АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн Бүгд найрамдах намаас төрж гарсан анхны ерөнхийлөгч, мөн бусдад хөнөөгдсөн анхны ерөнхийлөгч юм. Хойд Америкийн Холбоог удирдан Өмнөдийн эсрэг тулалдан ялж, боолчлолыг устгахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Чухам түүний удирдлагаар АНУ төвлөрсөн удирдлагатай орчин үеийн үйлдвэржсэн гүрэн болох замаа сонгож, 20-р зууны дэлхийн тэргүүлэх гүрэн болох сууриа тавьжээ.
 
Авраам Линкольн нь 1809 оны 2-р сарын 12-нд Кэнтуккийн Ходгэнвилл тосгонд фермер Томас Линкольн болон түүний эхнэр Нэнсийн хүү болон мэндлэв. Тэдний өвөг дээдэс Уэлсээс цагаачилж ирсэн байжээ. Хэдийгээр нилээд төрөл төрөгсөд нь боолын эзэд байсан ч гэсэн аав нь Бафтист үзэлтэй тул боолчлолыг хүлээн зөвшөөрдөггүй хүн байв. 19 хүртлээ эцэг эхтэйгээ байж, зэрлэг баруунтай хиллэсэн газрын хүнд хэцүү амьдралыг туулжээ. 1830 онд тэднийх Иллинойст нүүж ирсэнээс удалгүй Нью Салем хэмээх жижиг хотод өрх тусгаарлаж, худалдаачин, газар хэмжигч, шууданч, салчин зэрэг ажлууд хийж эхлэв. Хожим тэрээр би бүтэн нэг жил сургуульд суусан удаа байхгүй гэж дурсдаг байсан бөгөөд өөрөө бие даан боловсрол олж авсан хүн юм. 1
 
832 онд Саук индиануудтай хийсэн дайнд сайн дураараа оролцож ахмад цол хүртсэн байна. Мөн Нью Салемд уран илтгэгч гэдгээ нотолсон болохоор Иллинойсын төлөөлөгчдийн хуралд нэрээ дэвшүүлэв. Виг (либериал үзэл баримтлалтай нам байжээ) намаас нэр дэвшиж эхний удаад ялагдсан боловч 1834 онд ялж 1842 он хүртэл улиран сонгогджээ. Шударга Абэ хоч авсан тэрээр тун хурдан нэрд гарч санхүүгийн хороог толгойлох болж 27 насандаа сөрөг хүчний Виг намын даргаар сонгогдов. 1837 оноос эхлэн боолчлолыг эсэргүүцэн олны өмнө гарч эхлэв. Улс төрд орсон үеэсээ эрх зүйг бие даан хичээнгүйлэн судалж улмаар 1836 онд Иллинойсын өмгөөлөгчдийн танхимын гишүүн болж, өмгөөлөгч Жон Стюардтай хамтран өмгөөлөгчийн газраа нээсэн байна.
 
Линкольн тун даруухан амьдардаг байсан тул түүнийг Мари Тоддтой 1842 онд гэрлэхийг баян газар эзэмшигч боолын эзэд болох хадмуудынх нь зүгээс эсэргүүцэлтэй тулж байжээ. Тэд дөрвөн хүү төрүүлсэн боловч гурав нь багадаа эндсэн ба одоо Линкольний удам гэж үлдсэнгүй. Хуримаа хийсний дараа Иллинойсийн парламентаас гарч өмгөөлөгчийн ажилдаа илүү анхаарах болсноор аж амьдрал нь дээшилж ирэв. Виг намын голлох удирдагчийн хувьд 1946 онд төлөөлөгчдийн танхимд сонгогдов. Гэр бүл нь Спрингфелдэд үлдсэн тул улсын нийслэлд ажиллах нь түүний сонирхлыг нэг их татсангүй, ерөнхийлөгчөөс түүнд өөр муж улсын захирагчаар ажиллах санал тавьсан боловч тэрээр 1849 онд Спрингфелддээ буцаж ирэв. АНУ-ын хойд өмнөд хэсгийнхэний нийгэм, эдийн засаг, соёлын ихээхэн ялгаатай байсан юм. Хэдийгээр хүн ам багатай боловч иргэний дайнаас өмнө өмнөдийн баян газрын эзэд нийгэмд тэргүүлэх үүрэгтэй байдаг байв. Ихэнхи ерөнхийлөгчид эндээс сонгогдож, саналын эрхгүй хар боолуудын тавны гурвыг нь хүн амын тоонд оруулж тооцдогоос өмнөдийнхөний санал хойдуудаас илүү жин дардаг байв.
 
