдийг энэ ажилд хөтөлсөн биш харин тэдний нээлтийн ачаар хүн төрөлхтний өмнө ямар их боломж нээгдэж буй нь л чухал юм гэж Шеффилдийн Их сургуулийн профессор Жон Хардинг ярьсан байна. Өндөгний хальс үүсэх процессийг таньж мэдсэнээр энэ нь шинэ материал гарган авахад хэрэг болох юм.
 
Суперкомпьютер HECToR нь 2008 оны эхнээс ажиллаж эхэлсэн ба Европын хамгийн хүчирхэг компьютерийн нэгд тооцогдож буй билээ. Чухам энэхүү хүчирхэг компьютерийн ачаар өмнө нь зөвхөн мөрөөдөх төдий байсан олон судалгааны ажлуудыг эрдэмтэд хийх болсон.
 
Орчин үеийн компьютерийн жижиг хэсгүүдийг бүтээхэд болон мөн цэргийн онгоцнуудыг зохион бүтээх, далайн урсгалыг судлах зэрэг далайцтай ажлуудад HECToR компьютерийг ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ.