“Урьдчилан бэлдсэн махаа жижиг­­лэн нарийн эсвэл дөрвөлжлөн зүсээд ариун давирхай, зуун настын шүүсээр бага зэрэг амтлан эцэст нь цөөн хоног дарсны уусмалд дэвтээнэ. Цэвэр агаар салхинд өлгөж хатаасны дараа утаж хатаасан борц мэт болох өгөөд эвгүй үнэр нь бүрмөсөн алга болдог” хэмээн Германы эм зүйч Ёоханн Шройдер өөрийн бэлтгэсэн жороо тайлбар­ласан байдаг. Харин энд үхрийн мах, утсан гуя, нурууны гол махны тухайд яригдаж байна хэмээн уншигч та бүү эндүүрээрэй. Хамгийн гайхалтай бөгөөд аймшигтай нь энд 24 орчим насны улаан шаргал үстэй цаазлагдсан эрэгтэйн цогцосны тухай ярьж байгаа билээ.
  Хүний эд эрхтэнийг анагаах ухаанд эмчилгээний зорилгоор ашиглахад чиглэсэн иймэрхүү жор, зааврууд XVI, XVII зууны үед Европ тивд бараг л аливаа эмийн ургамал, үндэс холтос мэт нийтлэг түгээмэл байв. Анагаах ухааны түүх судлаач, Их Британийн Дюрхамын Их сургуулийн багш Ричард Сюгг энэ талаар саяхан нийтлүүлсэн номондоо, “Хүний эд эрхтэн болоод цус эмийн сан бүрт байжээ. Анагаах ухаанд хүний махаар дутагдах гачигдах явдал ч гарч байв. Ухаандаа ихээхэн хэмжээгээр хэрэглэж байсан гэсэн үг юм. Шинэ Ертөнцийн (шинээр нээгдсэн колоничлогдсон орнууд. Орч.) оршин суугчид бус харин өөрсдийгөө соёлт хэмээн нэрийдсэн европчууд тэр үеийн хамгийн шаргуу увайгүй хүний махан хүнсчид байсан” хэмээн тэмдэглэжээ.
 
  Үнэхээр ч эртний европ эмчил­гээ, оточ эмч нарын энэхүү ой гутаж, жигшим үйлдлийг нотлох үй олон баримт бий. Тухайлбал, эртний ромчүүд гладиаторуудын цусыг татаж унах өвчинд тустай хэмээн үзэж, ууж хэрэглэдэг байжээ. Үхэгсдийн эд эрхтэний эмчилгээнд өргөн хүрээтэй хэрэглэх болсон цаг үе бол сэргэн мандалтын үе хэмээн тооцдог. Дээр дурьдсан судлаач Ричард Сюггын үзэж буйгаар эртний Египтийн занданшуулсан шарилыг нунтгалан бэлтгээд “амьдрал хайрлагч илбийн ундаа” хэмээн нэрийдэн түгээмэл хэрэглэж байсан түүхтэй. Мөн XVII зууны эхэн үеэс оточ эмч нар цаазаар авагсад болоод босогчид, ядуус гуйлгачдийн шарилыг эмчилгээндээ түлхүү ашиглах болж ирсэн байна.
 
  Герман-Швейцарь гаралтай эмч Парацелсус хүний цогцос хөндөх талаараа тун алдаршиж, улмаар тухайн нийгмийнхээ дээд зиндаанд хүртэл нэр алдар нь түгэж аж. Түүнээс гадна түүхэнд домог болон үлдсэн нэг зүйл бол яахын аргагүй Британийн эзэн хаан II Карлаас хүний уураг тархийг шингэрүүлэхэд ашиглах жорыг 6000 паундаар худалдан авсан явдал гэдэг. Үүний дүнд гарган авсан нэрмэл нь анагаахын түүхэнд “Эзэн хааны дусаалга” хэмээн алдаршиж үлдсэн агаад эзэн хаан түүнээсээ бараг өдөр тутам хүртдэг байжээ.
 