19-р зууны эхээр Хойд нутгийн үйлдвэржилт болон хүн амын өсөлтөөс шалтгаалан улам улмаар хойдуудын эдийн засгийн нөлөө өсөх болжээ. Эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилдөөний улмаас хойд өмнөд улсуудын эрх ашиг улам л холдох болов. Хөдөө аж ахуйн түүхий эд экспортлогч Өмнөдийнхөн чөлөөт худалдааг шаардаж байхад өөрийн дөнгөж үүсч буй үйлдвэрүүдээ Английн хямд бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд импортын гааль өндөр тогтоох сонирхол Өрнөдийнхөнд байв. Өөрийн нутаг дэвсгэртээ боолчлолыг хадгалах зэргээр аль болох муж улсуудын биеэ даасан байдлыг хадгалах бодлого Өмнөдөд илүү нөлөөтэй Ардчилсан намынхан барьж байхад Линкольний Виг (хожмоо бүгд найрамдахчууд ч мөн адил) нам Вашингтоноор төвлөрсөн хүчтэй төв засаг, чөлөөт хөдөлмөрийг эрхэм болгож байлаа.
 
Чөлөөт болон боолчлолын талыг баримтлагсад аль аль нь сенатад цөөнх болохгүйн тулд бүх аргаа хэрэглэцгээж байв. Хоёр тал 1820 онд Миссурийн тохиролцоонд хүрч хойд өргөрөгийн Mason-Dixon- шугам буюу 36°30’–аас хойш Миссурийгаас бусад бүх шинэ улсуудад боолчлолыг хориглохоор болжээ. 1854 онд гарсан Kansas-Nebraska хуулиар уг шугамаас хойгуур орших дээрхи хоёр муж улсыг боолчлолын асуудлыг өөрсдөө шийдэхээр болгосон нь ихээхэн зөрчилдөөн бий болгож Иргэний дайны өмнөх бяцхан иргэний дайн дэгдэхэд хүрчээ. Энэхүү маргаанаас Виг намынхан дотроо хагарч Линкольн гишүүдийн олонхийн хамтаар бусад өөр намуудтай нийлэн бүгд найрамдах нам байгуулав.
 
Линкольн нь АНУ-ыг байгуулагдаж үндсэн хуулиа батлахаас өмнө боолчлол байсан муж улсуудад оршин байхыг нь АНУ-ыг үндэслэн байгуулагчид хүлээн зөвшөөрсөн гэж үзээд харин шинээр байгуулагдсан улсуудад тархаах нь үндсэн хууль болон Америкийн хувьсгалын зарчимд харшилна гэж үздэг байв. Өмнөдөөс гаралтай олон улс төрчид үүний дотор Георг Вашингтон, Томас Жэффэрсон зэрэг өөрсдөө боолын эзэд байсан ерөнхийлөгчид боолчлолыг хүлээн зөвшөөрдөг байжээ. Kansas-Nebraska хууль нь боолчлолыг дэмжигчдийн зүгээс даварсан үйлдэл боллоо гэж үзээд Линкольн дахин улс төрд орж ирэхээр шийдэв. 1855 онд анхны оролдлогоороо чадсангүй харин гурван жилийн дараа ардчилсан намын удирдагч Стефэн Дугластай тэмцээд бас л ялагдав. Уран илтгэгч гэж алдаршсан Дугластай долоон удаа халз мэтгэлзсэн нь түүний нэр төрийг өргөж бүгд найрамдахчуудаас дараагийн ерөнхийлөгчийн өрсөлдөөнд орох хүний нэг гэж хэлэлцэгдэж болжээ. Ялангуяа „хуваагдмал байшингийн“ тухай илтгэл нь ихээхэн алдаршив.
 
1859 онд Хойд муж улсуудаар явж илтгэл тавин иргэд, намын нөхдөдөө өөрийгөө таниулан өөрийн үзэл баримтлалаа танилцуулж явав. Чикагод болсон нэр дэвшүүлэх хурал дээр хүчтэй өрсөлдөгчдөө ялж хожмоо энэхүү өрсөлдөгчдөө өөрийн засгийн газарт урьж ажиллуулан нам доторхи бүлэглэлүүдийг эсрэг тэсрэг тэмцэлдэх бус харин хамтран ажиллуулах болгожээ. Цагаан ордны төлөөх тэмцэлдээ түүний уран илтгэгчийн авьяас ихээхэн хэрэг болсон бөгөөд түүний энэ кампанит ажилдаа ашиглаж байсан „Линкольн ба эрх чөлөө“ дуу одоо ч дуулагдсаар, хэлсэн оновчтой үгнүүд нь одоо ч дурсагдсаар... „Шударгаар зохицуулагдаагүй л бол зохицуулагдаагүй гэсэн үг“, „Өнөөдрийн сонгуулийн амлалт бол маргаашийн татвар юм шүү“ „Бусдад эрх чөлөөг олгохыг хүсэхгүй байгаа нэгэн өөрөө эрх чөлөөг эдлэх ёсгүй“. Ерөнхийлөгчийн тэмцэлд ялах нөхцлөө бүр хоёр жилийн өмнө Стефан Дугластай мэтгэлзэж байхдаа түүнийг боолчлолын асуудлаар үзэл бодлоо хэлтэл нь буланд шахаж чадсанаар тавьчихсан байлаа.
 
Ардчилсан намынхан мөн л хуваагдаж Дугласын эсрэг боолчлолыг сурталчлагч Кентуккийн Жон Ц.Брэкинриджийг дэвшүүлж ардчилсан намын энэ хоёр нийлээд 2,2 сонгогчийн санал авч, Виг намын нэр дэвшигч 0,6 сая сонгогчийн санал авсан бол Линкольн 1,9 сая сонгогчийн санал авснаар хамгийн их санал авсан нэр дэвшигч болжээ. Өмнөдийн нэг ч сонгуулийн тойрогт ялалт байгуулаагүйгээр барахгүй зарим тойргийн нэр дэвшигчийн хуудсанд нэрийг нь ч оруулаагүй байна. Хойд нутгийнханы бараг бүх төлөөлөн сонгогчдын саналыг авснаар 59%-ийн санал авч ялалт байгуулжээ. АНУ-ын нэгдлийг хангахын тулд иргэний дайн хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн түүний хувьд дайнд ялж гарах, Хойдуудын тэмцэх зориг эрмэлзлийг хадгалж байх, Өмнөдийнхөний талд Европын гүрнүүдийг оруулахгүй байх, мөргөлдөөний гол шалтгаан болсон боолчлолыг бүрэн халах гэсэн гол 4 зорилтууд байлаа. Боолчлолыг шүүмжлэгч хойд нутгийнханаас үргэлж болгоомжилж ирсэн Өмнөдийнхөнд Линкольн ерөнхийлөгч болсон нь бүр 1850-аад оноос эхэлсэн салан тусгаарлах бодлоо хэрэгжүүлэх шалтаг болж өгөв.
 
1860 оны 12-р сарын хоринд Өмнөд Каролина эхлэн тусгаар тогтнолоо зарлан залгуулаад Флорида, Жорж, Алабама, Луйзанна, Миссипи, Техас муж улсууд холбооноос гарав. 1861 оны 2-р сарын 8-нд Өмнөдийнхөн ерөнхийлөгчөөрөө Линкольний адил Кентуккээс гаралтай Жэфферсон Дэвисийг сонголоо. Ерөнхийлөгч Жэймс Буханан шийдвэртэй алхам хийсэнгүй. 3-р сарын 4-нд тангараг өргөхдөө шууд хүч хэрэглэхгүй гээд харин тангараг өргөсөн ерөнхийлөгчийн хувьд Өмнөдийнхөнийг салан тусгаарлахыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдэв. 4-р сарын 12-нд өмнөдийнхөн Порт Самтерт байсан гарнизон руу довтолсноор иргэний дайн эхэллээ. Дайн эхлэхэд АНУ-д 16000 цэрэг байсны нилээд нь баруун талын Индиануудын нутагт байлаа. 4-р сарын 15-нд яаралтай 75000 цэрэг цагдааг 90 хоногийн хугацаатай татаж босогчдын эсрэг хөдөлгөв.
 
Мөн Өмнөдийнхөний далайн боомтуудыг бүслэн хааж армиа 174000 болгон өргөжүүлэх болжээ. Конгресс зун хуралдахаар завсарласан байсан тул армиа өргөжүүлэх болон бусад арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлсэн бөгөөд хожим конгресс энэ онц байдлын хуулиудыг нь баталгаажуулсан билээ. Урт удаан хугацааны дайныг гурван сар хожмоо 9 сар алба хаах болгосон сайн дурын түр цэргээр ялахгүй нь ойлгомжтой болсон тул 1863 онд бүх нийтийн цэрэг татлагын хууль гаргав. Сумангийн даргаас дээш цэргийн алба хашиж яваагүй Линкольн өөрийн бүтэлгүй генералуудаас болоод дайн сунжраад байгааг сайн ойлгож байсан тул цэргийн хэргийг судалж эхлэв.
 
Боолчлолыг халах эсэх нь энэ дайны гол шалтгаан бус харин нэгдсэн Америк улс оршин байх эсэх нь гол шалтгаан болж байлаа. Зөвхөн боолуудыг чөлөөлөхийн төлөө тийм ч олон хүн дайнд оролцохгүй байх байсан биз. Боолчлолыг халах нь Өмнөдийнхөнд цэрэг, эдийн засгийн том цохилт болох байсан тул 1863 оны 1-р сарын нэгэнд зарлан тунхаглав. Боолчлолтой боловч дуулгавартай байгаа улсуудын эсэргүүцэлтэй тулгарахгүйн тулд тунхаглал зөвхөн бослого гаргасан улсуудад хамаатай гэж зарлагдсан бөгөөд хэдийгээр эрх ашиг нь Өмнөдийнхөнтэй холбогдсон байсан боловч Англи, Францууд ёс зүйн хувьд Өмнөдийнхөнийг өмгөөлөх аргагүй болсон байна. Боолчлолыг 1865 онд л жинхэнээр нь халсан юм.
 