  Язгууртан ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд төдийгүй жирийн мөхөс ард иргэд хүртэл талийгаачдын цогцосны анагаах урьдас, ид шидэнд ааж­маар автан шүтэх болов. Америкийн антро­пологич, хүн судлаач Бет Конглин өөрийн тэмдэглэлдээ, татаж унадаг хүмүүс нэг гартаа аяга барин, амь хараахан тавиагүй татваганан буй цаазлуулагч, түүний биеэс нэлийн урсах цусыг чиглэн цаазын тавцан руу хэрхэн зүтгэж буйг Данид өөрийн нүдээр үзсэнээ дүрслэн бичсэн байдаг. Тэр үеийн эмчилгээнд хүний цуснаас гадна ихээхэн өргөн хэрэг­лэгдэж байсан зүйл бол хүний гавлын яс, тэр ч байтугай хүний цусыг тогтооход хэрэглэсэн хөвд хүртэл ордог байжээ.
 
  Үүнээс гадна хүний биеийн өөх тос нь хэрлэг, үе мөчний өвчин зовиурыг намдаах үйлчилгээтэй, цогцосны зөөлөн эдээр бэлтгэсэн нухаш битүү гэмтэлд тустай хэмээн үздэг байж. Түүнчлэн шашны зан үйлд ч хүний махыг ашигладаг байсан хэмээн Сюгг дурджээ.
 
  Судлаачид, энэ бүхэн хүний бие махбодид орших амьдралын эрч хүчтэй” холбоотой. Бүхий л амьд бие махбодь өөрийни гэсэн цаг хугацаатай. Ямар нэгэн махбодь ёс бусаар буюу зүй бусаар дээрх цаг хугацаанаасаа өмнө ертөнцөөс халин одвол түүнд үлдсэн цаг хугацааг үргэлжлүүлэн эдэлж болно гэж үздэг. Тиймээс цаазлагдсан хүмүүсийг ямагт илүүд үзэж, түлхүү сонгодог байсан ажээ.
 
  Харин энэхүү дүгнэлт үнэнд үргэлж нийцэж байсангүй. Тухайлбал, 1492 онд хамба лам VIII Инноценц амьсгал хураахад эмч нар нь гурван эрэгтэй хүүхдийн цусыг ханаж, хамба ламтанд уулгасан хэдий ч тусыг эс олсон төдийгүй гурван хүү ч хорвоог түүнтэй хамтдаа орхисон гашуун түүх байдаг гэнэ.
 
  Энэ бүхэн эцсийн дүндээ юуг өгүүлнэ вэ? Энэ бүхэн үнэхээр хүний махыг ердөө л хүнс хоолонд хэрэглэсэн (каннибализм) явдал байв уу?
 
  Судлаач Ричард Сюгг уг асуул­тад ямар ч эргэлзээгүйгээр “тийм” хэмээн хариулдаг. Шинэ Ертөнцийн махан хүнсчдийн нэгэн адил европ­чуудын тухайд ч мөн нэгэн адил эцсийн дүндээ “хүний маханд нуугдах амьдралын ид шид,увьдасын эрч хүчийг” олж хүртэх гэсэн хэрэг юм. Антропологич Бет Конглин үүнийг бүр гүнзгийрүүлэн судалж, тэмдэглэхдээ, “Хүний мах, эд эрх­тэнийг хэрэглэх явдал Европ тивд тун түгээмэл хэлбэртэй явж ирсэн. Бусад тивд махыг нь идэж буй хүн махаа идүүлж буй хүнтэйгээ ямагт ямар нэгэн сувгаар холбоотой байдаг бол харин Европт дэлгэрсэн хүний махны хэрэглээ онцгой содон гаж хэлбэртэй. Тэд худалдаж, худалдан авдаг таваар болгосон” гэжээ.
 
  XVIII зууны эцсээс энэхүү аймшигт эрин азаар үеэ өнгөрөөж, “гавлын нунтагласан яс”, ”хүний нунтагласан зүрх” зэрэг элдэв жигшмээр гаж тун, жорууд эмийн сангуудаас үүрд арчигдсан байна.