Дайнд ялагдсанаа ойлгосон Өмнөдийнхөн түүнийг сунжруулж, шинээр сонгогдох ерөнхийлөгчтэй тохиролцох тактик барих болов. Дайнаас залхсан сонгогчид дайныг зогсоох магадлалтай бүх цэргийн командлагч байсан ардчилсан намын Мкклелланыг сонгох магадлал маш өндөр байсан ба Линкольн ч өөрөө 1864 оны 8-р сарын 24-нд „Энэ засгийн газар дахин сонгогдох боломж тун хомс боллоо“ хэмээн бичиж байв. 1864 оны 9-р сарын 2-нд бослого гаргасан Жорж муж улсын нийслэл Атлантаг эзэлж дайн дуусах шинжтэй болсон нь байдлыг өөрөөр эргүүлэв. Бүгд найрамдахчууд ардчилсан намынхныг урвагч хэмээн цоллож, „гарман дээр морио солихгүй байхыг“ сонгогчиддоо уриалж байв. 11-р сарын 8-нд сонгогчдын 58%-ийн санал, харин төлөөлөн сонгогч 233 хүний 212 санал авч гайхалтай ялалт байгуулан дахин сонгогдов. Сүүлийн 32 жилд ахин сонгогдсон ерөнхийлөгч гараагүй ажээ. Түүнийг дахин сонгогдсонд баяр хүргэж Олон улсын ажилчдын холбооны төв зөвлөлөөс К.Маркс тэргүүтэй нөхөд захиа илгээж байжээ. Ялангуяа цэргүүдийн гуравны хоёр нь түүнийг дэмжсэн нь түүнд асар их чухал байлаа. Боолчлолыг халах үндсэн хуулийн 13-р нэмэлтийг сенат, конгрессоор батлуулж чадав. Өмнөд улсуудыг буцаан холбоонд оруулах болзлыг тун хөнгөлөлтэй нөхцөл тогтоож өглөө. Өмнөдийн армиуд дараалан бууж өгч эхлэхэд ялалт тун ойртов. Харамсалтай нь Өмнөдийнхөнийг улайран дэмжигч жүжигчин Жон Вилкес Боот Вашингтоны Форд театрт байхад нь түүнийг буудаж, хүнд шархтсан ерөнхийлөгч маргааш нь 4-р сарын 15-нд нас барав. Хуйвалдагчид бусад өөр сайдуудыг алахаар төлөвлөсөн байсан болов ч амжилгүй баригдаж цаазлуулцгаасан байна. 5-р сарын 5-нд түүний төрөлх хот Спрингфельдийн оршуулгын газар түүнийг оршуулжээ.
 
6-р сарын 23-нд сүүлчийн босогчдын бүлэг буун өгч, түүний захиас болох үндсэн хуулийн 13-р өөрчлөлтийг бүх муж улсууд баталснаар 1865 оны 12-р сарын 18-нд хүчин төгөлдөр болжээ. Линкольнийг цагаан арьстнууд Америкийн холбоог аврагч гэж үзэж байхад негрүүд боолчлолоос аврагч гэж үздэг. Испанийн иргэний дайнд генерал Франкогийн эсрэг тэмцэлд сайн дураараа оролцсон америкчууд Авраам Линкольн Бригад байгуулан тэмцэж явсан. Линкольн нэртэй олон хот АНУ-д бий. Цэргийн усан онгоцнууд түүний нэрийг тээж явдаг, Түүний амьдарч байсан байшин одоо тусгай хамгаалалтанд байдаг ба таван доллар, нэгтийн зоосон дээр түүний хөрөг байдаг. Линкольн ба Вашингтон ерөнхийлөгчдийг хүндэтгэн ерөнхийлөгчийн өдрийг бий болгожээ. Өмнөд Дакотын Рашмор ууланд америкийн алдартай 4 ерөнхийлөгчийн хөргийг хаданд сийлсэн байдгийн нэг нь Линкольний дүр юм. 1889 онд Линкольний номын сан нээгджээ. Вашингтоны Потомак голын эрэгт Линкольний хөшөө бүхий дурсгалын газар байдаг. Алдарт Мартин Лютер 1963 онд „миний мөрөөдөл“ алдарт үгээ энд хэлсэн юм. Түүний төрсний хоёр зуун жилийн ойгоор АНУ-ын анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөжээ.